Ц.Бат-Энх: Миний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байна, гэхдээ би айхгүй

2020-02-28 0

Японоос МИАТ-ын нислэгээр  Буянт-Ухаад газардсан зорчигч нарын дунд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх зорчиж явсан бөгөөд түүнтэй холбоотой Онцгой комиссийн шаардлагыг эсэргүүцсэн, халдвар хамгааллын дүрэм зөрчиж улмаар гавлуулан эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээллүүд гарч байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй утсаар холбогдож дараах асуултад хариулт авлаа.

Сур: Сайн байна уу та. Өчигдөр таныг БНСУ-аас Японыг дамжин нисч ирэхдээ Онцгой комиссийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан улмаар үүрийн 4 цагт баривчлагдан цэргийн госпитальд очсон гэх мэдээллүүд гарч байна. Та яагаад онцгой комиссын шаардлагыг биелүүлээгүй юм бэ?

Ц.Бат-Энх: Би өчигдөр Нарита-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор нисч ирсэн. Онгоцноос буухдаа Онцгой комиссын шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн, хэрүүл хийсэн зүйл байхгүй. Ном ёсоор нь хорио цээрийн дамждаг өрөөгөөр нь дамжаад, хувцас хунар цүнх саваа ариутгуулаад, тусгай хувцастай жолоочтой микро автобусанд сууж, Жаргалантын аманд байрлах тусгаарлагдсан байранд очиж шинжилгээ өгөөд, оройны 22 цаг өнгөрч  госпитальдаа ирж өрөөндөө орсон.  Би ийм юм зохиож бичээд байгааг нь ойлгохгүй байгаа. Намайг 22 цаг өнгөрөөгөөд эмнэлэгт ирснийг эмнэлгийнхэн тэр протокол энэ тэрдээ тэмдэглэж авсан.

Сур: Таныг хөл хорионд орохгүйн тулд Япон руу ниссэн. Тэнд 2 хоносон. Ингэхдээ МИАТ-аас зочид буудлын мөнгө нэхсэн гэсэн мэдээлэл байна. Та зочид буудлын төлбөр нэхсэн үү. Та өөрөө дамжин нислэг хийсэн юм биш үү. Төлбөр нэхэх үндэслэл байсан уу?

Ц.Бат-Энх: Японд 2 хоноогүй. Японд онгоц хойшлоод 1 хоносон. Би өөрийнхөө мөнгөөр гарч буудалд 1 хоноод л буцаад онгоцондоо суугаад л ирсэн. МИАТ-аас мөнгө төгрөг нэхсэн энэ тэрээ зүйл байхгүй. Улайм цайм гүтгэлэг гэж ойлгож байна.

Сур: Мөн өндөр эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг онгоцны арын суудалд тусгаарлахад таныг хэрүүл хийж шаардлага биелүүлээгүй  улмаар онгоцны бизнес суудалд дур мэдэн суусан гэсэн байна?

Ц.Бат-Энх: Би бүх шаардлагыг биелүүлээд явсан. Энэ талаар анхны мэдээллийг өгсөн zarig.mn сайтыг хууль хяналтынх нь байгууллагад өгч байгаа. 200 гаруй хүний нүдэн дээр болж байгаа үйл явдлыг амьд гэрч нар байхад ингэж бичиж байгааг шууд санаатай үйлдэл гэж харж байна. Онгоцонд байсан тэр олон хүн цагдаа, гав, баривчилгаа болоогүй гэдгийг харсан.

Сур: Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг ажлаас нь чөлөөл хэмээн үүрэгдсэн улмаар ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээллүүд байна. Намын зүгээс таны ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаснаа мэдэгдсэн үү

Ц.Бат-Энх: Би ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй, хэрэг төвөг хийгээгүй. Ажлаас чөлөөлөгдөх шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байгаа. Би намын бага хурлаас сонгогддог сонгуульт албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан. Чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Миний эсрэг зохион байгуулалтанд орж, илт гүтгэлэгт шилжиж байгаа юм байна. Гэхдээ би айхгүй.

Сур: Одоо та эмнэлэгт байгаа юу?

Ц.Бат-Энх: Тийм ээ,  би одоо эмнэлэгтээ байна. Шинжилгээгээ өгөөд тандалт хийгдэж байна. Нийт 69 хүн байна энд.

Сур: За танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21