
Сибирийн түймрээс болж идэш тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгджээ.
Хэнтий аймгийн Батноров, Цэнхэр мандал, Батширээт, Биндэр, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Хэрлэн сумдад нийт 35 удаагийн тохиолдлоор 40 гаруй хүрэн баавгай орж ирсэн нь тогтоогдсон байна.
Хүрэн баавгайнууд нь ихэвчлэн 2-3 настай, зарим тохиолдолд бамбарууш дагуулсан баавгай харагдах болсон байна. Эхлээд ойн зурвас бүхий сумдад орж ирсэн бол сүүлийн үед тал хээрийн бүст ч үзэгдэх болжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын удирдлагууд “Сүүлийн өдрүүдэд айлын хот руу том, жижиг нийлсэн баавгай ирж, айлын гэрийн хана самардсан. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах вий” гэсэн мэдээллийг өгөөд байгаа.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, айлын гэр, хашаа нураах, мал идэх зэргээр хохирол учруулсан энэ мэт дуудлага олонтаа иржээ. Иймд иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Малчид, иргэдийн зүгээс баавгайд идүүлсэн хонь, хашаа хорооны хохирол барагдуулах, амь нас аюулгүй байдлыг хангаж ажиллах хүсэлтийг аймгийн удирдлагууддаа тавьсан аж.
Баавгай суурьшлын бүст орж ирсэнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газруудаас иргэдэд анхааруулга хүргэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэд баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад баавгайд хөөгдсөн тохиолдол гарсан бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс бахардаж үхсэн хүрэн баавгай олджээ. Үхсэн баавгайн сэгийг холбогдох мэргэжилтнүүд акт үйлдэж, устгал хийсэн гэв.
Аймгуудын холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн зүгээс баавгайг ойн гүн рүү хөөх ажлыг зохион байгуулсан ч буцаж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол байгаа аж.