УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсныхаа шагналд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хэд, хэдэн зүйл шагналд авсан гэдэг. Тодруулбал, УИХ-ын Байнгын хорооны даргын суудлаас гадна “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал юм.
Тэрээр энэ албан тушаалд 2016 онд өөрийнх нь сонгуулийн менежерээр ажиллаж ялалтад хүргэсэн Б.Ганхуягийг томилуулснаас харахад “Эрдэнэс таван толгой” компанид өөрийнхөө гар хөлийг шургуулж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг эртнээс санаархаж байсан бололтой.
Гэтэл МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой”-н захирлын зөөлөн сэнтийд заларсан даруйдаа тус компанийг нэн даруй МОХ буюу Оюутны холбооныхноор дүүргэсэн байна. Тухайлбал, компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас гадна Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан, 1072 мэдээллийн төвийн дарга Д.Батбаяр нар нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс юм.
Мөн ЭТТ компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг нь МОХ-ын нягтлан байсан бөгөөд сүүлд байгуулагдсан “1072 мэдээллийнтөв”-ийн ажилтнуудын ихэнхийг МОХ-ны ажлын албаныхан эзэлдэг аж.
Энэ бол МАН-ын дэргэдэх Оюутны холбооныхон “Эрдэнэс-Тавантолгой” компанид битүү шигдэж өндөр цалин шимэгчилж суудгийн тод жишээ юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төв оффист ажилладаг мэргэжилтнүүд 2 сая, ахлах мэргэжилтэн 3 сая, хэлтсийн дарга 5 сая, дэд захирлууд долоон сая төгрөгийн цалин авдаг байна. Гэтэл МОХ-ны угшилтай зарим хүмүүс 5 сая төгрөгийн цалингаа чамлаж суудаг гэх яриа бий. Үүгээр ч зогсохгүй “Шударга” гишүүн Т.Аюурсайханы сонгуульд хүчин зүтгэсэн бас бус хүмүүс ч “Эрдэнэс таван толгой” компаниас сул цалин шимэгчилж суудаг гэнэ. Хамгийн хачирхалтай нь эрхэм гишүүний сошиалыг нь хариуцаж ажиллуулдаг троллууд гэх мэт байж болох бүх л хүн тус компанид харьяалагдаж цалин авдаг аж. Товчхондоо Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг харуулж төрийн компанид намын дэргэдэх Оюутны холбооны бүлэг этгүүд, сошиал троллуудыг цалинжуулж, тус компанид 1072 хувьцаа эзэмшдэг ард түмний мөнгөөр туйлж байна.
Бид дараагийн удаад Б.Ганхуягийн чихээсээр “Эрдэнэс таван толгой” компанид шургалсан МОХ-ныхон төрийн мөнгийг хэрхэн үрэн таран хийж, данс хоорондын шилжүүлгээр мөнгө угаан туйлж байгаа талаар мэдээлэл хүргэх болно.
Үргэлжлэл бий…