
Казахстан улсад есдүгээр сарын 19-нд болох “Нур-Султан-2019” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн 20 гаруй тамирчин, дасгалжуулагчийнхаа хамтаар өнөөдөр эх орноосоо мордлоо.
Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байсан Э.Сумъяа энэ багт багтлаа. Чөлөөт бөхийн холбоо 2020 оны Токиогийн олимпт 53 кг-ын жинд өрсөлдөх эрх авах хариуцлагатай үүргийг энэхүү тэмцээнээр ногдуулж буй.
Хэдийгээр энэ жинд энэ тэмцээнд М.Пүрэвтунгалаг өрсөлдөх эрхийг авсан ч эрүүл мэндийн шалтгаанаар эрх Э.Сумьяад шилжсэн юм. Монголын чөлөөт бөхийн холбоо шийдвэрийг гаргахдаа М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзэхийн зэрэгцээ хооронд нь барилдуулахад тооны харьцаа 30:0 гарч Э.Сумъяа цэвэр ялсан байдаг.
Ийнхүү МЧБХ дуулиан дэгдээсэн шийдвэртээ үнэнч үлдэж, Э.Сумьяа ДАШТ-нд мордлоо.