
2020 он УИХ-ын сонгуульд аль намаас хэн хэн нэр дэвшихийг урьдчилсан байдлаар ийнхүү прогнозлож байна. Хэвлэл мэдээллийнхэн болон судлаач ажиглагчид энэ жил хамгийн түрүүнд МАН, АН-ын нэр дэвшигчдийн таамгийг гаргаад байна.
Архангай аймаг. МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна.
Баян-Өлгий. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас АН-аас А.Бакей, Х.Ержан гэсэн нэр яригдаж байна.
Баянхонгор. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа.
Булган. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл, хуульч Б.Гүнбилэг нарын нэрс яригдаж байна. Харин Ардчилсан намаас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг өрнөж байгаа юм.
Говь-Алтай. МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвшихээр яригдаж байна. Харин Ардчилсан намаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.
Дорноговь, Говьсүмбэр. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд нэр дэвшихгүйгээр нам ялбал сайдын суудал горилох “сонирхолтой” байгаа гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас одоогоор яригдаж байгаа нэрс тодроогүй байна.
Дархан-Уул аймаг. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой. Харин Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай.
Дорнод аймаг. МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун, Ч.Улаан нарын хэн нь намынхаа даргаас илгээлт авахаас шалтгаалах юм. Харин Ардчилсан намаас П.Алтангэрэл нар өрсөлдөхөөр яригдаж байна. АПУ-ийн П.Батчимэгийг энэ удаад Дорнод, Хан-Уул дүүргийн аль нэгэнд нь дэвшиж магадгүй гэсэн яриа ч нам дотор нь гараад буй.
Дундговь аймаг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх. Харин Ардчилсан намаас мөнхийн “өрсөлдөгчгүй” Б.Наранхүү гишүүн өрсөлдөнө. Түүнээс гадна Н.Соёмбо гэх залуу өрсөлдөж магадгүй гэсэн бор шувуу бий.
Завхан аймаг. МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.
Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас хэн нэр дэвших нь бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй хамт Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ч тус аймагт нэр дэвшинэ гэх дам яриа ч гараад амжсан юм.
Өвөрхангай. Энэ удаад мандатын тоог нь дөрөв болгож нэмэгдүүлсэн. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй. Харин Ардчилсан намаас Ч.Даваабаяр, С.Дэмчиг нарын нэрс яригдаж байна.
Өмнөговь. МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй. Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дэвших болов уу гэсэн таамаг байгаа ч түүний хувьд энэ удаад сонгуульд оролцохгүй гэх яриа намынхан дунд нь бий.
Сүхбаатар. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Ч.Улааны хувьд энэ удаад өнжих болов уу гэсэн бор шувуу нам дотор нь бий. Харин Ерөнхий сайдтай хэн ч өрсөлдсөн “ялах” магадлал өндөр бий гэж ярилцаж байгаа гэнэ. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Батсуурь дахин хүч үзэх болов уу. Мөн М.Зоригт гишүүн ч өрсөлдөх магадлал өндөр юм.
Сэлэнгэ. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа. Одоогийн Засаг дарга Оргил нэр дэвших сонирхол өндөр байсан ч намынх нь залуу гишүүдийн “зохион байгуулснаар” хуулийн байгууллагаар шалгуулж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой байгаа.
Төв. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай. Гэвч зарим нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх талаар ярилцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй. Харин Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа сурагтай. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдын нэр ч яригдаж буй.
Увс. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол Ардчилсан намаас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, 2016 онд нэр дэвшээд өвдөг шороодож байсан Хотын мээрийн ах С.Отгонбаяр ч дахиж магадгүй гэнэ.
Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Ш.Адьшаа ч тойргоо усалж яваа сурагтай.
Хөвсгөл. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байна. Харин Ардчилсан намаас Ц.Оюунгэрэл нарын нэрс дуулдаж байна.
Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, одоогийн Засаг дарга С.Ганбямба. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, Хүдэрбаатар нарын нэрс дуулдаж буй.
Баянзүрх дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НОСК-ын дарга, оны өмнө Б.Сүхбаатар, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн нарын нэрс яригдаж байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа тэргүүтэй залуучууд өрсөлдөх гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намаасаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Баянгол дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө. Ардчилсан намаас тус намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтнүүд бэлтгэлдээ ороод буй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг тус дүүрэгт нэр дэвших болов уу гэсэн таамаг бий ч тэрбээр Сүхбаатар дүүрэгт өрсөлдөнө хэмээн хэлж байсан удаатай. Мөн Д.Оросоо АН-аас нэр дэвшигчдийн дунд бий.
Хан-Уул дүүрэг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар өрсөлдөхөөр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг нар яригдаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намаасаа нэр дэвшинэ.
Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х. Ганхуяг нар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх амбиц зарим хүмүүст байгаа гэх.
Сүхбаатар дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас дүүргийн экс Засаг дарга Д.Бадарсан, Х.Тэмүүжин, З.Энхболд нарын нэрс яригдаж байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва, нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүний хувьд 2020 оны сонгуулийг өнжих бололтой. С.Мөнхчулуун бас нэр дэвших боломжтой. Гэхдээ түүнд нам нь мандат өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ардчилсан намаас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, О.Магнай нэр дэвших вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Багахангай, Налайх, Багануур. Тус гурван алслагдсан дүүргийг нэгтгэж, нэг юм уу хоёр мандаттай болгохоор зэхэж байгаа бөгөөд МАН-аас одоогийн Хотын дарга С.Амарсайхан өрсөлдөхөөр яригдаж байна. АН-аас харин тодорхойгүй байна.
Эдгээр улс төрчдийн зарим нь тойргоо усалж буй үйлдэл нь нэр дэвших нь илт болсныг илэрхийлж байна. Мөн энд тухайн тойрогтоо дархлагдсан гэж хэлж болох улс төрчид цөөнгүй бий. Түүнчлэн 2020 оны сонгуульд нэр дэвшихээ шийдэмгий илэрхийлж буй хэд хэдэн улс төрч бий. Тухайлбал, АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг Лхагвагийн Болормаа намаасаа Говь-Алтай аймагтаа нэр дэвшихээ мэдэгдсэн. Л.Болормаа бол төрийн албаны ажлыг шат дараалан хашиж ирсэн, Говь-Алтай аймгийн манлайлагч удирдагч эмэгтэй юм.