Б.Солонгоо: Арбитрын маргаанд ЗГ нэхэмжлэлээ татахгүй, хөрөнгө оруулагчийн хүсэлтээр он дуустал түр түдгэлзүүлсэн

2023-10-25 0

“Оюу толгой” ХХК-ийн татварын маргаантай холбоотой асуудлаарх ажлын хэсгийг ахалж буй, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоос эл төслийн явцын талаарх зарим зүйлийг тодрууллаа.

Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д хоёр удаа, нийт 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан байдаг. Харин хөрөнгө оруулагч тал энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Улмаар Арбитрын шүүхэд маргаан шилжсэн байдаг.

Хуулийн дагуу, маргаан шүүхээр шийдэгдтэл актын дүнг төлөх ёстой. Хэрэв шүүхийн шийдвэр “Төлөх ёсгүй” гэж гарвал, “Оюу толгой” ХХК төлсөн дүнгээ буцааж авна. Энэ үүднээс Засгийн газарт 649 тэрбум төгрөгийг “түр төлөөд” байгаа бөгөөд үүнийг иргэн бүрд 300 мянган төгрөг болгон тараасан. Арбитрын шүүх дээр ЗГ унавал нэгэнт иргэдэд тараасан энэ мөнгийг “Оюу толгой” ХХК-д төлөх болох тул энэ сэдэв анхаарал татдаг.

Мөн Оюу толгойн хэлэлцээрт дутуу үлдсэн, хэрэгжээгүй байгаа бусад асуудлууд гэх мэт мэдээллүүдийг тодруулсан юм.

103-р тогтоолд даасан хөндлөнгийн аудит хийлгэх ажил эхлээгүй, аудит хийх этгээдийг ч сонгоогүй байна

-УИХ-ын 103 дугаар тогтоолоос одоо “хөндлөнгийн аудит хийлгэх”, “татварын актуудын биелэлтийг хангуулах” гэсэн хоёр заалт хэрэгжээгүй байгаа гэж ойлгож буй. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит орсон уу. Орсон бол дүгнэлтийн талаар товч мэдээлэл өгөх боломжтой юу?

-“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 103 дугаар тогтоол 2021 оны сүүлээр батлагдсан. Засгийн газраас энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус тогтоолын 3-т Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийх асуудал тусгагдсан. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь төслийн оролцогч талуудад ирэх үр өгөөжид сөргөөр нөлөөлж, Монгол Улсын тус төслөөс хүртэх үр өгөөжийг бодитой бууруулах хүчин зүйлс болсон. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас санаачлан төслийн зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулсан.  Энэхүү хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал, санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийг гаргасан байдаг. Улсын Их Хурлаас ч энэ чиглэлээр тогтоол гарсан. Харамсалтай нь энэ ажил бүрэн хэрэгжээгүй байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр талууд хөндлөнгийн аудит хийх ажлын цар хүрээтэй холбогдуулж тохиролцож чадаагүй, аудит хийх этгээдийг ч сонгоогүй байна. Энэ аудит бодитоор хөндлөнгийн байх үндэс нь ажлын цар хүрээг манай талын оролцоотойгоор тодорхойлж, хөндлөнгийн хараат бус буюу тус төслийн менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто компанитай аливаа сонирхлын зөрчилгүй этгээд аудитыг гүйцэтгэх шаардлагатай.

“Эрдэнэс оюу толгой” компани манай 34%-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй компанийн хувьд энэ асуудалд нухацтай хандаж ажиллах шаардлагатай.

Талуудын зүгээс нэхэмжлэлээ татах тухай мэдээлэл ирээгүй

Харин татварын актын маргаан арбитрын шүүхэд үргэлжилж байгаа шүү дээ. Сүүлд авсан мэдээллээр энэ агуулгаар ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. “Рио Тинто” тал нэхэмжлэлээ татах байр суурь илэрхийлдэг гэдэг үнэн үү?

-Оюутолгой ХХК-д ногдуулсан татварын актуудтай холбогдох арбитрын маргаан үргэлжилж байна. Рио Тинто компанийн зүгээс маргаантай холбогдох асуудлаар зөвшилцөх хүсэлт гаргасны дагуу маргааныг энэ он дуустал түр түдгэлзүүлсэн. Хэрэв талууд маргаан түдгэлзүүлсэн хугацааг сунгах хүсэлт гаргахгүй бол холбогдох хуваарийн дагуу арбитрын маргаан үргэлжилж Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр маргаан шийдвэрлэгдэнэ гэсэн үг.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд Монгол Улс хариуцагчаар татагдаж маргаан үүссэн нөхцөлд ажлын хэсэг байгуулдаг. Энэхүү ажлын хэсгийг ихэвчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам ахалдаг. Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын актуудтай холбогдох маргаантай холбогдуулж ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна.  Рио Тинто компанийн зүгээс маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх асуудлаар хоёр ч удаа албан бичиг санал ирүүлсэн. Нөгөө талаас Татварын ерөнхий хуульд аливаа хуулийн этгээд, татвар төлөгчтэй хэлэлцээр хийж, тохиролцохыг хориглосон байдаг. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 76.2-д хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно гэж заасан. Түүнчлэн, тус хуулийн 76.4-д татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд шийдвэр гаргахыг хориглосон.

Тиймээс Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой ХХК-д ногдуулсан татварын акттай холбогдуулж ногдуулсан дүнг бууруулах, эсвэл хэсэгчлэн тохиролцох боломжгүй юм. Нөгөө талаас УИХ-ын 103 дугаар тогтоолд “татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгсөн. Рио Тинто болон Оюутолгой ХХК-ийн зүгээс нэхэмжлэлээ татах талаар тодорхой байр суурь илэрхийлсэн мэдээлэл одоогоор аваагүй.

Засгийн газар шинээр “Herbert Smith Freehills” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байна

Мөн зарим эх сурвалж “Рио Тинто” татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй, арбитрын маргааныг үргэлжлүүлнэ гэсэн хэмээн мэдэгдэж байгаа. Маргааны хүрээнд хамгийн сүүлд ямар шинэ нөхцөл байдал үүсээд байгаа вэ? Ажлын хэсэг ямар агуулгаар тохирохоор хэлцэл хийж байгаа вэ?

-Дээр дурдсаны дагуу бид татварын актуудтай холбогдуулж тохиролцох болон Рио Тинто компанийн санал болгож байгаагаар ногдуулсан дүнг хэлэлцээрийн замаар бууруулах боломжгүй юм.  Тодруулахад энэхүү маргаан маань Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан юм. Рио Тинто компани маргааны оролцогч тал биш гэдгийг тодорхой дурдах нь зүйтэй. Мэдээж Оюутолгой ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчийн хувьд маргаантай холбогдох асуудалд Рио Тинто компани оролцоод явдаг болов уу. Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд ч Рио Тинто компани гарын үсэг зурсан хэрнээ гэрээний тал гэж явдаггүй, тодорхой үүрэг хүлээсэн заалт байдаггүйг дурдах нь зүйтэй.  Харин хөрөнгө оруулагчаар манай хувь эзэмшилтэй Оюутолгой ХХК-ийг тодорхойлж тодорхой үүргүүд хүлээсэн байдаг.

Маргаантай холбогдуулж Засгийн газрын хуулийн зөвлөхөөр Herbert Smith Freehills хуулийн фирмийг томилон ажиллуулж байна. Өмнө нь Засгийн газарт зөвлөгөө өгч байсан Кинг энд Спалдинг хуулийн фирм үргэлжлүүлэн зөвлөгөө өгөх боломжгүй болсон шалтгаанаар шинэ хуулийн зөвлөх томилон ажиллаж байна.

Ер нь арбитрын маргаан дээрх Монголын талын байр суурь өөрчлөгдсөн үү. Яг одоогийн нөхцөл байдалд ямар байр суурь баримталж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа вэ?

-УИХ-ын 103 дугаар тогтоолд татварын актуудыг нэг мөр ойлгож хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ажлын хэсгийн хувьд татварын актуудыг үндэслэлтэй гэсэн байр сууриа хадгалж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангаж хуулийн зөвлөхтэй хамтран ажиллаж байна.  Ер нь татварын актуудад дурдагдсан асуудлууд Оюутолгой ХХК бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш эхтэй, олон жил үргэлжилж буй маргаан гэдгийг дурдах нь зүйтэй.  2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний “Татварын орчин”  нэртэй хоёрдугаар бүлгийн заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгох уу гэдгээс зарим маргаантай асуудал үүссэн байдаг. 2015 онд зарим маргаантай асуудлаар бидний хэлж заншссанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж шийдвэрлэхийг оролдсон байдаг. Тухайн үед Дубайн гэрээний холбогдох заалтуудыг УИХ-аар бүү хэл, Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр гарсан.

Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинтой холбоотой заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгохыг эцэслэн шийдвэрлэхгүй бол маргаан цаашид ч үргэлжлэх нь тодорхой юм. Оюутолгой ХХК-ийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн өөрчлөлтөд гар бие оролцох чин хүсэлтэй, хүлэмжийн хий бууруулахад анхаарна гэж мэдэгдлийг хийдэг ч агаарын бохирдлын төлбөр болох 3 сая төгрөгийг ч төлөхгүй гэж маргадаг.  Рио Тинто компанийн хувьд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомж бүхэлдээ тогтворжсон гэсэн байр суурийг баримталдаг. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан гэсэн манай байр сууриас эрс ялгаатай юм. Тухайлбал 2009 оноос хойш манай татварын хууль тогтоомж үнэ шилжилт, ашгийг шилжүүлэх гэх мэт асуудлаар улам боловсронгуй болж, нарийвчилсан зохицуулалттай болсон нь Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарахгүй гэж маргаж буй асуудлууд байдаг.  Ашиг шилжүүлэх, үнэ шилжилтийн асуудалд Оюутолгой төслийн хувьд бодитой байдаг, анхаарал татах асуудал юм. Тухайлбал, Оюутолгой ХХК Рио Тинто компанид 12 тэрбум ам.долларын өртэй, тухайн зээлд одоогоор жилийн 12 орчим (6.5%+LIBOR/SOFR) хувийн хүү төлж байна.

Бидний авсан мэдээллээр хувь нийлүүлэгчийн зээлээс гадна Рио Тинто компаниас хамтран санхүүжүүлэгчийн хувьд сүүлд олгосон 580 сая  ам.долларын зээлийн эргэн төлөлтийн баталгаанд Оюутолгой ХХК мөн 1.9%-ийн баталгааны шимтгэлийг Рио Тинто компанид төлдөг байна.

“Оюу толгой” ХХК энэ жилдээ нэмж 1 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай гэж мэдээлэл ирүүлсэн

-Ташрамд, Оюутолгой төслийн далд уурхайн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Бидний хэлэлцээрт дээрх хоёр агуулгаас бусад анхаарал татах нөхцөл байдал бий юу?

-Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрдэнэс оюу толгой ХХК-д хүргүүлж холбогдох дүн шинжилгээг хийж ажиллах нь Эрдэнэс оюу толгой ХХК-ийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаардаг. Төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллийг Ажлын хэсэг авсан.  Түүнчлэн, бүтээн байгуулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс нэмэгдэж буй талаар мэдээллүүд мөн гарч байна.

Дээр дурдсан асуудлаас гадна бидний анхаарах зүйл Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашигтай үйл ажиллагааг дэмжиж бодит хяналт тавьдаг байх нь чухал. Түүнчлэн, Оюутолгой ХХК-ийн өрийн дарамт жил бүр нэмэгдэж байгааг зайлшгүй дурдах нь зүйтэй. Тус компани одоогийн байдлаар 16 тэрбум ам.долларын өртэй байна. Үүнээс 4 тэрбум ам.доллар нь төслийн санхүүжилтийн зээл буюу олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авсан зээл байдаг. Харин үлдэгдэл 12 тэрбум ам.долларын зээл нь Рио Тинто компанид төлөх ёстой зээл. Тус зээлийн хүү нь одоогоор жилийн 12 орчим хувь байгаа нь их өртөг өндөртэй зээл гэсэн үг. Энэ жилдээ Оюутолгой ХХК нэмж 1 тэрбум гаруй ам.долларын зээл авах шаардлагатай гэсэн мэдээллийг ирүүлээд байна. Энэ асуудал Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдэгдэхээр хүлээгдэж байна.

Цаашид Оюутолгой ХХК-ийн өрийн хэмжээг бууруулах, өр, орлогын харьцаанд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчийн зээлийн асуудлыг хөндөж ярих нь манай улсын төсөвт тус төслөөс ирэх үр өгөөжид бодит хувь нэмэр болно.  Оюутолгой төсөл бол дэлхийн хэмжээний том төсөл гэхдээ энэ төсөл маань Монгол Улсад ч бодит үр өгөөжтэй байх хэрэгтэй.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Малчид хоршоонд нэгдсэнээр ₮50 саяын зээлийг 60 сарын хугацаагаар авах боломж үүснэ

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөө

2024-04-30

Т.Бадамжунайд холбогдох хэргийг “буруу тусгаарласан”, “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх” үндэслэлээр прокурорт буцаалаа

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ш

2023-11-03

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн амжилт, дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэе

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

2023-11-01