“Оюу толгой” компани зуун сая мод тарьж, ургуулна

2023-02-10 0

Монгол Улс, Улаанбаатар хот – Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани нэг зуун сая мод тарьж, ургуулах үүрэг, амлалт авсан. Уг амлалтаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх, ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, талууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг тухайд нь авах, үзүүлэх зорилгоор талууд хамтран ажиллах юм. Нэг зуун сая мод тарьж, ургуулах амлалтаа хэрэгжүүлэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дараах үндсэн зарчмуудыг баримталж байна. Үүнд:

• Зөв газар, зөв модыг зөв зорилгоор тарьж, ургуулах,
• Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах,
• Урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх,
• Талуудын оролцоог хангах зэрэг болно.
“Оюу толгой” компани нэг зуун сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 60:40 гэсэн харьцаа баримтлах өөрөөр хэлбэл 60 сая мод тарьж ургуулах ба ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг 40 сая мод тарьсантай дүйцүүлэн тооцох байдлаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Үндэсний стратегийн зорилт тус бүртэй уялдсан мод тарих, ойжуулах ажлуудыг дараах байдлаар төлөвлөсөн.
• Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол орны сэрүүн бүсийн ойд 16,000 га орчим талбайг ойжуулах
• Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр говь цөлийн бүсэд 2,600 га-д загийн ойг нөхөн сэргээх
• Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг хөгжүүлэх чиглэлд 160 га талбай бүхий жимсний аж ахуй, агро-ойн зурвас байгуулах
• Монгол орны томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 1,280 га талбайд бургас тарьж ургуулах
• Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох чиглэлээр 200 га талбайд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлд нийтдээ 360 га талбайд хамгаалалтын зурвас байгуулах
• Сэрүүн бүсийн ойн сан бүхий газарт хариуцлагагүй уул, уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах ажлыг 500 га талбайд хийнэ.
Үүний зэрэгцээ 40 сая модтой дүйцэх үйл ажиллагааг дараах байдлаар хийж, гүйцэтгэх юм.
• Орон нутгийн иргэдэд түшиглэсэн мод үржүүлгийн газруудыг шинээр барьж байгуулах, ургуулсан тарьц суулгацыг нь худалдан авч ойжуулалт хийх замаар орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих
• Үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газрын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах дэмжлэг үзүүлэх замаар тарьц, суулгац ургуулах тоо хэмжээ буюу жилийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
• Ойн салбарын чадварлаг мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах аялал зохион байгуулах, танхимын болон талбайн сургалтууд зохион байгуулах
• Ойжуулах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах чиглэлээр судалгаа хөгжүүлэлт (R&D and innovation), туршилтууд хийх

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Оюу толгой” компанитай 2022 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Ялбагийн хөндийд 334.5 га газрыг нөхөн сэргээх гэрээнд гарын үсэг зурж, Ялбагийн хөндийн нөхөн сэргээлтийг 2022-2024 оны хооронд хийж дуусгахаар ажиллаж байна. Өнөөдөр 100 сая мод хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудыг цааш далайцтайгаар үргэлжлүүлэхээр талууд хамтын ажиллагааныхаа зарчмуудыг тохирч байгаад баяртай байна.” хэмээн хэлж, амжилт хүслээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер “Нэг зуун сая мод тарьж ургуулах амлалт хүлээн авснаас эхлэн бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чиглэл өгч ажиллаж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газрын хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Төр, засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсний дүнд нэг зуун сая мод тарих Оюу толгойчуудын амлалтыг бодит ажил хэрэг болгох бичиг баримт боловсрогдон гарлаа.”
“Нэг зуун сая мод тарих ажил бүрэн хэрэгжсэнээр Монгол орны ойн талбай үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн төслийн урт хугацааны тогтвортой байдал, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бид бүхэн онцгойлон анхаарсан. Чингэхдээ дан ганц мод тарьж ургуулахад бус, үндэсний болон орон нутгийн түвшинд чадавхыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг дэмжих, мод үржүүлэх газрын дэд бүтцийг бий болгох зэрэгт хөрөнгө оруулан ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Живсэн хоёр хүүхдийг авраад 19 настай хүү өөрөө нас баржээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд з

2024-06-19

“Баян” өндөглөгч тахианы аж ахуйн 400 мянган шувуу түймэрт өртжээ

Өчигдөр /2024.06.04/ Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах "Баян" өндөгний үйлдвэрийн аж аху

2024-06-05

“Гацуурт” -ын Л.Чинбатыг маргааш Сэлэнгэ аймагт шүүнэ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гацуурт” ХХК-ийн захирал

2024-04-30