
“Үжин” төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх, “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Д.Ундраатай ярилцлаа.
-“Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ийг та бүхэн санаачлан өрнүүлж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
– Эхлээд ерөнхий мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жилээс жилд ихсэх хандлагатай байгаа ба хохирогчдын дийлэнх нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энд бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол улсын ирээдүй болсон балчир үрс насан туршийн хохирогч болсоор байна. 2019 онд хүний бэлгийн эрхчөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610 гарсны хүчиндэх гэмт хэрэг 481, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрхчөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114 гарснаас хүчиндэх гэмт хэрэг 86, 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан 6 хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.
-Та нүүр номондоо “Үжин” төвийн хүүхдүүдэд сайхан сэтгэлтэй эмэгтэй бариувч оёж өглөө, мөн “Үжин” төвд маань манеж хэрэгтэй байгаа тул хуучин ч байсан хамаагүй худалдаж авья гэж бичсэн байсаэн. Үнэхээр харамсалтай. Хохирогчид маш бага насны хүүхдүүд байна шүү дээ?
– Тийм шүү дээ. Миний үнэхээр өр өвдөж хэдэн хүүхэдтэйгээ хамт уйлж, хамт өвдөж өдий хүрсэн. Төр засгийн зүгээс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн талаар бүх төрлийн цогц үйл ажиллагаа явуулахаар хууль эрх зүйн орчин сайжруулсан хэдий ч төдийлэн сайжрахгүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр гол ажиллах ёстой ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нэг жилийн төсөв 80-90 сая төгрөг, Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр нь нэг ч төгрөггүй байгаа зэрэг олон асуудал байдаг. ГХУСАЗЗ, хамтарсан багийн ажлын хэрэгжилтэд хийсэн тайлан, дүн шинжилгээ нь газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, бодитой биш, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй улс орон, орчныг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг ажлууд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь өнөөдрийн гол асуудал юм. Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог төрийн зүгээс бүрэн хангаагүй, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, хохирогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлого, нэг цэгийн болон түр хамгаалах байрны санхүүжилт, орон тооны бүтэц, хохирогчид үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний тариф гэх мэт нэгдсэн бодлого байхгүйгээс үүдэлтэй.
-Тийм учраас энэ хөдөлгөөнийг эхлүүлэхэд хүрэв үү?
– Хүүхдийг хүчирхийлэх үйлдэл нь улам бүр харгис болж, хэргийн гаралт, давтамжийн тоо ойртсоор байгаа нь монгол улсын ирээдүйн төлөө санаа зовнидог, эцэг эхийн үүргээ ухамсарладаг 10.000 гаруй иргэд, 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд 21 аймаг, 9 дүүргээс нэгдэж ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ улс орон даяар ѳрнүүлэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ хөдөлгөөнөөр бид хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох зорилготой.
-Одоо үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
– Хамгийн түрүүнд цаг алдалгүй Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үр дүнд хүрэхүйц шаардлагатай ажлууд байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг оновчтой болгох тэр дундаа энэхүү гэмт хэргийг огт үйлдэж болохгүй гэдэг ухамсарыг суулгах, хохирогчийг нөхөн сэргээх, эрүүл мэнд, сэтгэл санааны, эдийн засгийн, хохирлыг заавал тооцон олгуулах механизмыг бий болгоно. Энэ бол хамгийн чухал асуудал. Мөн гэр бүл дэх хүүхэд хамгаалал, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой заалтуудыг тусгуулах, бүх аж ахуй нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих ажил байна. Эрүүл мэнд, Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалалд багш, ажиллагсадын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, биелүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллана. Хэвлэл, мэдээлэл, цахим орчинд хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, хүүхдийн хувийн нууцад халдаж мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаалах ажлыг хариуцсан төрийн үүрэг хүлээсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлөх ажлуудыг хийж эхэллээ. Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангахад ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэлзүйг бий болгоход олон нийт, төр засаг руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-ОН ГАРСААР “ҮЖИН” ТӨВД 0Й ГУРВАН САРААС 16 НАСНЫ 45 ХҮҮХЭД ИРСЭН-
– “Үжин” төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
– Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “Үжинтөв 1,2” төвд түр хамгаалан байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.2019 онд “Үжин төв”-д 5-17 хүртэлх насны бэлгийн хүчирхийллийн хохирогч 196 хүүхдийг , 21 хоногоос 1 жилийн хугацаагаар, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 3-16 насны 21 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2020 он гарсаар Үжин төв 1.2 төвд ой гурван сартайгаас 16 насны хүчирхийллийн хохирогч 45 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түр хамгаалан байрлуулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Удахгүй бэлгийн хүчирхийллийн хохирогч хөвгүүдийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх “Үжин 3” төвөө нээхээр ажиллаж байна. Бид зөвхөн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь урьдчилан сэргийлэх ажлуудыг төрийн болон ОУБ-уудтай хамтран зохион байгуулан ажиллажбайна.
– Тодруулбал…?
– 2019 онд Монгол улсын 16 аймаг, таван дүүргийн 420 гаруй хамтарсан баг, 15.800 эцэг эхчүүд, иргэд, 4.600 хүүхэд, өсвөр үеийнхэн, 3800 гаруй хамтарсан багийн гишүүд болох төрийн албан хаагчдыг чадавхжуулах урт болон богино хугацааны сургалт, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Завхан гэх аймгийн 158 сум, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 38 хорооны хамтарсан багийн гишүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулсан. Баянхонгор, Хэнтий, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий аймгийн сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулан хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг ОУБ, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдэд зориулсан 4 төрлийн гарын авлага номыг хэвлүүлэн хүүхэд хамгааллын салбарт зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
-ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛСОН БЯЦХАН ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЕ-
– Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж эхлэхтэй зэрэгцэн энэ ажлыг улс төр хийж байна гэж харах хүмүүс сошиэл орчинд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
– Загатнасан газар маажлаа гэдэг шиг асуулт байна. Хамгийн түрүүн хэлэхэд би аль нэг шатны сонгуульд нэр дэвшихгүй, албан тушаал ч горилоогүй. Эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажилдаа чин сэтгэлээ зориулсан жирийн нэг эх хүн. Хэрийн хүн тууштай хийж зориглохгүй бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулж, эцэг эх, ар гэрээс нь нэг ч төлбөр авахгүйгээр нэг жил хүртэл хугацаагаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн эмнэлэг, шүүх эмнэлэг, цагдаа, сургуульд хүргэж, авч уйлахад нь аргадаж, хамт хонож эмзэг бяцхан хайр энэрэл хүссэн гуниг дүүрэн нүдтэй хүүхдүүдтэй ажилладаг мэргэжлийн нийгмийн ажилтан, багш хүн. Манай нийгэмд аливаа зүйлийн талаар бүрэн бүтэн мэдээлэл мэдлэггүй байж шууд шүүмжилдэг, сөргөөр хүлээж авдаг, хүнийг дэлгэцний цаанаас утга учиргүй доромжилдог хүмүүс байна. Миний бие боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 20 жил ажилласан, 2009 оноос хойш хүүхэд хамгаалал, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн чиглэлээр ажиллан, 2018 оноос Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв 1,2” төвийг байгуулан ажиллаж байна. Миний хийж яваа энэ ажил, миний амьдарч байгаа энэ нийгмийн нөхцөл байдал зүгээр дуугүй урд замаа хараад явахад учир дутагдалтай байдаг. Тийм ч учраас нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн тулд, эцэг эхчүүд, салбар бүр нэгтгэх, хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэх, заримдаа бүр чанга дуугаар орилмоор үе ч бидэнд тохиолддог. Иймд эцэг эхчүүдийг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэн ТӨРД дуу хоолойгоо хүргэх шаардлага байна. Үүнийг улс төр хийлээ гэж харж байгаа хүмүүсийг зөвхөн өөртөө хайртай, нүд нь нээгдээгүй, сайн муу зүйлд дархлаагүй бэртэгчин, өөрийн хүүхэд нь хүчирхийлэлд өртөөгүй бол болоо гэсэн аминч үзэлтэй байгаад харамсаж байна. ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ дуу хоолойгоо нэгтгэн хүүхэд амьдрахад аюулгүй, ЭЭЛТЭЙ МОНГОЛ улс болохын төлөө САЛБАР БҮР, НАСАНД ХҮРСЭН бүх хүмүүс нэгдэцгээе.
– Өөр танд хэлэх зүйл юу байна?
– 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 264 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. Энэ бол нийт хүн амын тоотой харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Хүүхэд хүчирхийллийн тахал Монгол улсад короно вирусээс илүүтэй нүүрлэсэнд бид эмгэнэн гашуудаж байна. Хүүхэд Хүчирхийлэхийн Эсрэг Үндэсний Хөдөлгөөнд эцэг эхчүүд минь олуулаа нэгдэж, дуу хоолойгоо хүргээрэй. Бид олуулаа, эв нэгдэлтэй байхдаа хүчтэй. Би та нараас мөнгө гуйгаагүй, төрөөс мөнгө нэхэж шантаажлаагүй харин гэмт хэргийн золиос болсон хайраар дутаж яваа бяцхан үрсийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэж байна. Иргэн бүр ирээдүйдээ хайртай бас хариуцлагатай байж хүүхдийг хүчирхийллийн золиос болохоос хамгаалья. Олны хүч оломгүй далай.