
“Сэргэлэн Интернашнал Экспедишион” ТТБ-ын гишүүн, археологич Хатагин овгийн Д.Эрдэнэбаатар 2022 оны 12-р сарын 01-нд ШУА-ийн Археологийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр “Академич Х.Пэрлээгийн нэрэмжит шагнал”-ын эзэн болов.
Энэхүү “Академич Х.Пэрлээгийн нэрэмжит шагнал” Монголын эртний түүх, археологийн шинжлэх ухаанд онцгой амжилт гарган шинжлэх ухааны шилдэг бүтээл гаргасан судлаач, судалгааны бүтээлд 5 жил тутамд олгодог шагнал юм. Уг шагналд Академич Х.Пэрлээ гуайн дүр бүхий дугуй мөнгөн тэмдэг дээр түүний гарын үсгийг хонхойлгон сийлсэн тэмдэг, батламж, мөнгөн шагнал дагалдаг болно. Энэ удаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойн баярыг тохиолдуулан “Академич Х.Пэрлээгийн нэрэмжит шагнал”-ыг ОХУ-ын Академич, археологич А.П.Деревянко, МУИС-ийн профессор, антропологич Д.Түмэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич, профессор Б.Гүнчинсүрэн, Б.Цогтбаатар, Археологич Д.Эрдэнэбаатар нарын таван хүнд олгосон байна.
Археологич Д.Эрдэнэбаатарыг Хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн судалгаанд “Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” шинэ дурсгалуудыг нээсэн, Хүннүгийн археологийн судалгаанд хаад язгууртаны булшны малтлага судалгаанд онц гарамгай амжилт гаргасаны төлөө энэхүү “Академич Х.Пэрлээгийн нэрэмжит шагнал”-аар шагнажээ.