
Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийлээ.
Яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар