Б.Пүрэвдорж: Богино хугацаандаа популизм хийн ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл

2019-09-12 0

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

– Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан саналаа татна, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй гэдэгээ мэдэгдсэн. Хувь гишүүний зүгээс та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд анхнаасаа энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эсрэг үгээ хэлж, оролцохгүй гэдэгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн дундаас нь манай нам оролцохоор болоход нь ч би эсэргүүцсэн. Ер нь бол нэг нам байлаа ч хэвэнд цутгачихсан юм шиг байна гэж байхгүй. Өөр өөрийн үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл байдаг. Тийм учраас дундаас нь дахин хэлэлцүүлэгт оролцсныг зарим талаар шүүмжилсэн. Харин өнөөдөр тодорхой хэмжээгээр миний зөв байсан нь батлагдаж, Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа.

-Дэмжихгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэд сайн зүйлүүдийг хийж байгаа боловч гуя дагаж хүзүү гэгчээр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хавчуулсан өөрчлөлт хийх гэж үзсэн. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд дотор 55 гэмт хэрэгтэн бий. Ихэнх нь ЖДҮ-чид, тендерчид, концессчид, хүн амины гэмт хэрэгтэй хүн ч байгаа. Энэ хүмүүс УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох замаар сэмхэн шургаж орж ирэх нөхцөл бололцоог өөрсдөдөө авах гэж үзсэн. Хоёрдугаарт, дөрвөн жил улсаас мөнгө иддэг ЖДҮ-чид, тендерчид таван жил болгохыг санаархсан. Гуравдугаарт, олон жил төрд байсан хэрнээ хийсэн бүтээсэн зүйлгүй буг болсон нөхдүүд дахин сонгогдхын тулд намын жагсаалтаар орж ирэхийг хүссэн. Энэ гурван зүйлийг эсэргүүцсэн учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдэгээ зарласан юм. Өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт миний бодсончлон мөлгөр боллоо.

Ардчилсан намын УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгоно гэх зарчмыг саналыг унагаасан. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн институцид томоохон өөрчлөлт гараагүй гэсэн үг. Мөн гүйцэтгэх засаглал тэр дунда Ерөнхий сайдыг эрх мэдэлтэй болгох хувилбарыг МАН мөлийлгөсөн. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлээд, хариуцлагаа үүрдэг зарчмыг оруулж ирсэн боловч харамсалтай нь УИХ сайдуудыг нь томилдог эрхээ авч үлдлээ. Энэ нь хүчтэй Ерөнхий сайдтай болж, гүйцэтгэх эрх мэдэлд эрхийг нь өгсөн шиг өгч чадахгүй байгаагийн илрэл. Дээрээс нь УИХ-ын гишүүд нь танхимын гишүүд байх, УИХ-ын үйл ажиллагаа гацдаг байдлыг арилгахын тулд давхар дээлээ бүрэн тайлах ёстой байсан. Ард түмний хүсэл ч ийм байгаа. Гэтэл үүнийг зэрэмдэглэсэн байдлаар шийдэж байна. Мөн орон нутгийн түвшинд Сумын Засаг даргыг ард нийтээсээ сонгодог байхаар эхний төсөл дээр оруулж ирсэн. Гэсэн ч дундаас нь унагаасан. Хамаатан садан нийлсэн 21 хүн багуудаас Иргэдийн хуралд сонгогдож гарч ирээд, тэдгээрийг хамгийн их аргалсан нь Сумын Засаг дарга болдог ийм муу тогтолцоог халах ёстой байсан.

Шүүх эрх мэдлийн хүрээнд өөрчлөлтүүд орсон. Шүүхийг хамгийн их бохирдуулж байгаа нь Дээд шүүх. Өнөөдөр орон нутгийн шүүгчид аливаа хэргийг шүүхээ больчихсон. Үргэлж Дээд шүүх рүүгээ хардаг болчихсон. Дээд шүүх нь дээд талд байх хэн нэгэн удирдагчаасаа хараат болчихсон. Тиймдээ ч Дээд шүүх бол шүүхийн ялзарлын гол цэг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэр ялзарсан дээд шүүх рүүгээ тайлангаа тавьдаг болгочихсон. Энэ нь шүүхийн шинэчлэлийг хойш нь татсан үйл явдал гэж харж байна. Бүх шатандаа гол шинэчлэл өөрчлөлтийг хийж чадаагүй учраас энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөлгөр боллоо гэж дүгнэж байгаа юм. Энэ мөлгөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухын тулд 32 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Миний хувьд үүнийг буруу гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцож, хэд хэдэн саналуудаа ч тусгаад амжсан. Тэдгээр саналуудыг буцаах боломж хуулийн хүрээнд байхгүй шүү дээ.

-Тусгагдсан саналууд бий. Хоёр, гуравхан саналыг тусгасан. Эд нар оролцож байгаа юм чинь ганц, хоёр саналыг нь оруулъя даа гэж л бодсон байх. Бусдаар дээр дурьдсан зарчмын саналууд тусгагдаагүй. Нэр төдий зүйл оруулчихаад түүнийгээ Ардчилсан нам оролцсон гэж үзэж байгаа нь буруу.

-Ардчилсан намын зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурийг анхнаас нь илэрхийлж байсан. Энэ байр сууриасаа яагаад ухрах болов?

-Ард нийтийн санал асуулгаар зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэдгийг асууна. Энэ нь хэтэрхий өндөр үнэтэй хийгдэж байна. Хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр хийсэн тэрхүү өөрчлөлт системийг гацааж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тийм учраас ийм арчаагүй өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулж, татвар төлөгчдийн хайран мөнгийг үрэх ёсгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сөрөг хүчний байр суурь ийнхүү өөрчлөгдөх болсон нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх байр суурь, засаглалын хэлбэрийг асууна гэснийг дэмжсэнтэй холбоотой гэж хэлэх хүмүүс ч байна.

-Ардчилсан нам парламент ёсыг цаашдаа үргэлж дэмжинэ. Үүнээс хэзээ ч хазайхгүй. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хамгийн их хамгаалах засаглал бол парламтентын засаглал юм. Ерөнхийлөгчийн засаглалын аль хэлбэрийг дэмжих вэ гэдэг санал асуулга хууль бус. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиа сахина гэж тангараг өргөдөг. Ерөнхийлөгч ч өөрөө Үндсэн хуулин дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Үндсэн хуулиар Үндсэн хуулийн эсрэг санал асуулга явуулахыг хориглодог. Парламент ёсыг Ерөнхийлөгчийн засаглалаар солих гэж байгаа бол Үндсэн хуулийн концепци, суурь бүтэц тэр чигтэй өөрчлөгдөнө. Үндсэн хуулийн суурь бүтэц, концепцийг бүрэн өөрчлөхөөр энэ Үндсэн хууль тэр чигтэй хүчингүй болно. Энэ тохиолдолд өөр шинэ Үндсэн хууль бий болно гэсэн үг. Ийм санал асуулгыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга явуулах хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйл явдал болно. Тийм учраас энэ зүйлийг дэмжихгүй. Ер нь Үндсэн хуулийг өөрчилж, бүрэн шинэчлэхдээ хоёр тохиолдолд голцуу хийнэ. Нэг нь хувьсгал хийх замаар. Хоёрдугаарт, тогтолцоог өөрчлөхийн тулд 1990 оных шиг тайван замаар хийж болно.

-Энэ намартаа багтаан УИХ-ын ээлжит бус сонгууль болох нь гэх яриа гарчээ. Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлж байгаа энэхүү саналыг ЖДҮ, 60 тэрбумд барьцаалагдсан гишүүд дэмжихээр байна гэдэг зүйлийг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Та УИХ-ыг тарахыг дэмжих үү?

-Энэ УИХ ёс зүй, хариуцлагын хувьд цаашдаа ажиллах ёсгүй. Энэ УИХ өөрөө ЖДҮ, тендер, концессийн асуудал үүсгэсэн хүмүүсийн бүрдэл. Тийм учраас урьд хожид байгаагүйгээр УИХ-ын нэр уначихсан байгаа. УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль явуулна гэвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. Ёс зүйтэй, Үндсэн хуулинд өргөсөн тангарагтаа үнэнч байх, ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллахаа умартсан УИХ хариуцлагаа хүлээхэд бэлэн байх ёстой.

Хамгийн гол нь МАН-ын олонх УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Тэр албан тушаалд дуртай, УИХ-ын гишүүн байх сонирхолд хөтлөгдсөн 64 гишүүн ийм шийдвэр гаргана гэдэг нь юу л бол. Амиа бодсон шийдвэр л гаргах байх. Манай намын хувьд УИХ-ыг тараахыг дэмжих болно.

-Ерөнхий сайдын зүгээс утаа, махны үнийн хөөрөгдлөөс үүдэх асуудлуудаас урьтан рейтинг өндөр байгаа дээрээ Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараахыг хүсэж байна гэдгийг ч эх сурвалжууд онцолж байна. Үндсэн хуулиа эцэслэн батлаагүй, төсөв мөнгөний асуудлаа ярих болсон энэ цаг үед зөвхөн улс төрийн карьераа бодох нь хэр зөв юм бэ?

– МАН-ын даргын байр суурь хэтэрхий популист байна. Ийм маягаар улс эх орныг удирдах зорилготой явж байна. Энэ популист маягийн улс төр хийж байгаагаа өндөр рейтингтэй байна гэж андуураад байна. Нэг зүйлийг хэлэхэд ард түмэн ухаантай. Өнөөдөр Засгийн газар эдийн засгийн сайн шийдвэрүүдийг гаргаж, гүйцэтгэх засаглалын чамбай ажиллуулж ард түмний амьдралыг дээшлүүлэх ёстой. Харамсалтай нь нэг ч өөдтэй шийдвэр гарахгүй байна. Хамгийн наад захын жишээг хэлье л дээ. 2016 онд Монгол Улсын иргэн бүрийн өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 25 сая төгрөг болж өссөн. Монголын төр гадаад өрийг 3.6 тэрбум ам.долларт хүргэчихээд хоёр Ерөнхий сайдын хугацаанд нэг ч олигтой ажил хийгээгүй. Энэ их мөнгийг яам, тамгын газар, сайд нарын багцад суулгах замаар үрэн таран хийж байгаа. Эдийн засгийг сайжруулах тэр ажлаа Ерөнхий сайд сайн хийх ёстой. Мэдээж ард түмэн үүнийг үнэлэх цаг хугацаа бий. Популизм урт хугацаандаа хэзээ ч амжилт олж байгаагүй, үргэлж ялагддаг. Тиймдээ ч богино хугацаандаа популизм хийн ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл.

-Энэ бүхэнд сөрөг хүчин байр сууриа хатуухан илэрхийлэх ёстой юм биш үү?

-Манай намын гишүүд тодорхой хэмжээгээр шүүмжилдэг. Гурав, дөрөвхөн хүн гол шүүмжиллийг хэлж байгаа. Харин үүнийг эрх баригч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахгүй байх, илүү хаалттай байдал руу шилжүүлэх зэргээр сөрөг хүчний дуу хоолойг олон нийтэд хүргэхгүй байх ажлыг хийж байна. Бид хангалттай улс төрөө хийж байгаа. Хангалттй шүүмжлэлээ хэлж байгаа. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань олон нийтэд хүргэх тал дээр сайн ажиллаж өгөхгүй байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Дахин төлөвлөлтийн тендерийг авсан “Андын зам” ХХК иргэдийг хохироож, засаг дарга асан О.Ганхуяг нь дэвшээд сураггүй болжээ

ХУД-ийн IV  хороонд дахин төлөвлөлт хийх тендерт  "Андын зам констракшн" ХХК 2021 онд шалгарчээ. Тус

2025-01-31

Орон сууц нь шатсан иргэд жил байр түрээсэлж, барилга нураах ажил одоо л эхлэх гэж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар

2025-01-24