ЗҮГЭЭР ДЭЭ, ЭНЭ ЧИНИЙ БУРУУ БИШ…

2022-08-18 0

Өнөөдөр уулзахаар тохирсон миний нийтлэлийн гол дүр маань залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй. Зөрж өнгөрсөн эрчүүд битгий хэл эмэгтэйчүүд эргэж хармаар энэ үзэсгэлэнтэй бүсгүй сэтгэлдээ ямархан шарх тээж яваа бол. Даруухан будсан том алаг нүднийх нь харц яагаад ийм гунигтай байгаа юм бол? Энэ асуултын хариулт түүний дурсахаас ч айдаг өнгөрсөн дэх хар өдрүүдөөс нь үлдсэн бараан дурсамж.
Хэдийгээр би өнгөрсөн гэж бичиж байгаа ч хохирогчийн сэтгэхүйд өнгөрсөн гэж байхгүй. Хохирогчид сэтгэлдээ маш том шарх тээж, хар дарсан зүүдэнд шөнө бүр тарчилж, зарим нь айдастай, нөгөө хэсэг нь хүнд хэлбэрийн трауматайгаар амьдардаг. Тийм ч учраас хохирогчийн сэтгэл зүйд хүн бүр хүндэтгэлтэй хандаж, “Өнгөрснийг март”, “Болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Одоо мартаад цааш амьдар”, “Сүртэй юм бэ, хүн бүр хохирдог” гэх зэрэг тоомжиргүй үгсээр нэмж шархлуулахгүй байх нь хамгийн чухал.

Хүн өөр дээр нь ирэхээс нааш юуг ч ухаардаггүй

Миний нийтлэлийн гол дүр маань аяга халуун кофе уусныхаа дараа “Би өнгөрснийг ярьж өөрийнхөө сэтгэлийн шархыг дахин нэг хөндөж байгаа нь дахиад хэн нэгэн надтай адилхан битгий хохирогч болоосой гэсэндээ сэрэмжлүүлэхийг хүссэн зүйл юм шүү” гэж тодотгосон. Үнэхээр л хүн өөр дээр нь ирэхээс нааш юуг ч ухаардаггүй. Харин өөрөө туулсан зовлонгоо бусад хүн битгий туулаасай гэж хүсдэг нь тийм зүйлийг давж гарсан хүний л хийж чадах зүйл билээ.
Гэрэлээ /хохирогчийн нэрийг өөрчлөв/ 21 настай их сургуулийн оюутан байхдаа хэрэглээний мөнгөө олохоор цагийн ажил хийж эхэлсэн нь хожим зовлонгийнх нь үндэс болно гэж хэн мэдэх билээ. Ажлынх нь байнгын үйлчлүүлэгч царайлаг залуу үе үе яриа өдөхөд нь “Хэдийгээр учиргүй ууж согтоод байдаггүй ч иймэрхүү газар байнга байж байдаг. Амьдралгүй шоучин нөхөр” гээд нүүр өгөхгүй удсан. Гэсэн ч бүсгүй хүн дасаж дурладгийн адилаар хэсэг хугацааны дараа өнөөх ажлынх нь “тавилга” шиг нөхрийг харагдахгүй удвал үгүйлдэг болчихсон байж.

Хэн нэгнийг хайрлах нь гэмт хэрэг биш

Хэсэг хугацааны дараа тэд болзох болж, өнөөх эр шоучин амьдралаа орхиж, найз охиноо цагийн ажил хийлгэхгүйгээр халамжлах болсон байна. Мэдээж залуу хосын туулдаг бүхнийг л туулж явсан гэнэ. Нэгэнтээ найз залуу нь хамтдаа урд хөршөөр хямдхан аялах саналыг найз охиндоо тавьж, “Санхүүдээ тааруулаад гадагшаа аялъя. Хамтдаа дурсамж бүтээе” гэхэд нь охинд ёстой л мөрөөдөл нь биелэх шиг санагджээ. Хайртай хүнтэйгээ хамтдаа аяллын дурсамж бүтээнэ гэх саналаас татгалзах хүн байна гэж үү. Хэн нэгнийг хайрлах нь гэмт хэрэг биш шүү дээ.
Гэвч… Гэвч гэж хэзээд байдаг хойно түүний мөрөөдөл хилийн дээс давангуут замхарч, аминаасаа илүү хайрласан хүн нь хэдэн халтар төгрөгөөр түүнийг харьд “арилжиж” орхисон байна. Хожим бүсгүй залуу түүнд огт хайртай байгаагүй. Зүгээр л харж хандах хүнгүй, дараагийн “олз”-оо хайж байсан гэх гашуун үнэнтэй нүүр тулсан нь энэ. Харь оронд бэлгийн мөлжлөгт автаж, залуу нас, гоо үзэсгэлэнгээ гундааж, нулимстай хоносон шөнүүд тоогоо алджээ. Гэсэн хэдий ч эх орондоо буцаж чадна гэсэн итгэлийн жижигхээн цог үргэлж зүрхэндээ тээсээр түүнийгээ ч биелүүлж чадсан “азтай” нэгэн.

Итгэлээ хэзээ ч битгий алдаарай

Мэдээж би түүний нэг өдөрт хэчнээн хүнд биеэ үнэлсэн гэх мэтээр шалгааж, хар бараан дурсамжийг нь нэг бүрчлэн мэрэхийг хүссэнгүй. Би сэтгэлзүйч биш учраас түүний яриаг сонсож өгөхөөс өөрөөр сэтгэлийн шархыг нь анагаахад бага ч атугай туслах юу ч хийж чадахгүй шүү дээ. Харин энэ мөчдөө сайн сонсогч байж, түүний хэлснээр өөр хэн нэгэн дахиж битгий хохирогч болоосой гэсэндээ уншигчдадаа мэдээлэл хүргэхийг л зорьж байгаа юм.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйлийг тэрбээр ярьсан бөгөөд өөртэй нь ижил бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг тэврээд “Энэ чиний буруу биш шүү” гэж хэлэхийг хүссэн юм. Учир нь хар бараан зүйлийг даван туулаад хичээж яваа түүнийг хүмүүс ихэнхдээ буруутгаж, “Залуу дагаж явсан чиний буруу. Мөнгөтэй хүн гэж бодоод амар хялбараар амьдрах гэж яваад хууртсан чиний буруу” гэх зэргээр хатуу үгсээр хэлдэг байна. Ер нь манайхан хохирогчийг буруутгах нь элбэг. Хүчингийн гэмт хэргийн хохирогчийг “Чи ямар хувцас өмсөж байсан юм”, “Чи эрэгтэй хүнтэй хамт согтууруулах ундаа хэрэглэдэг нь буруу” гэх зэргээр хохирогчийг буруутгадаг. Энэ хохирогчийн сэтгэл зүйд хүнд хэлбэрийн траума үүсгэж, цаашлаад эмгэг ч болж мэднэ. Мөн хохирогчийг буруутгах нь гэмт хэрэгтнийг өөгшүүлдэг байна.


Мэдээлэлтэй байх нь хамгийн чухал

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, даван туулагч нартай харилцахдаа аль болох сэтгэлийн хүч өгөх нь зүйтэй юм. Цаашлаад охид бүсгүйчүүд маань хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн талаар илүү мэдээлэлтэй байх нь өөрийгөө хамгаалах том давуу тал болж өгнө. Үүний хүрээнд “Мөрөөдлийн шүхэр” аяныг уламжлал болгон зохион байгуулах болсон юм. Уншигчид маань энэ аяны талаар “Мөрөөдлийн шүхэр” фэйсбүүк хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойг дуулгая. Энэхүү нийтлэлээ бүх хохирогч нарт хандсан Гэрэлээгийнхээ хүсэлтээр тэврэлтийн хамт илгээсэн “Зүгээр дээ… Энэ чиний буруу биш” гэх үгээр өндөрлөе. Тийм ээ, энэ чиний буруу биш. Хүчтэй байгаарай.

#ХүнХудалдаалах
#БэлгийнМөлжлөгөөс
#СЭРГИЙЛЬЕ
#ХАМГААЛЪЯ
#Мөрөөдлийн_шүхэр ☂️
#Мөрөөдлөө_хамгаалж
#Хувь_заяагаа_атгая
#EndHumanTrafficking

 

П.Буян-Эрдэнэ

Холбоотой мэдээ

ШАХМАЛ ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРНА

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн б

2022-09-15

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орн

2022-09-02

МӨРӨӨДЛИЙН ШҮХЭР: Мэдээлэлтэй байх нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос сэргийлнэ

Сүүлийн үед хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн тоо баримт өссөөр байгааг албаныхан хэл

2022-08-18