Т.Гэрэл: Эдгээр хятад иргэд ТЕГ, ЦЕГ наймдугаар сараас эхлэн ажигласан
Засгийн газрын хуралдааны дараа ТЕГ-ын дарга Т.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар өнгөрсөн шөнийн гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
ТЕГ-ын дарга Т.Гэрэл хятад иргэдийг баривчилсантай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.
Т.Гэрэл “Шалгах ажиллагаа нэлээд өргөн хүрээнд явагдаж байна. ТЕГ болон ЦЕГ-ийн энэ ажиллагаа өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Хэсэг хятад иргэд манайд ирээд манай цахим орчинд ажиллах нөхцөл боломжийг судалж эхэлсэн. Тиймээс цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг ТЕГ-аас ажигласан. Ингэхэд дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байж өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгууж байгаа хүн нь тодорхой болсон. Дөрвөн хятад хүн, нэг монгол иргэнийг саатуулсан. Байцаалтаа өгч байна.
Хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн асуудал хэлэх боломжгүй. Одоо бүрэн хяналтад байгаа учраас айж түгших асуудал байхгүй. Мэдээж цахим орчинд аюулгүй байдал үүсгэж болзошгүй байсан учраас энэ асуудалд анхаарч байна. Мөнгө угаахтай холбоотой тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллаага явагдаж байна.
Эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Удахгүй дүнгээ гаргана. Энэ хүмүүс буусан таван буудалдаа байгаа. ЦЕГ дээр бүх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дандаа жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй. Хятадын элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлсэн гэсэн. Тиймээс хамтраад албадан гаргана. Германд нэг хүнд гурван сим авах эрхтэй байдаг. Гэтэл манайд хэн дуртай нь хэдэн ч сим авдаг. Тиймээс энэ асуудалд анхаарч хуулинд тусгаж өгөх нь зүйтэй. Буруу зөрүү ойлголт төрүүлэхгүйн тулд маш богино хугацаанд мэдээлэх болно” гэлээ.
Ц.Баатаржав: Тэднийг хорьж шалгах байр байхгүй учраас буудалдаа байгаа
ЦЕГ-ын дарга С.Баатаржав хэлэхдээ “Цагдаагийн байгууллага хуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Өгөх мэдээлэл Т.Гэрэл даргынхтай ижил. Үүрэн телефоны компани болон байрлаж байсан таван зочид буудлыг шалгана. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа учраас өөр хэлэх мэдээлэл алга. Тэднийг хорьж шалгах байр байхгүй учраас буудалдаа байгаа. Одоо зохион байгуулагчдыг шалгаж байна. Бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах зорилгоор л орж ирсэн хүмүүс байна. Энэ хүмүүсийг албадан нутаг буцаана” гэлээ.