
150 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпорац болох “Рио Тинто” -гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл гүний уурхайгаа албан ёсоор нээх гэж байна. Ингэснээр Оюутолгой дэлхий дээрх зэсийн дөрөв дэх том мега төсөл болох бөгөөд Оюутолгой төсөл цаашаа хэрхэн өрнөж болох талаарх агуулгыг хүргэж байна.
-Хэлэлцээрт шинэ алхам гарахгүй-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсний дараа Оюутолгойн төслийн хэлэлцээр хоёр дахь шат руугаа шилжинэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татсан. Энэ асуултад “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Хэлэлцээрт шинэ алхам гарахгүй” гэсэн үгээр хариулт өгч буй. Яг ийм санааг холбогдох албаныхан ч онцолж, “Ганц мега төслөө одоо дахин тонгочуулаад яах вэ” гэсэн байдлаар асуудалд хандав. Тэгэхээр гүний уурхай үйлдвэрлэл эхэлсний дараа Оютолгойн хэлэлцээрийн хоёр дахь шинэ үе шат өрнөнө гэх агуулга үндсэндээ няцаагдаж байна. Гэхдээ яг ийм мессежийг Ерөнхий сайдын хувиар Л.Оюун-Эрдэнэ яагаад онцолж ярив гэдэг нь сонирхолтой хэвээр үлдэж байна. Оюутолгойн хэлэлцээрийн явцыг маш товчоор эргэж мэдээллэхэд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Рио Тинто” талынхантай хэлцэл хийж, монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, ирээдүйд үүсэхээр байсан 22 ам.долларын эрсдлийг хааж, Дубайн гэрээг цуцлах тохироонд хүрсэн. Эл тохиролцоонд хүрэхийн тулд Засгийн газар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар тэргүүтэй поп гишүүдээ хүртэл дайчилж, эв санааны хувьд хэвлэлүүд ч харьцангуй нэгдмэл байдлаар асуудлыг шийдэхэд оролцсон сайн түүхтэй. Үүнээс цааш хэлэлцээрийн түвшинд тохирсон хоёр талын агуулгыг илүү нарийвчлах ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын 103-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм.
-Оюутолгойн татварын маргаан Арбитрт үргэлжлэх эсэх хүлээлт-
103-р тогтоолд Оюутолгой төслийн татварын маргааныг ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэх гарцыг эрэлхийлнэ гэх агуулга бий. Нэг ёсондоо монголын тал төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл дэх УИХ-ын 92-р тогтоол нь хэлэлцээрээр амжилтад хүрсэн ч нөгөө талд нь “Бид 2023 оны эхний улиралд багтаан, далд уурхайгаа эхлүүлнэ. Тиймээс та бүхэн арбитрын маргаанаа түр түдгэлзүүлчих” гэсэн хөрөнгө оруулагчдын шахалтыг 103 дугаар тогтоолоор битүү утгаар дэмжчихсэн логик харагддаг.
Энэ хүрээнд арбитрын маргааныг хойшлуулах хөрөнгө оруулагчдын хүсэлтийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2023 оны наймдугаар сар хүртэл түр түдгэлзүүлээд байгаа юм. Эдүгээ ажлын хэсгийнхэн “Татварын маргаанаа шийдэх гарц эрэлхийлж байна” гэх бөөрөнхий үгтэй сууж буй. Ядахад, ковидын хөл хорионы үеэр Оюутолгой төслийн татварын маргаанд холбогдох 1.2 их наядын урьдчилсан шилжүүлгийг иргэддээ 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Арбитр дээр маргаан үргэлжлэх эсвэл ажлын хэсгийн хүрээнд шийдэгдэхээс хамаарч, халамж болгоод тараачихсан 1.2 их наядыг хөрөнгө оруулагч талд төлөх эсэх нь шийдэгдэх эгзэгтэй асуудал юм. Тиймээс гүний уурхай нээгдсэний дараа Монгол Улс хөрөнгө оруулагч талдаа тавьсан татварын маргаанаар Арбитрын нэхэмжлэлээ хэрхэх вэ гэдэг асуулт чухлаар тавигдаж байна. Магад Ерөнхий сайдын “хэлэлцээрийн шинэ шат” хэмээн онцолсон өнцөг нь энэ ч байж болох юм.
-Оюутолгой 120 сая ам.доллароор авч буй эрчим хүчийг Тавантолгой цахилгаан станц нийлүүлнэ-
Хөрөнгө оруулагчид эдүгээ “Та бүхэн станцаа барьчихвал бид цахилгаанаа авна. Биднээс шалтгаалах зүйлс алга” гэх утгаар энэ асуудалд хандаж буй. Угаас Засгийн газар “Бид өөрсдөө Тавантолгой цахилгаан станцаа барина. Та бүхэн эрчим хүчээ эндээс авна” гэх агуулгаар шийдвэрээ гаргачихсан юм хойно, тэдний зөв. Гэхдээ л жил тутам 120 сая ам.долларын эрчим хүчний импортыг БНХАУ-аас эл төсөл хийж буй нь монголын яаравчлах асуудлуудын нэг гэдгийг сануулна. Аль эрт бариад ашиглалтад оруулчих байсан эл станц улс төрчдийн ашиг сонирхол, бүлэглэлүүдийн зодооны хэрэгсэл болж, цаасан дээр он удаан үргэлжилж буй нь энэ. Гүний уурхайг хурдан ашиглалтад оруулж, олборлолтоо эрчимжүүлэх нь хөрөнгө оруулагчдын мөрөөдөл байсан. “Рио Тинто” ийм алтан үеийнхээ өмнөхөн “Туркоиз хилл Ресурс”-тай удаан хугацааны амаргүй хэлцэл хийж, хувьцаагаа бүрэн шилжүүлж авсан нь ч учиртай. Эдүгээ Төв банкны валютын нөөцөд үзүүлдэг жин, эдийн засгийн бусад суурь үзүүлэлт зэрэгт Оюутолгой төсөл эерэг нөлөөллөө цаашид ч үргэлжлүүлэх нь тодорхой юм. Цаашид Монголын тал дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх мега төслөөсөө ногдол ашгаа яг хэдийд хүртэж чадах, эрчим хүч, татварын маргааны асуудлаа хэрхэн өөрийн улсдаа эерэгшүүлэн шийдэх зэрэг хүлээлт дагуулсан асуудлууд байсаар байна.