
ХУД-ийн IV хороонд дахин төлөвлөлт хийх тендерт “Андын зам констракшн” ХХК 2021 онд шалгарчээ. Тус компани 660 айлын газрыг чөлөөлж, гэрээ хийх төсөлд шалгарч үйл ажиллагаа эхлүүлжээ. Гэвч өнөөг хүртэл газраа чөлөөлж өгсөн айлууд хохирч, түрээсийн байр, хамаатан саднаараа амьдарч яваа талаар иргэн … бидэнд хандсан юм. Хохирогч иргэнтэй товчхон ярилцлаа.
-Та яагаад хэвлэлд хандах болсон талаараа мэдээлэл өгөөч?
-2021 оны 3 дугаар сард манайх газраа чөлөөлж, байшингаа өөрсдөө нурааж өгөөд гэрээ хийсэн. Ингэхдээ хоёр өрөө бартерийн нөхцөлөөр гэрээ хийсэн. Тэр хүртэлх түрээслэх мөнгөө тухайн компаниас олгож, бартераасаа хасуулахаар тохирсон. Ингэхдээ түрээсийн мөнгийг 500 мянгаар тооцсон. Гэвч 2023 оны нэгдүгээр улиралд оруулна гэсэн ч өнөөг хүртэл байрандаа ороогүй, 500 мянгаа эхлээд өгч байснаа сүүлдээ өгөхөө болиод хямд түрээс, айл хунар дамжаад явж байна. 500 мянган төгрөгөөр түрээсэлдэг байр одоо хаанаас ч олдохгүй шүү дээ.
-Одоо тухайн компани гэрээлэгч нартаа ямар мэдээлэл өгч байгаа вэ?
-Ерөөсөө ажиглаад байхад хэл ам хийсэн хүмүүс нь энэ компанийн барьсан “Зэндмэн-Эрдэнэ” гээд хотхон руу орчхоод байгаа юм билээ. Гэхдээ гэрчилгээ нь гараагүй, цахилгаан, халаалт нь асуудалтай байна гэж оршин суугчдын групп дээрээ бичдэг юм билээ. Тэгээд манайх шиг үнэнчээр байшин хашаагаа буулгаад өгчихсөн, өөрсдийн нь аясаар яваад байгаа айлууд үлдчихсэн. Одоо болохоор 2025 оны 5, 6 сард улсын комисс хүлээгээд авчихна гэж байгаа. Итгэл бол алдарсан. Гэрээгээ шинэчлэхгүй юмуу гэхээр хамаагүй гэж хэлдэг. Одоо хохирч буй иргэд ганц нэгээрээ л дуугарч байгаа. 100 гаруй сая төгрөг түрээсэнд өгөөд өрөнд орчихсон айл ч байгаа. Бүр аргаа бараад ярихаар манай чөлөөлсөн газарт гэр бариад амьдар гэж хэлдэг гэсэн.
-Цаашдаа яая гэж бодож байна вэ?
-Энэ мэтээр улсаас тендер төсөл авчхаад иргэдийг хохироодог компаниудыг төр засаг нь олж харж, арга хэмжээ авмаар байна. Улс орноо хөгжүүлж, утаанаас салгана гэчхээд ард нь иргэд хохирдог баймааргүй байна. Манай гэр бүл хохирлоо барагдуулах гэж хороо, дүүргээр зөндөө явлаа, судаллаа. Тухайн үед хорооны засаг дарга байсан Ганхуяг гэж хүн одоо ХУД-ийн Соёлын төвийн дарга болчхож. Зохион байгуулагч хийж байсан хүн нь хорооны засаг дарга болсон байна. Яг ингээд яваад үзэхээр энэ дарга нар чинь хоорондоо бүгдээрээ холбоо хамааралтай. Тийм учраас иргэдийн эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэй өөрсдийнхөө эрх ашиг, алдар нэрийг бодоод нэг нэгнээ хамгаалаад суучихдаг юм байна.
Нэг хохирогч эмэгтэй бичлэг байгаа. Та нар хайгаад үзээрэй. Тэр хүн “Ногоогоо тариад, боорцгоо хайраад идчихдэг байсан орчноо чөлөөлж өгөөд 100 сая төгрөгийн өрөнд орсон. Гэр бүлээрээ хямраад өсвөр насны хүүхэд маань судсаа ханах оролдлого хийсэн. Аргаа бараад техникийн давхарт орий гээд гуйхаар эрсдэл гарвал бид хариуцахгүй гэдэг” гээд ярьж байгаа. Бас иргэд хэл ам хийхээр биднийг татгалзуулж болно гэж хэлдэг гэсэн. Тэд нар татгалзаж болдог юм байж, бид нар яах вэ. Хохирч байгаа иргэд нь хэл ам хийхээр бүр юу ч үгүй болох байх гээд айчихдаг юм билээ.
-Өөр танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Хангалттай хүлээлээ. Одоо цаашид үнэхээр тэсэхгүй. Иргэдийг төлөөлж гарч ирчхээд, өөрсдийн эрх ашгаа боддог дарга нарын холбоо хамаарал биднийг хохироход нөлөөлж байгаа. Хүрээний бузрыг яривал далай, далай гэж үг бий. Тэгэхээр цаашдаа хохирсон иргэд нэгдээд иргэдээ төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чадахгүй байгаа дарга, төлөөлөгч нарын талаар хэвлэлийн хурал хийх бодолтой байгаа.
Иргэн ингэж ярилаа.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Яармаг орчмын “Е” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Андын зам констракшн” ХХК шалгарч 39.9 га, 750 нэгж талбар бүхий газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөлд шалгарсан. Өөрөөр хэлбэл 3547 айлын орон сууц, 500 айлын түрээсийн орон сууц, 1500 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль, 540 хүүхдийн ортой цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Улмаар “Андын зам констракшн” компани нь 75 нэгж талбарыг чөлөөлж, зургаан блок барилгын суурин ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаас гурван нэгж талбарын чөлөөлөлтийг хийж, 1А блокийн 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан гэх мэдээлэл байна.