Р.Сэддорж: Ростерийн системээс болж өрх толгойлсон хүүхэд гэх нэршил гараад байна

2021-02-05 0
Өмнөговь аймгийн Засаг дарга  Р.Сэддорж аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл сумдынхаа хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нартай болон гишүүдтэйгээ онлайн хурал хийлээ. Хурлаар хэлэлцсэн болон  шийдсэн асуудлын талаар тэрбээр цахим орчинд нийтэлжээ.
“Энэ хурлаар ирэх 4 жилд болон 2021 онд хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Монгол улсад хүүхдийн тухай хуулиуд хангалттай батлагдсан. Одоо энэ хуулиудыг хэрэгжүүлж мөрдөх хэрэгтэй байгаа. Ялангуяа сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүд онцгойлон анхаарч хүүхэдтэйгээ ярилцаж, хүүхдийнхээ санаа бодлыг ойлгож, хүүхдийнхээ зүрх сэтгэлийг дагаж ажиллах шаардлагатай байна.
Уул уурхайн компаниудын ростерын системээс болж “өрх толгойлсон хүүхэд” гэсэн албан бус нэршил гараад байна. Аав ээж нь уул уурхайд ажиллах гээд явдаг. Хүүхдүүд нь гэрээ толгойлоод үлддэг. Тэр үлдсэн хүүхдүүд маань томчуудын нөлөөнд орж, янз бүрийн гэмт хэрэгт орооцолдох эрсдэл маш өндөр байна. Ийм учраас ростерын системийг гэр бүлтэйгээ хамтдаа ажиллаж, амьдрах чиглэл рүү уул уурхайн бодлого явах ёстой.
Мөн хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарч, санаачилж хийх зүйл их байна. Ялангуяа 1-5-р ангийн хүүхдүүд Үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. 6-12-р ангийн хүүхдүүд хамрагдах боломжгүй байдаг. Сургууль дээр нь хоол ундаар үйлчлэх газар хүрэлцээтэй биш. Сургууль бүрийн нөхцөл байдал өөр өөр байгаа. Ийм учраас 6-12-р ангийн сурагчдыг Үдийн цай хөтөлбөртэй болгох бодлогыг аймгаас боловсруулах судалгааг хийж байна. Ингэснээр хүүхдүүд маань идэвхтэй суралцах, эрүүл явах нөхцөл бүрдэх юм. Хүүхдүүд маань гэрээсээ аяга, таваг, халбагаа авчраад үдийн цайгаа уух боломж бүрдэх юм. Үүнд эцэг эхчүүдийн саналыг мөн авна. Мөн цэвэр усны хангамжийг сургуулиуд дээр онцгойлон анхаарах ёстой. Хүүхдүүд маань цангах ёсгүй. Сургууль болгон дээр цэвэршүүлсэн, шүүсэн усыг бүх хүүхдүүд үнэ төлбөргүй уух боломжоор хангахыг зорьж байгаа. Ялангуяа 11-12-р ангийн хүүхдүүдийг газар зүй байгалийн ухааны хичээлийнхээ хүрээнд аймгийнхаа Хэрмэн цав, Баян заг, Ёлын ам, Хонгорын элс, Орвог гашууны бор толгой, Шар цав, Алгуй улаан цав гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах аяллыг сургууль нь зохион байгуулж, тухайн газар дээр хичээл нь орвол хүүхдүүд энэ хичээлийг насан туршдаа мартахгүй. Нутгийнхаа байгалийн гайхамшгаар бахархах, байгалиа хайрлан хамгаалах мөн оюутан болоод найз нөхдөдөө таниулан сурталчилж, дотоодын аялал жуулчлалыг эргэж татах гээд олон чухал ач холбогдолтой. Манай аймгийн албан байгууллагууд харьцангуй автобус унаа ихтэй болсон. Энэ аялалд оролцох хүүхдүүдийг мэдээж эцэг эхийнх нь зөвшөөрлөөр авч явна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон тухайн сургуулийн захирал, багш нар хариуцаад байгалийн үзэсгэлэнт газруудаар нэг удаа аялуулах ийм чиглэлүүдийг боловсролын салбарт төлөвлөөд байна. Аймгийн Засаг даргын хувьд сар бүрийн нэгэнд хүүхдүүдээ сонсох аяныг зохион байгуулах гэж байна. Бид сар бүрийн нэгэнд хүүхдүүдтэйгээ уулзаж, хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсох болно. Хүн бүр хүүхэд байсан. Хүүхэд байхдаа бид ямар гоё гоё мөрөөдөлтэй байлаа. Энэ ч утгаараа хүүхдүүдээ сонсъё гэж шийдвэрлэлээ. “Говийн ирээдүй-Хүүхэд” хөтөлбөрт хүүхдийн төлөө маш олон ажлууд төлөвлөгдсөн. Энэ нь уриа, тунхаг бичиг байхаасаа илүү хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд хүртээлтэй, бодит амьдралд нь үр өгөөжтэй байгаасай гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08