
Өнөөдөр /2023.03.13/ далд уурхайн олборлолтын нээлт хийх түүхэн өдөр.
Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь 1100-1300 метрийн гүнд бий. Энэ нь ордын нийт нөөцийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд далд уурхай барьж, олборлож эхэлж байгаа нь энэ. Далд уурхайд олборлох хүдрийн биетийн урт нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх газартай тэнцэнэ. Ил уурхайтай харьцуулахад далд уурхай дахь хүдрийн биет дэх зэс, алтны агуулга 1.66 хувь буюу дөрөв дахин их гэгддэг аж. Дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхай болно гэж албаныхан онцолсон. Эдийн засгийн үр өгөөж ямар вэ гэж сонирхох хүн олон. Тогтвортой олборлолтын түвшинд хүрснээр жил бүр хагас сая орчим тонн зэс олборлоно. Оюу толгойн үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэнээр жилд 5 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоод байна. Манай эдийн засагт том сэргэлт авчирна.
Оюутолгойн хэлэлцээрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ахиулсан. Тэд “Рио Тинто” талынхантай хэлцэл хийж, Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, ирээдүйд үүсэхээр байсан 22 ам.долларын эрсдэлийг хааж, Дубайн гэрээг цуцлах тохироонд хүрсэн. Эл тохиролцоонд хүрэхийн тулд Засгийн газар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар тэргүүтэй поп гишүүдээ хүртэл дайчилсан түүхтэй. Үүнээс цааш хэлэлцээрийн түвшинд тохирсон хоёр талын агуулгыг илүү нарийвчлах ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын 103-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм.
Гүний уурхай үйлдвэрлэл эхэлсний дараа Оютолгойн хэлэлцээрийн хоёр дахь шинэ үе шат өрнөнө гэж Засгийн газрын тэргүүн хэлж буй. Гэхдээ “Рио тинто” тал няцааж байгаа. Эл асуудал хэрхэх нь анхаарал татах дараачийн асуудал яах аргагүй мөн юм. Арбитрын маргааныг хойшлуулах хөрөнгө оруулагчдын хүсэлтийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2023 оны наймдугаар сар хүртэл түр түдгэлзүүлээд байгаа. Үүнийг дахин сунгах асуудал гарах уу, цааш хэрхэн үргэлжлэх тухай ч бас асуудал бий.