Аналист Артурын хийсэн бяцхан судалгаа, анализ нь их сонирхолтой санагдлаа.
Энд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг академик боловсролоор нь үнэлж, оноо өгч дүгнэлт гаргажээ.
Дэлхийн топ 100 сургуульд бакалавр хамгаалсан бол 100 оноо, магистр хамгаалсан бол 100, доктор хамгаалсан бол 150 оноо, дэлхийн шилдэг 500 их, дээд сургуульд бакалавр, магистраа хамгаалсан бол 50, доктор хамгаалсан бол 100 оноо гэх мэтээр үнэлсэн байна. Түүнчлэн гадаадын их, дээд сургууль төгссөн, магистр, доктор хамгаалсан, дотоодын топ сургуулиудыг дүүргэсэн бол 30-50 оноо өгчээ.
Үнэлгээний дүнгээр хувь хүний академик боловсролоороо “Та бидний эвсэл”-ээс СБД-т нэр дэвшиж буй Зуунайн Шагдарсүрэн 300 оноогоор нийт нэр дэвшигчдийг тэргүүлжээ. Түүний араас боловролын оноогоороо Ч.Өнөрбаяр, гуравдугаарт С.Эрдэнэболд орсон байна.
Зуунайн Шагдарсүрэн дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Токиогийн Их сургууль, Мичиганы Их сургуулийг дүүргэжээ. Баклаврын зэргээ дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд хамгаалсан хүн тун цөөхөн байдаг аж.
Харин намаар нь авч үзвэл энэ үнэлгээгээр МАН хамгийн өндөр боловсролтой нэр дэвшигчидтэй байна. Дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр боловсролтой хүмүүс нэр дэвшжээ. Дээрх үнэлгээний нэг, гуравт үнэлэгдсэн Зуунайн Шагдарсүрэн, Сүхбаатарын Эрдэнэболд нар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.
Монголчууд энэ удаад мөнгө тараасан, сайхан амласан,гуя дагуулж хүзүү шахсан сонголтоос татгалзаж боловсрол мэдлэгийг сонголтын тэргүүлэх шалгуур болгож санал өгнө гэвэл Сүхбаатарчуудын хувьд сонгочихоор хоёр, гурван залуу байна.