
Есдүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очжээ.
Тэд шатаж байсан гэрээс долоон хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.
Алба хаагчдыг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дуусаад, хажуу талын айлд гал авалцаж байжээ. Шатаж байсан гэрт зургаан хүн угаартсан байсныг аврагчид шуурхай ажиллаж гаргажээ. Тэд хамгийн сүүлд гэрт хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орны хөлд унаж угаартсан байсныг олж аварчээ.