Ялгаварлан гадуурхалт ба хөгжлийн бэрхшээлтэй хүн баймааргүй мэдрэмж

2022-12-03 0
Намайг Мөнхтулга гэдэг. Жирийн л нэг залуу. Хүсэл мөрөөдөл, зорилготой, ононо, алдана, баясна. Бас эморно. Яг л та бүхний ижил. Гэтэл намайг жирийн бус гэж үздэг. Учир нь би тархины саажилттай. Тиймд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэнэ. Энэ нь надад ерөөсөө таалагддаггүй. Энэ нэршилийг солино гэдэг. Солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж харж байгаа. Учир нь хүн гэдэг утгаас хэсэг бүлгийг нь тасалж байгаад юу гэж нэрлэх нь чухал бус. Харин тэр хэсэг бүлгийг хүн утгаа алдахгүй байхад, нийгэмд үүрэг хүлээж, хариуцлага хариуцахад туслах нь хамгийн сайн шийдэл юм.
За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүн баймааргүй үе алхам дутам тулгарч, ялгаварлал мэдэрч амьдрах ямар байдаг талаар та бүхэнд хуучилдаг юм билүү дээ.
Байж боломгүй ялгаварлал
Хүмүүн төрөлхтөн үүссэн цагаас л ялгаварлан гадуурхалт байсан мэт. Учир нь хүмүүс нийтлэг хэлбэр, ойлголтоос өөр хүмүүсийг хүлээн авч ойлгож чадахгүй тул ялгаж, ангилна. Эсвэл буруу ойлголттой, үзэн ядах, өөрөөсөө дор гэж үзэхээс үүдэлтэй ялгаварлал эхэлнэ. Өнгөт арьстангууд, еврэйчүүд, зүгээр өөр шашны шүтлэгтэнгүүд, нийгмийн дээд доод давхаргынхнаа ялгаварлаж гадуурхах тохиолдлын жишээ дэлхийн түүхнээ маш олон. Гэтэл эднээс тэс хөндлөн – өөр хэлбэрийн ялгаварлан гадуурхалт байна. Энэ нь хэсэг хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэчихээд эрүүл мэнд, гадаад төрх, чадамжаас нь шалтгаалан ялгаварлаад байдаг. Хамгийн сонин нь энд үндэс угсаа, арьс өнгө, нийгмийн давхарга, санхүүгийн чадамж, боловсрол ямар ч хамаагүй. Ямар ч сайн угсаатай, сайхан төрхтэй, гайхалтай авъяастай, ховор мэргэжилтэй, нэр алдартай, хэмжээлшгүй баян байх нь хамаагүй. Ямар нэг эмгэгтэй, өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг тодорхойлолтонд орсон л бол ялгаварлуулна, гадуурхагдана. Би энийг нийгмийн гажиг гэж үздэг. Учир нь тэр хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлсон хүмүүсээ нийгмээсээ ялгаад гадна нь гаргаад тавьчихдаг. Нийгмийн анги давхраа нь босоо тогтолцоотой, дээд доод гэж тодорхойлогддог бол хөгжлийн бэрхшээлтэй учраас ялгаварлан гадуурхах нь өөрөө тэр бүх давхаргаа зэрэгцүүлж авч үзэж байгаад, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хэвтээ шугамаар ангилах гээд байдаг. Тэр хүний чадамж, чадвар, угсаа гарал, боловсрол гэх зэрэг нь ямар ч хамаагүй. Хөгжлийн бэрхшээл л бол хөгжлийн бэрхшээл. Энэ тохиолдолд би л лав “хөгжлийн бэрхшээл” гэх утгаас “хүн” гэх утгаа салгаж аваад урдаа баримаар санагддаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээл нь чухал юм уу, хүн байх нь чухал юм уу? Ийн тулган асуумаар, нийгмээс…
Хөгжлийн бэрхшээлийг тулган хүлээлгэхүй
Ялгаварлан гадуурхалт гэж юу вэ? Энэ асуултанд хамгийн энгийнээр хариулахад “Өөр байсных нь төлөө өөрөөр хандах” гэж хэлж болно. Тэр хандлага эерэг, сөрөг, санаатай, санаандгүй, ямраар ч илэрч болно. Үүний эцсийн үр дүн нь ихэнх тохиолдолд муу байдаг нь энэ бичвэрт тодорхой харагдана.
Миний хувьд “Хөгжлийн бэрхшээл” гэдэг үгнээс нь ялгаварлал эхэлж байгааг би яг одоо мэдэрч байна. Учир нь хэн ч хүсээгүй, би ч мэдээгүй байхад л “Чи хөгжлийн бэрхшээлтэй” гэж тодорхойлно. Бусдыг, бүх хүнийг яагаад тэгэхгүй байгаа нь сонин, бас шударга бус. Яг л эндээс бүх ялгаварлал, гутаан доромжлол, дооглол, харж үзмэр болсон басамжлал эхэлдэг дээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй учраас” гээд л эхэлнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй та нар”гээд л тусдаа бүлэг үүсгэж харьцана. “Хөгжлийн бэрхшээлтэй та нартаа” гээд л нэг тийм доромжлоод байгаа юм шиг юм ярина. Тэгээд л нэг тусдаа харилцаа, үйлчилгээ, орон зайтай байх ч ёстой юм шиг. Нийгэмд орохоор “За яахав, энэ хөгжлийн бэрхшээлтэй нөхөрт боломж олгох албатай” гэсэн хандлагаар дуртай дургүй харьцана. Нэг тийм хүчээр, албан шаардлагаар…
Энэ асуудлуудыг бид мэддэг атлаа ил гаргаж илэрхийлдэггүй. Бид “Хүн” хэмээх нандин утгыг хүмүүсээс санаатай бусаар, заримдаа санаатайгаар огтчиж буйгаа анзаардаггүй.
Хүн байхын тулд би хөгжлийн бэрхшээлтэй баймааргүй байна. Учир нь би хөгжлийн бэрхшээл бус хүн. Хүн гэх бодьгалд ганцхан өвчний шалтгаанаар тулган хүлээлгэх хөгжлийн бэрхшээл нь нийгмийн харанхуй тархинд буглаатай л даа.
Үүний шалтгааныг тайлбарлавал
Хүн бүр хүүхэд байсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхэдтэй сурч, боловсорч, хөгжиж дасан зохицоогүйгээс бусад хүүхдүүд ялгаатай байдлын тухай ойлголт дутмаг, мэдэхгүйгээр өсдөг. Тэгмэгц тусдаа байсан хүмүүс нэг нийгэмд л амьдарч тулгарна. Тэгэхээр “Хөгжлийн бэрхшээлтэй” гээд харь гаригийн хүн гэдэг шиг тусдаа, тэс өөр хүмүүс мэтээр ойлгодог нийтлэг ойлголтыг хугасхан авчихна. Энэ буруу, дутмаг ойлголт, нийтлэг саармаг ойлголтыг засах арга нь хүүхдүүд хамт өсч торних, сурч боловсрох, найзлах явдал болно.
Сайхан сэтгэлийн сүүдэр
Хөгжлийн бэрхшээлтэй учраас ямар нэг байдлаар туслах, дэмжих, хөнгөлөх, харж үзэх ёстой гэсэн нийгмийн ерөнхий ойлголт байдаг. Энэ нь тэр болгон сайн сайхан зүйл биш байдаг. Яахав. Тухайн харж үзэж буй хүмүүст л сайхан мэдрэмж төрүүлж болно. Буян юм даа. Харин хөгжлийн бэрхшээлтэй учраас харж үзэж, хөнгөлөлт, хялбарчлал үзүүлэх нь надад л лав төвөгтэй санагддаг. Жишээ дурьдъя.
Нэг бүсгүйтэй болзов. Кино үзэх гээд тасалбар авахаар очтол маш удаан хүлээлгэж хүлээлгэж, эцэст нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт 2000₮ хөнгөллөө” гэсэн үг сонссон. Болзоонд явж байгаа эр хүн байдаг, тасалбар авах гээд 20 орчим минут хүлээсний эцэст тийм үг сонсох бас л нүүр улайлгаж, уушги сагсайлгадаг юм билээ. Зүгээр л хурдан шуурхай, ямар нэг ялгамжгүй үйлчилчихсэн бол би энд 20 минут хүлээсний эцэст 2000₮ хэмнэх нэртэй эвгүй байдалд орохгүй л байсан. Бараг 20000₮-ийг нэмж төлөөд хурдхан тасалбар авах боломж байсан бол ашиглахаар байсан. Би одоо 2000₮-өөр яах ч юм. Надтай болзон буй бүсгүй ч юу бодох юм.
Дэлгүүр орно оо, “Энэ хэд вэ?” гэж асуухаас өмнө “Наадах чинь үнэтэй штээ” гэнэ. Тэгээд л чанартайхан юм сонирхоод явахаар өөдөөс чанар муутай бараагаа “Энэ гоё шт” гэнэ. “Үгүй ээ, энэ хэрэггүй” гэхээр “Энийг үнэгүй ав” гэнэ. Би уг нь хэрэгцээгээ хангах гээд дэлгүүрт ирсэн байдаг, нэг нөхөр хэрэгцээ хангахгүй юм барьчихаад “Үнэгүй аваад зайл” ухааны юм яриад байдаг. Үнэхээр ядаргаатай. Зүгээр л “Таньд үйлчилмээргүй байна. Учир нь та хөгжлийн бэрхшээлтэй”эсвэл “Уучлаарай, таны мөнгө манай бусад барааны үнэд хүрэхгүй гэж бодож, бас таныг өрөвдөж байгаа учраас үүнийг өгч байна” гээд хэлчихвэл илүү шударга болох гээд ч байгаа юм шиг. Манай үйлчилгээ эрхлэгчдийн хамгийн том алдаа нь үйлчлүүлэгчээ үйлчлүүлэгч гэж хардаггүй, хувь хүн үүднээс нь хардаг.
Тэгсэн чинь би гэм хийчихлээ, эсвэл хэн нэгэнтэй өрсөлдөөнд орохоор шийдлээ гэж бодоход надад найр тавина. “Хөгжлийн бэрхшээлтэй амьтныг яах гэсэн юм “ гэж хандана. Уг нь эр бяраа үзвэл үзээд, ялж, ялагдаад, хариуцлагаа хүлээчихмээр санагдаад байдаг. Нэг л их энэрэнгүй зөөлөн хандлага. Харин яг буулт нь бол харгислалын шорон. Шоронд нэр төрөө хэрхэн хамгаалъя даа.
Би энэ бүхнийг мэдэрмээргүй байгаа болохоор хөгжлийн бэрхшээлтэй баймааргүй санагдана.
Үүний шалтгаан нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэхээр ямар ч чадамжгүй, халамж буян горилсон обьект гэсэн нийтлэг ойлголт юм. Шийдэл нь хэн бүхэн зэрэгцэн хөгжих, хөдөлмөрлөх боломжийг хууль эрхзүй, орчин нөхцлийг бүрдүүлэх билээ. Өөрөөр хэлбэл ялгаварлаад буй хүмүүстэй нь ижил хэмжээнд авч үзэх хандлагыг дэлгэрүүлэх юм. Яг л дорой гэдэг хандлагыг дэлгэрүүлсэн шиг.
Хөг ижил-гүй хүмүүс гэх ойлголт
Хөгжил хэмээх утгыг нэг номонд “хөг ижил” гэж тайлбарласан байсныг уншиж байлаа. Хөг гэж юу вэ? Аливааг бүтээх, бий болгох, үргэлжлүүлэх боломжит нөхцөл гэж ойлгож болно. Жишээ нь хөгжим хөглөхөөр зөв дуугаралттай болно. Хөг ижил гэхээр тухайн зүйлийг бусдын ижил бүтээх, хүлээн авах чадамжийг хэлж байна. Тэгвэл “хөгжлийн бэрхшээл” гэхээр хөг ижил байх боломжгүй гэж ойлгогдоно. Тэгтэл нөгөө хөг ижил биш хүмүүс нь хөгжөөд байдаг. Хөг ижил бус өөрийнхөө хөгийг бүтээгээд, магад бусдаас илүү гарч хөгжөөд байхад бас л ялгаварлан гадуурхана. Жишээ дурьдвал:
Би шүлэг бичдэг хүмүүн. Ном гаргаад л явахаар хүмүүсийн хэлдэг үг нь “Хөгжлийн бэрхшээлтэй байж ном гаргалаа” гэх. Энд миний бичсэн шүлгийн утга санаа ямар ч хүмүүст сонин биш – хамаагүй, магадгүй миний нэр ч хамаагүй. Харин миний хөгжлийн бэрхшээл байгаа нь л сонин болно. Уг нь бол миний бичсэн шүлгүүд хөгжлийн бэрхшээлтэй ямар ч хамаагүй утгатай ба миний хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь шүлэг бичихтэй ямар ч хамааралгүй байдаг. Миний бүтээж чадсан хөг буюу чадамж тэр.
Аливаа зүйлийг чадчихаар бас л “Хөгжлийн бэрхшээлтэй ч үүнийг чадчихлаа” гэнэ. Жишээ нь хэний ч хийж дийлэхгүй байгаа зүйлийг барьж аваад хийчихээр яг тэгж хандана. Бас л би хөгжлийн бэрхшээлээрээ тэр зүйлийг хийгээгүй, зүгээр л миний чадамж тэр. Хөгжлийн бэрхшээл энд ямар ч хамаагүй.
Би үүнийг чадна гэхээр өөдөөс “Чи чадах ёсгүй” гэж хэлэх гээд байдаг. Тэгээд маш олон боломжийг хаачихдаг. Уг нь чадахаа мэдээд, чадахгүй ч байсан туршиж үзэх гээд сэтгэлзүйгээ хөглөн хөвчилчихөөд байхад үгүйсгэл хүлээж авах нь хамгийн муухай мэдрэмж. Гитар тоглох гэтэл хөглөсөн утас нь тасрах мэт.
Жишээ нь би хичээлийн шаардлагаар музей үзэх хэрэг гарав. Музей үзэх гээд очтол хамгаалагч нь оруулдаггүй. “Харгалзах хүнтэй ир” гэнэ. Би учраа тайлбарлаад байхад намайг хүчээр гаргах гэж оролдлоо. Дотор минь уур хүрээд л, гар зөрүүлчихмээр санагдаад эхэллээ. Уг нь би түүх соёл, угсаатны талаар хэнээс ч дутахгүй мэдэх, маргааш нь бие даалтаа шалгуулах ёстой оюутан байгаад байдаг. Нэг нөхөр бие даагаад явж байгааг минь ч харахгүйгээр “Бие даан музей үзэж чадахгүй тул харгалзах хүнтэй ирэх ёстой” гэж үзээд байдаг. Хэрвээ харгалзах хүн хэрэгтэй байсан бол би энэ аймшгийн хотын дундуур яваад музейд ирэхгүй байсан шүү дээ. Тэгээд л залуу бас шазруун байсан тул хамгаалагчтай нь барьцалдаж аваад баахан зогслоо. Би нэрийг нь асуугаад л зогсоод байлаа. Тэгж тэгж би гарч яваад, буцаж ирэхдээ удирдлагад нь гомдол мэдүүлсэн бичиг үйлдээд, яг тэр хамгаалагчид өгөөд, уншиж байх хооронд нь музейн танхим руу орчихсон.
Энд намайг оюутан биш, зорилгогүй хүн, ямар ч мэдлэггүй, эсвэл биеэ авч явах чадамжгүй гэж үзээд байгаа нь ойлгогдоно.
Энэ бүхэн яг л нэг басамжлал буюу ялгаварлал юм. Учир нь чадах ёсгүй, хөгжих боломжгүй хүн нэг юм гэнэт чадчихаад байгаа мэт сонин хандлага. Үүнийг мэдрэхээр шартай хүний шар хөдлөх, гутранги хүний гутрал оргих…
Энэ нөхцлийг үүсгэхгүй байхад нэг л ойлголт хэрэгтэй гэж бодож байна. Хөг ижил гэх утга нь хувь хүнд байдаггүй. Харин хийж бүтээж буй үйлдэл нь бусадтай ижил үр дүнтэй байхыг хэлж байна гэж ойлгох. Учир нь хүн бүр ижлийг бүтээдэггүй, аливааг бүтээх чадамж нь ижил байдаггүй. Хэрвээ бүх хүн ижил чадамжтай байсан бол дуу болгон нэгэн хэмнэл, эгшигтэй байх байсан шүү дээ. Үүнийг ойлгох нь зарим дөнгө гавыг бага ч гэсэн суллах болов уу.
Зүгээр л амьдаръя
Хөгжлийн бэрхшээлтэй гэх тодорхойлолтонд багтсан буюу хүчээр багтаалгасан хүмүүс юу хүсдэг вэ? Энэ тухай та бүхэн бодож үзэж байсан болов уу?
Тэд зүгээр л амьдрахыг хүсдэг. Маш их хичээж, тэвчиж байж хөг чадамжаа олж авдаг. Маш их хичээгээд, чадамж ахичихаад нийгэмдээ оролцъё, улс түмэндээ хүчээ өргөе гэхээр л өөдөөс ялгаж хандаад, хөгжлийн бэрхшээл яриад байхаар урам хугарах байтугай үйрчихдэг.
Жишээ нь би алхаж чаддаггүй байсан. Алхаж сурахын тулд өвдгөө хэд шалбалж, шуугаа хэд зулгалсныг минь хэн ч тоолоогүй. Тоолох ч хэрэггүй. Энэ миний асуудал. Өөрийнхөө асуудлыг даваад гарч ирээд бусадтай харилцах, хийж бүтээе, сурч хөгжье гэхээр өөдөөс халамж гэж шүлсний дусал шиг юм сарвайгаад, хөнгөлөлт гэж нулимс шиг юм дусаагаад, энэрэл буян гэж гуйлгачинтай харьцаж байгаа мэт хандаад байдаг.
Үүний оронд сурах, хөгжих, хөдөлмөрлөх орчин, боломж нөхцлийг ялгамжгүй болговол арай тэнүүн ирээдүй харагдах гээд байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, сургах, боловсрол эзэмшүүлэх нь нийгмийн хариуцлагаа хүлээж байгаа хэлбэр гэж ойлгож, оромдож байснаас зүгээр чадварыг минь шалгаад, ямар нэг харж үзэх, энэрэх, хайрлах, өрөвдөх үзэлгүйгээр хүн утгаар үнэлээсэй гэж хүснэ. Нийгмээ хамтдаа хариуцъя л даа.
2022 оны 12 сарын 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан: Иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 2022.12.12-ны өдөр жүжигчин У.Цогтбаяр, иргэн Г.Ган-Очи

2022-12-14

Б.Наранцацралт: Бичлэгээр шантаажилсан гээд байгаа нь хүүхдүүдээ л авах тухай юм байгаа юм

Ч.Ундрам гишүүний нөхөр Б.Наранцацралт: Ямар ч байсан нэг зүйлийг нь няцаачаад унтья. Намайг хаяа

2022-12-08

Ялгаварлан гадуурхалт ба хөгжлийн бэрхшээлтэй хүн баймааргүй мэдрэмж

Намайг Мөнхтулга гэдэг. Жирийн л нэг залуу. Хүсэл мөрөөдөл, зорилготой, ононо, алдана, баясн

2022-12-03