
Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, алдагдалгүй төсвийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ.
Засгийн газар төсвийн төслийг хоёр дахиа өргөн мэдүүлэхдээ 2025 оны эдийн засгийн төлөвийг ийн тооцоолсон байна.
ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН
Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь байхаар төсөөлж байна. Үүнд, Оюутолгойн гүний уурхайгаас олборлох зэсийн баяжмалын үйлдвэрлэл болон баяжмал дахь зэс, алтны агуулга нэмэгдсэнээр уул уурхайн салбар 2025 оны эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж, экспортын орлого нэмэгдэн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Мөн сүүлийн 2 жил дараалан агшсан хөдөө аж ахуйн салбар сэргэж, мал аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдсэнээр хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын өсөлт нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн, эдийн засгийн дотоод идэвх болон уул уурхайн салбарын өсөлт хадгалагдаж, хөрш орнуудтай хийх чөлөөт худалдааны хэлэлцээр гадаад эрэлтийг тэлснээр боловсруулах салбарын өсөлт тэлж,эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр барилгын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт тэлснээр барилга, боловсруулах, санхүү, худалдааны салбарын үйл ажиллагааны идэвхийг дэмжиж, нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
ГАДААД ХУДАЛДАА
Гадаад худалдаа эрчимжиж, 2025 онд нийт бараа эргэлт 32.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.3 тэрбум ам долларын ашигтай гарахаар төсөөлж байна. Оюутолгойн зэсийн баяжмал дахь цэвэр зэс, алтны агуулга нэмэгдэж, Тавантолгойн бүлэг ордын нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний экспортод эзлэх чанар сайтай баяжуулсан нүүрсний хэмжээ нэмэгдэхээр байна. Түүнчлэн Монгол УлсынЗасгийн газраас экспортын зах зээлийг өргөжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг нэмэгдүүлж, ачаа нэвтрүүлэх процессыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нийт экспортын дүн 2025 онд 18.9 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж, үйлдвэрлэлийн завсрын хэрэглээнд ашиглагдах бүтээгдэхүүний импорт нэмэгдэнэ. Мөн эдийн засгийг тэлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, шинээр том төсөл эхлүүлснээр тоног төхөөрөмж, барилгын материалын импорт өснө. Ингэснээр 2025 онд нийт импорт 13.6 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлж байна. Мөн бараа, бүтээгдэхүүнийг импортлохтой холбоотой бүртгэлийг автоматжуулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өргөжүүлж, нэг боомт дээр төвлөрсөн ачааллыг бууруулснаар импортын барааны эргэлтийн хурд нэмэгдэхээр хүлээгдэж байна.
ИНФЛЯЦ
Инфляц 2025 онд 7.2 хувь орчимд байхаар төсөөлж байна. Түүнчлэн эрчим хүчний найдвартай байдал, хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн боломжит хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд эрчим хүчний салбарын либералчлалыг эхлүүлсэн нөлөөгөөр 2025 онд инфляц бага зэрэг өсөж, суурь үеийн нөлөө 1 жил хадгалагдахаар байна. Дотоодын хүнсний инфляцыг бууруулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифаас чөлөөлөн, үйлдвэрлэл, технологийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дотоодын хүнсний нийлүүлэлт, худалдааны сүлжээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд ирэх оны нэгдсэн төсвийг алдагдалгүй байлгах зорилгоор төсвийн урсгал зардлыг 726.0 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 838.7 тэрбум төгрөг, гадаад зээлийн ашиглалтыг 666.6 тэрбум төгрөг, нийт зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахаар төсвийн төсөлд тусгасан. Тус өөрчлөлттэй холбогдуулан хүчингүй болсон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд туссан нийт орлогыг 394.8 тэрбум төгрөг бууруулж, 36.4 их наяд төгрөгт хүрэхээр тооцлоо.