
1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө.
Эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.
Номын санг барихад хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хэвшил, Үндэсний номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.