
Хоббигоо хөгжүүлж түүгээрээ өөрийн гэсэн бизнесээ босгож чадсан О.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр хэдийгээр өөр мэргэжилтэй ч интерьер сонирхож, өөрийнхөө мөрөөдлийн байшингаа өөрийн гараар тохижуулсан нь өдгөө “Hermosa home decor” дэлгүүрийн үндэс суурь болжээ. Ингээд орон нутаг буюу Орхон аймагт өөрийн бизнесээ амжилттай авч яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.
–Хоёулаа манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлүүлье?
-Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюунбаатарын Хонгорзул гэдэг. Эх бичиг судлаач мэргэжилтэй ч одоогоор хувийн бизнес эрхэлж байна. Нөхөр, гурван охины хамт амьдардаг.
-Танай гэрийн тохижилт хүмүүсийн анхаарлыг их татдаг юм билээ. Ер нь home decor-ыг хэзээнээс сонирхож эхлэв?
-Өө баярлалаа. Бид хоёр удаан зогсолтгүй хөдөлмөрлөж байж гурван жилийн өмнө мөрөөдлийн байшингаа барьсан. Яг л төсөөлдөг байсан тэр өндөр тааз, том цэлгэр цонх гээд л… Гэрээ тохижуулах үед л өөрийгөө интерьер чиглэлд их сонирхолтойгоо олсон. Тавилганы нийлэмж, өнгөний зохицол тэр чигтээ надад кайф мэдрүүлсэн. Тэр жижигхэн декорууд гэрийн уур амьсгалыг ямар гайхалтай өөрчилж байгаа нь их сонирхолтой байсан.
–Магадгүй хоббигоо хөгжүүлээд “Hermosa home decor” дэлгүүрээ нээсэн байх. Тэгвэл яг энэ чиглэлээр бизнес хийх нь хэр үр дүнтэй байна вэ?
-Яг тэгсэн. Би уг нь шал өөр мэргэжлийн хүн шүү дээ. Сонирхолдоо хөтлөгдөөд л тавилгын салбар руу орчихсон. Хүн хоббигоороо мөнгө олоод мөн түүнээсээ суралцаж байвал зөв ажлаа олжээ гэдэг гэсэн. Би зөв зүйлээ л хийж байгаа юм шиг байна лээ. /Инээв/ Их том зориг гаргаж дэлгүүрээ нээсэн. Яг цар тахлын үе бүх зүйл зогсонги худалдан авалт бараг байхгүй. Гэхдээ хийх хүсэл, том зорилго байхад арга олддог л санагдсан.
–Хөл хорио дөнгөж дууссан, хил гааль хаалттай, карго үнэд орсон гээд нэлээд эрсдэлтэй үед бизнес эхэлчихэв үү дээ гэж би харж байлаа. Ер нь бодит байдал хэр байгаа бол?
-Би чинь бүх юм хаалттай үед эхэлсэн. Бараагаа татах, шинэ барааны нийлүүлэлт гээд л… Мэдээж бүх зүйл амаргүй л байна. Удахгүй сайхан цаг ирэх байх аа.
-Орон нутагт бизнес эхлэхийн давуу болон сул талыг юу гэж харж байна?
-Эрдэнэт хот бол сайхан хот. Залуухан, төлөвлөлт сайн залуучуудад яг тохирсон. Мэдээж давуу болон сул тал байлгүй яах вэ.
Шинээр бизнес эхлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд маш соргогоор хүлээн авдаг. Залуучууд ихтэй учраас сошиалд идэвхтэй. Энэ нь өөрөө бизнесээ сурталчлах таатай нөхцөл болдог. Нэмээд ойролцоох аймгуудын түшиц хот учраас Булган,Архангай, Хөвсгөл гэх мэт аймгуудын хэрэглэгчдэд үйлчлэх боломжтой байдаг.
Сул тал гэвэл хэрэглэгчид барааны сонголт, чанараас шалтгаалж Улаанбаатар хот орж үйлчлүүлээд сурчихсан байдаг юм байна.
–Мэдээж бизнест зах зээл, өрсөлдөөн чухал. Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага Эрдэнэтэд хэр олон байгаа бол?
-Байлгүй яах вэ. 200 гаруй мянган хүн амтай хөгжиж буй хотод тавилгын дэлгүүрүүд зөндөө бий. Энэ том зах зээлд өөрийн гэсэн ялгарах онцлогтой байхгүй бол товойж гарч ирэх хэцүү. Тиймээс би цөөн хэдэн зарчим баримталдаг.
1. Интерьерийн хамгийн сүүлийн үеийн тренд
2. Чанар (чанаргүй 3 буйдангаас илүүтэйгээр чанартай 1 буйданг оруулж ирэх)
3. Цор ганц загвар ( 1 загвараас олонг авч ирвэл надад ашигтай л даа. Гэхдээ л тэгдэггүй. Миний ашгаас илүү хэрэглэгчийн сэтгэл ханамж чухал)
4. Харамч хүн 2 дахин төлдөг гэдэг үгийн үйлчлүүлэгчдэд байнга хэлдэг. (Буйдан гэдэг хүн гэртээ байх хугацааны хамгийн их цагийг өнгөрөөдөг хэрэгсэл. Тиймдээ ч хамгийн тав тухтай, эдэлгээ даадаг байх ёстой)
-Бараа бүтээгдэхүүнийхээ сонголтыг дан ганц өөрөө хийдэг үү. Эсвэл үйлчлүүлэгчдийнхээ захиасыг авч ирж байгаа юу?
-Одоогоор өөртөө итгээд, өөрийнхөө мэдрэмжид найдаад л бараагаа татаж байна. Захиалга аваад нийлүүлэх талаах бодсон ч энэ цаг үед хэцүү санагдаад. Хүний мөнгө авчаад хэдий хугацаанд ямар чанар хийцтэй бараа ирэх бол гэдэг асуудалтай.
-Үйлчлүүлэгчид “Hermosa home decor”-ыг зорин ирэх хамгийн том шалтгаан юу гэж хэлэх вэ?
-Чанар бас дахин чанар. Би өөрөө худалдааны зөвлөгөө хийдэг юм. Тэгээд орчин үеийн интерьерийн чиг хандлага, трэнд өнгө, трэнд хэлбэр гээд өдөр бүр суралцдаг. Үүнийхээ дагуу чадахаараа үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгөхийг хичээдэг. Заавал худалдан авалт хийхгүй ч харамгүй ярилцаж, шинэ санаа сэдэл өгч чаддаг гэдэгт итгэдэг.
-Цаашдын зорилгоо хэрхэн харж байна вэ. Магадгүй өөрийн гэсэн тавилгын үйлдвэрлэл гэдэг ч юм уу?
-Зорилго гэвэл цогц үйлчилгээтэй болох. Энэ нь гэр, орон сууц, оффис юу байдгийн бүгдийг нь бидэнд даатгах боломж.
-Интерьерийн зураг төсөл
-Гүйцэтгэл
-Зургийн дагуу тавилга, тохижилт гэх мэт.
Энэ зургаадугаар сардаа багтаад тавилгын үйлдвэр оруулж ирж байна. Гал тогоо болон бусад өрөөнүүдийн захиалгат тавилга үйлдвэрлэнэ. Мэдээж бас бусад үйлдвэрээс давуу талтай байхаар төлөвлөж байна. Мэргэжлийн тавилгын дизайнер ажиллана. Герман улсын хавтангаар үйлдвэрлэнэ. Энэ нь эрүү мэндэд хор нөлөөгүй, эко нэмээд өнгө үзэмжтэй. Мэдээж баримталдаг хамгийн том зарчим чанараа амлана.
-Шинэ жилийн чимэглэл намар захиалаад бараг цагаан сараар ирсэн талаар бичсэнийг чинь уншиж байсан л даа. Яг үүн шиг захиалга удах, саатах гээд хүндрэлүүд гарч байгаа байх. Энэ бүхэнд хэрхэн зохицуулалт хийж байна?
-Өмнө нь худалдааны чиглэлээр ажил хийж байгаагүй дээр нь цар тахлаас шалтгаалсан эрсдэлүүдийг тооцоолоогүйгээс их л олон сургамж авч байна даа. Өдөр бүр л суралцаж байна.
–Сайн гэрийн эзэгтэй байх, сайн бизнес эмэгтэй байх хоёрын аль нь хэцүү гэж бодож байна?
-Би өмнө нь хүүхдүүдээ хараад гэртээ суудаг байлаа. Нөхрийнхөө сайн ар тал, сайн эхнэр, сайн ээж байх гээд л. Үнэндээ сайн гэх ойлголт өөрөө харьцангуй зүйл байж. Одоо хааяа гэр маань замбараагүй, өглөө санд мэнд нөхрийнхөө хувцасыг индүүдэх, үе үе оройтуулж орой хоолоо хийх хийж байгаа ч сайн эхнэр сайн ээж хэвээрээ л. Хамгийн чухал нь дуртай зүйлээ хийгээд түүнийг дэмждэг хүмүүс ойр тойронд нь байна гэдэг хамгийн сайхан. Бүх л зүйлд өөрийнхөө байж болох хамгийн сайнаар хичээж байна. Улам л хичээнэ дээ. Сайн байх гэж. /Инээв/
-Бүгдийг нь амжуулж байгааг хараад өөрөөр чинь бахархдаг л даа. Хааяа шантрах үе гарч байна уу?
-Маш их баярлалаа. Бахархаж байна шүү гэдэг үгийг сонсохоор би өөрөөсөө ичээд байдаг юм. Гэхдээ үүний цаана улам л хичээдэг юм шүү Хонгороо гээд л байж байдаг. Үе үе эморно оо. Би чинь эморлын хатан хаан. /Инээв/ Мэдээж хүний амьдрал байнга дардан байхгүй. Шантрах гэхээс илүү урам хугарах үеүд таардаг. Энэ үед аав, ээж, нөхөр, охидынхоо итгэлээр сэб гээд л босоод ирнэ. Би чинь их амархан.
-Охидоо өсгөөд бизнес ч хийгээд бас сошиалд их идэвхтэй бичдэг болохоор чинь би заримдаа яаж энэ бүхнийг амжуулдаг байна аа гэж боддог шүү?
-Би нээрээ маш азтай хүн. Сайн аав ээжийн буянаар сайхан өсч өндийгөөд шууд л сайн нөхөрт гарчихсан. /Инээв/ Бүх зүйлд дэмжиж, аав шиг халамжилж, ах шиг сургаж, анд шиг зөвлөж, найз залуу шиг эрхлүүлдэг ханьдаа баярлалаа. Энэ залуугийн хүчээр бас аав ээжийнхээ ачаар олон олон зүйлийг амжуулж байна даа.