
Завхан нутгийн Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган Ц.Сарантуяа. “Лус аргаддаг удган” гэгддэг тэрбээр сүсэгтэн олныг зөв арга замд хандуулсан зөвлөгөө яриа, аливаа муу бүхнээс сэргийлэх арга дом, засал үйлийн талаар мэдээлэл өгдөг. Арга дом зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн үзмэрч, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүн удган Ц.Сарантуяатай ирж буй могой жилийн өнгө, жилийн зурлага, суудлын заслын талаар ярилцлаа.
-17 дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн ерөнхий мэдээллийг та өгөөч?
-Шороон үхрийн зурлагаас харахад үхрийн толгой, шийр, ногт нь ногоон, бие ходоод нь улаан, эвэр, сүүл, чих нь хөх, туурай нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад сүүл нь баруун тийш шарвасан байдалтай байна. Үхэр хариулагч бургасан хөх барьж, хүч чадал багатай идэр залуу үхрийн өмнө яарсан шинжтэй гарч дүрслэгдсэн байна. Үүгээр шинжиж ажиглабал залууст дунд, дунд суудалтанд сайн, нялхаст болон олон түмэнд дунд, өвгөд хөгшдийг анхаар, дээд суудалтанд муу гэж шинжжээ. Мөн улс орны хөгжил дэвшил зогсонги байдалд орох, ард иргэдийн ажил үйлсэд бэрхшээл саад олонтой байх нь. Төр нь цаг үеэ мэдэрсэн зөв, хууль тогтоомжийг гаргаж чадсан нөхцөлд ард түмэндээ тустай байх нь. Ард иргэд эрүүл мэндээ анхаарах зүйл нь үе мөч, хүзүүний өвчнөөр өвдөх тул анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн газар лустай зөв харьцах, галын аюулаас байнга сэргийлэх нь зүйтэй байна. Хот суурин газарт галын аюул их буй тул анхаарууштай. Газар тариалан эрхлэгчид байгал цаг уурын алсын мэдээллийг маш сайн авч, хянуур няхуур байх нь ургац алдахаас сэргийлнэ. Жилийн эхээр цасан шуургатай, улирлын эхэнд салхи ихтэй, зун намрын улирал дунд, ган хуурай болж жилийн сүүлчээр салхи ихтэй байх төлөв бий. Эм хүн яаруу, эр хүн тайван, малд тааруу, хүнд ээлтэй жил болно хэмээн зурхай, цаг тооны ном сударт онцолсон байгаа.
-Та тухайн жилийн хар нохойны ам гэх мэдээллээр бас шинжээ хийдэг. Могой жилийн тухайд ямархуу байхнав?
-Могой жилийн хар нохойны ам жилийнх нь урд зүгт байх нь. Газар лусаа баярлуулж явбал хур бууж эмийн шим төгөлдөржинө, ус мөрөн арвижиж цэцэг жимс дэлгэрнэ, үхэр малын сүү арвижна. Залуус наадан бүжнэ. Хаад ноёд энэрхүйгээр улс орноо тэтгэнэ. Өргөл, өглөг хоёр арвижна. Ном төгөлдөртнүүд алдар нэрийг олно. Морь, үхэр сүрэг илүүтэй арвижна. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмой хэмээн буужээ.
-Могой жилд онцгойрон анхаарах жилтнүүд олон уу?
-Онцгойлон анхаарах зүйл нь, 13, 73, 25, 85, 37, 97, 49, 61-ний жил нь орж буй хүмүүс ихээхэн анхаарна. Жишээ нь, 13, 73-ны жил нь орж байгаа хүмүүс хүү махбодьтой жил бөгөөд бие хямрах гэмтэй тул анхаар. 25, 85 насны жил орж буй хүмүүс нөхөр махбодьтой жаргал зовлон ээлжлэн байх тул заслаа сайн хийлгээрэй. 37, 97-ны жил орж буй хүмүүс төрсөн жилийн дайсан махбодьтой бие болон эдийн гарлага гарах тул цэвэгмэдийн чого хуруулж, лусад усан балин өргөнө. 49 насных нь их жил бөгөөд хийморь доройтож гэмтэх тул жилийн заслаа сайн хийлгээрэй. Мөн 61 настнууд төрсөн жилийн махбодтой шулмын хөнөөл гарна гэж буусан тул Ширнэн уншуулна. Жил нь орж буй нийт хүмүүс оршуулга, хуримын ажилд цээрлэж, зайлшгүй үед цээр гаргах нь чухал.
-Өөр мэнгэ, суудлын заслууд гээд анхаарах зүйлс байгаа юу?
-Амин мэнгэ нь голлосон 1931, 1938, 1949, 1956, 1967, 1974, 1985, 1992, 2003, 2010, 2021 онд төрсөн хүмүүс Манал насны тоогоор уншуулж, Жанагагдаг уншуул, амин золиг гаргуулна.
Биеийн мэнгэ голлосон 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007, 2016, 2025 онд төрсөн хүмүүс Манал насны тоогоор уншуулж, Жанагагдаг уншуул, амин золиг гаргуулна.
Эрхтэн мэнгэ голлосон 1927, 1942, 1945, 1960, 1963, 1978, 1981, 1996, 1999, 2014, 2017 онд төрсөн хүмүүс Жанаггагдаг уншуулж, Намсрайн даллага авахуулж, Ямбийдогчир заслын 8 ном уншуулж, сүлд дуудуулж Нашиддүрсэмийн засал, амин золиг гаргуулна.
Хийморийн мэнгэ голлосон 1928, 1941, 1946, 1959, 1964, 1977, 1982, 1995, 2000, 2013, 2018 онд төрсөн хүмүүс Жанаггагдаг, заслын 8 ном уншуулж, хийморийн дарцаг хийсгэж бусад заслыг хийнэ.
Та хэвлэлд өгсөн ярилцлагууддаа лустай зөв харьцах тухай байнга хэлж иржээ. Их энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
– Хүмүүс уул, ус, байгаль дэлхийд таагүй хандвал лус хилэгнэнэ гэж ойлгодог. Гэтэл үнэндээ эр, эм хүмүүс гэртээ хэрүүл үүсгэхэд ч лус догширч барцад нүүрлэж байдгийг хөгшин залуугүй ойлгодоггүй. Бидний орон гэр, байр, орд харш өргөө, тулга тотго энэ бүгдэд лус байдаг. Иймд лусын буулттай өдөр гэр орондоо хиншүү гаргах, хэрүүл үүсгэх, үр хүүхдээ хараах нь лусыг догшруулж өвчин зовлонг дуудаж байдаг юм. Энэ мэтээр ойлгомжтой хэлэхгүй бол дээр, дооргүй л буруу ойлголттой явдаг, тэрнээсээ болж алдаж энддэг. Танд лус хилэгнэсэн байна гэхээр “ёстой тийм юм байхгүй, би ямар хөдөө гадаа явах биш” гэсэн хүмүүс олон байдаг юм. Бас дээр нь нэмж хэлэхэд ард түмэн минь шүлс, нусаа хаях газар нь хая гэж хэлмээр байна. Хүний энэ мэт ялгадсаар хооллодог лус ч гэж байдаг. Хаа хамаагүй ялгадсаа хаяад явбал энгийнээр тайлбарлахад халдварт өвчнөөс салахгүй гэсэн үг. Уул ус ухаж алт чулаа хайж яваад лусын өвчин тусдаг. Эмнэлэгт очдог, тэнд харшлын өвчин л гэж хэлнэ. Аман дээр нь байнга яр гараад эм, тосонд дарагдахгүй хүн сэвтээсэн газартаа зүрхнээсээ залбирч мөргөж нүглээ наминчлаад лусын ном болон усан балин өргүүлэхэд зүгээр болчихдог. Ийм л учиртай юм. Лус ганцхан өвлийн адаг үхэр сард л унтдаг байна. Бусад үед сэрүүн байдаг.
-Та олон мэдээллийг маш энгийнээр тайлбарлаж өгдөг. Өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Надад олон хүн ирдэг, ярьдаг. Дийлэнх нь хэл ам, хэрүүл тэмцлийн асуудалтай хандана. Хэрвээ хүнд бусдын хэл амнаас сэвтсэн шиг санагдаад цээрлээд байвал гэртээ очоод сүү буцалгаад уучих.За бүр айгаад байвал эсгий хайчлаад хаалганыхаа зүүн талынхаа хатавчинд хийчих. Муу юм танайд орохгүй. Бор давсыг гэр байшингаа тойруулаад дөрвөн буланд нь асгачих. Иймэрхүү энгийн заслууд нэг хэсэгтээ л гадны хэл ам, хэрүүл тэмцлийг хааж чаддаг. Хүн чинь сэтгэлээрээ сүсэг бишрэлээрээ амьдардаг амьтан. Тийм учраас ядаж л энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй.
-Танд баярлалаа. Хүмүүс ярилцлага гарахаар энэ хүнтэй яаж холбогдох вэ гэж асуудаг. Тантай яаж холбогдож болох вэ?
– 99913643 дугаарын утсаар холбогдоод ярьж болно.