
Ц.Сарантуяа гуай жил бүрийн хаврын тэргүүн сард тухайн гарч буй жилийн онцлогтой уялдуулан ард иргэддээ зөвлөмж ярилцлага өгдөг. Төмөр хулгана жил тэрбээр газар лус хийгээд хүний амьдралын уялдаа холбоо, лустай хэрхэн зөв харьцаж эрсдэл аюулаас сэрэмжилж амьдрах талаар зөвлөж байна.
– Та төмөр хулгана жилийн ерөнхий төлөв аясыг хэлж өгөөч?
– 17 дугаар жарны төмөр хулгана жил нялхаст ээлтэй, өвгөд хөгшид, дээд суудалтанд дунд зэрэг, залууст ширүүн байна гэж зурхайд зурагдсан байгаа. Би хувьдаа төр засаг түмэн олноо энхрийлсэн, хууль цаазаа дээдэлсэн, тэмцэл бужигнаангүй, газар хөлбөрч гал, ус гарах зовлонгүй үгүйрч хоосорч эвдэрч самуурахын нигуургүй сайхан жил болоосой гэж залбирч сууна. Монголчууд эрт дээр үеэсээ хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээж ирсэн шүү дээ.
-Та жил бүр тухайн цаг үед тохирсон мессэжийг ард түмэндээ зорин ирж өгдөг. Энэ жилийн тухайд…?
– Энэ хулгана жилд ард түмэн лусад анхаарлаа хандуулж зөв сайн үйлийг хийхгүй бол үнэхээр хэцүү зүйл болоод байна. Лусын хорлолд өртөхөд хүн өвдөж зовж, амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Хамгийн харамсалтай нь тэр бүр лусын хорлолд өртсөнөө мэддэггүй. Тэр ч бүү хэл лустай яаж харьцах тухай боддог ч үгүй. Гэтэл үнэн хэрэг дээрээ газар лустай буруу харьцсанаас хүний амьдралд гай зовлон тохиодог. Өнөөдөр хүмүүс байгалийн хуулийг зөрчиж, зүй тогтлыг нь аймшигтайгаар алдагдуулж санаатай болон санаандгүйгээр байгаль орчныг сүйтгэж бохирдуулж байгаа учраас лус ихээр хилэгнэж хорлож байна.
-Тэгэхээр хүн лус хилэгнүүлснээ хэрхэн мэдэх вэ?
– Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол арьсны өвчин. Элдэв загатнаа, төрөл бүрийн яр шарх гардаг. Их догшин лус хүний амь насанд шууд хүрэх тохиолдол ч бий. Ард түмэн лусын адын хорлолоор мэдлэг нь дутмаг учраас энэ бүхнийг анзаардаггүй. Лус савдагтаа харьцахдаа ч тэр мэддэг хэрнээ мэддэггүй юмшиг загнадаг. Бид өдөр болгон гэрээсээ элдэв хог, ялзарсан өмхийрсөн хоол ундны хаягдал, хир буртаг гаргаж хаядаг. Эдгээрийг хэдий чинээ их гаргана тэр чинээгээр лус догширч хүн хорлогдож байдаг. Хамгийн гол нь би энэ удаагийн яриагаар юу хэлэхийг зорьсон бэ гэхээр хүмүүс минь лус савдаг, байгаль дэлхийтай харьцахдаа ухаан зарцуулаач ээ. Нус цэр, шүлс ялгадас гээд энэ олон нүх сүвнээс гарч буй ялгадсаар хооллодог лус хүртэл байдаг. Тийм учраас мэдэх мэдэхгүй хавдар, арьсны өвчин шинжлэх ухаан талаас нь ярихад нян, бактериуд үржиж бий болж байна. Дээр үед намайг хүүхэд байхад хөгшчүүл нударга дотороо жижигхэн шил хийчихсэн үүндээ хамар амнаас гарч буй ялгадсаа хийгээд дараа нь булж хаядаг байсан. Хүн бүр нусны алчуур гэж жижигхэн алчууртай явдаг байсан. Монголчууд энэ мэтээр эрт дээр үеэсээ байгаль дэлхийг шүтэж дээдэлж хүндэлж харьцдаг хүмүүжил ухамсартай байсан юм. Харин энэ бүхэн сүүл сүүлдээ алдагдаж өнөөдөр хүмүүс өдөр тутам хийдэг буруу үйлдлээрээ өөрийн хувь тавиланг ээдрүүлж, элдэв өвчин, барцадад ээрэгдэн амьдарч байна.
-Энэ бүхнээс ангижрахын тулд яах ёстой вэ?
– Буянтай, дээдийн ном уншлага уншдаг, сахьсан сахиус, шүтсэн тэнгэртэй зөв сэтгэл, зөв зан үйлтэй хүн дээр сайхан бүхэн хурж, саар бүхэн тойрч явдаг жамтай. Өглөө босохоосоо эхлээд үдэш амрах хүртлээ зөв сайхан амьдарч явахад ерөөлтэй тавилан өөрөө тэгшрээд ирнэ. Зөв байна гэдэгт нус, шүлсээ гудамжинд ил задгай хаяхгүй байх, цэвэр нямбай ариг гамтай байж аль болох бага хог хаягдал гаргаж үүнийгээ зөв хаяж устгаж байхаас эхэлнэ. Зөв сайн хооллож, зөв сэтгэж, зөвийг ярьж, зөв амарч зөв сүсэглэж явах учиртай. Бидний өвөг дээдсээсээ уламжилж ирсэн нэг сайхан зан заншил бол хөх тэнгэр, газар дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж амьдрал ахуй үр хүүхэд хувь тавилангаа даатгадаг. Энэ мэт сайхан уламжлал зан заншилаа ерөөс хаяж гээж болохгүй. Нөгөө талаас эдийн шуналд автаж газараа ухаж лусыг догшруулж байна. Үүний хариуг лус ган гачиг, гандуу гарц муутай өвс ургамал, үер, зуд, аянга, мөндөр гэх мэт байгалийн аюулт үзэгдлээр хилэгнэж үйлийг нь хүн болон мал эдэлж байна. Лус савдагийг аргадаж хур бороо оруулах зан үйл хийхэд лус бидэнд тусладаг. Ууртай догшин лусад зориулж балин, лүд засал гүрмийг зөв хийх нь чухал байдаг. Өөрийгөө хамгаалах сахиусгүй хэн нэгнийг хамгийн түрүүнд хорлодог. Энэ замбуулингийн дөрвөн зүг найман зовхис дээш доошоо арван зүгт лусууд жил сар даган байршиж байдаг учир лусын идэвхжих унтах цаг гэж байдаг. Лусууд өвлийн сүүл сард унтана. Тэр үед лусын хорлол гарахгүй гэсэн ном бий. Бусад цагт бол байнга идэвхтэй оршиж байдаг гэдгийг ойлгож авах нь зүйтэй болов уу.
-Өөр танд нэмж хэлэх зүйл юу байна?
– Энэ жилийн хар нохойны ам нь жилийнх нь хойд зүгт, сарынх нь зүүн зүгт, өдрийнх нь баруун зүгт байрласан байна. Хар нохойны ам хаанаас юу ирнэ тэрийг шиншлээд авчих гээд хэвтэж байдаг. Тэгэхээр айл гэрийг бүтэн жилийн турш муу муухай бүхнээс хол, хүн малын гарзгүй байлгахын тулд амин золиг хийж хар нохойн ам руу бие төлөөлөгч болгон илгээдэг. Тийм учраас айл бүр амин золиг гаргуулж ах дүүсээрээ амар тайван амьдраарай. Мөн хүн төрөлхтнийг сорьж буй цар тахал өвчнийг уламжлал, зан заншил, шашин соёлоо дээдлэн хүн бүр хариуцлагатай ухамсартай байж эрсдэлгүй даван туулахыг хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.