Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

2023-11-18 0

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг сэнтийд нь заллаа.

Тэрбээр энэ Д.Чойжамц хамбад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн бөгөөд “Ирэх жил цагаан сар гарсны дараа таны таалсан өдөр МБШТ Гандантэгчинлэн хийдээс танд өлмий бат, мэлмий тунгалаг байж, сүсэгтэн олон лам хуврагууддаа сургаал номлолоо урт хугацаанд айлдан бурхны шашныг дэлгэрүүлэхэд өвгөдийн зохиосон зохиол адил зохиож хайрлана уу хэмээн бат оршил даншиг өргөе гэж би айлтгаж байгаа юм. Үүнийг та хүлээн авна уу” гэсэн юм.

Мөн тэрбээр айлдвар айлдлаа.

Ингэхдээ “Авралт багш, гурван эрдэнэ дор гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе болгоон соёрх оо. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол УИХ-ын дарга эрхэм Гомбожавын Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд болон засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны үзэсгэлэн бологч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн тэргүүн их хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай, шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо.

Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашны соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн МУСГЗ, 29 дүгээр Хамба номун хан, хансүр гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.

Их монгол орноо бурхны шашны соёл хэдэнтээ дэлгэрч, монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Их монгол орноо бурхан шашны соёлоо Бурхан багш бээр “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ хэмээн бошиглон зарлигласны дагуу бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартан хичээн зохиосон Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирмуй.

Өнөө цагийн Монголын бурхны шашны тэргүүн Дээрхийн гэгээн оройн дээд Очирдарь X Богд Жавзандамбахутагт Данзанванжилчойжоованчиг дээдэс, хутагт хувилгаад хамба ловун, гэвш гавж тэргүүтэй лам хуврагуудын бурхны шашны төлөө зохиож буй үйлс бүхэнд даган баясая.

Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалийг айлдахдаа “Бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлонг хүсэхгүй хэн бэ, бие болоод зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүн таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн билэг ухаан, бусдын энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болж сайжрах ёстой шүү” гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцахад хэрэгтэй хэмээн Бурхан багш айлдсан.

Тиймээс бурхан багшийн сургаалийн уг шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүний олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая. Ингээд та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөгөөд бурхны шашин дэлгэрэхийн ерөөлийг айлтгахыг хүлээн авна уу.

Болгоогч багшийн өлмий батжин, билгүүн хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж зовлонгоос хагацуулагч бурхны шашин дэлгэрэх болтугай.” хэмээсэн юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Гандантэгчэнлин хийд АНУ-д төлөөлөгч томиллоо

МБШ Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн. Энэ бод

2024-09-04

“Түмт” төмөр хашаа үйлдвэрлэгч Б.Төгсбаатар: Ажлыг цагт нь чанартай хийхэд болчихдог, манай залуус ₮3-6 саяын цалин авдаг

Тэр наран ургах зүг Сүхбаатар аймгийн унаган хүүхэд. Бага наснаасаа малчны хотонд хурга, ишиг, тугал

2024-08-09

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30