Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэллээ.
Энэ үеэр компаниудын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, нээлттэй компани болсноор үүсэх давуу тал ач холбогдол болон IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаар цогц мэдээллийг өгсөн юм. Цаашид буюу тавдугаар сарын 14-ны өдрийг хүртэл уг арга хэмжээг долоо хоног бүр тогтмол зохион байгуулах тул сонирхсон компаниуд олон нийтийн компани болох, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн татах талаарх холбогдох мэдээллийг авах боломжтой.
Тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл долоо хоног бүрийн мягмар гарагт 10-12 цагийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны өргөтгөлийн 3 давхар, “Санхүүгийн хүртээмж танхим”-д уг үйлчилгээг авах боломжтой.