
Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор ухдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг ба хамгийн таатай орчин нь хамар гэнэ. Найтаах болон ханиалгахдаа анхаарах ёстой юм байна. Мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардагаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж. Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрдэг байна. Менингококк халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлсэнээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлох өөрчлөлт тод илэрч гардаг тул цаг их алддаг гэнэ.
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээж байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг. Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан голчлон өвддөг ба манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг байна.