
Монгол Улсын Эрчим хүчний сайд Уралын Холбооны Их Сургуулийн санаачилгыг дэмжив
Уралын Холбооны Их Сургууль (УрФУ, Екатеринбург хот)-ийн мэргэжилтнүүд Монгол Улсад 40-100 МВт-ын бага хүчин чадалтай атомын дулааны цахилгаан станцын урьдчилсан зураг төсөл боловсруулах, тус орны нутаг дэвсгэрээр бүсчлэх ажлыг хийх санал болгосон.
Уг саналыг УрФУ-гийн ректор Виктор Кокшаров Монгол Улсын Эрчим хүчний сайд, УрФУ-гийн Монголын төгсөгчдийн холбооны тэргүүн Баттогтохын Чойжилсүрэнтэй уулзахдаа хэлсэн юм.
Уулзалтын үеэр ярилцсан гол сэдэв нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний цогцолбор, системд суурилсан цөмийн цахилгаан станц, эрчим хүчний цогцолбор, системуудийн зураг төсөл хийх, ашиглах чиглэлээр УрФУ-гийн аспирантур, магистр, бакалаврын хөтөлбөрт Монгол Улсын эрчим хүчний цогцолборын аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсон хүчин бэлтгэх асуудал байв.
«Манай Монголын мэргэжил нэгтнүүдийн хувьд хийн хоолойн засвар үйлчилгээ, ашиглалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг ч бэлтгэх нь чухал юм. Мөн шинжлэх ухааны төслүүд дундаас бид хэрэглэгчдэд зориулсан 200-2000 Вт-ын хүчин чадалтай хосолсон дулаан-фото-цахилгаан төхөөрөмжийг хөгжүүлж, үүнийг Монголд үйлдвэрлэх ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна» гэж Виктор Кокшаров хэллээ.
Түүнчлэн Монголын төгсөгчдийн холбоог хөгжүүлэх, оюутнуудыг дэмжих асуудлыг авч хэлэлцсэн. 2019 онд Б.Чойжилсүрэнгийн санаачилгаар тус их сургуулийн эндаумент санд «Монгол Улс» зорилтот санг байгуулсан. Орлого нь УрФУ-д суралцдаг Монголын авъяаслаг оюутнуудад зориулсан тэтгэлэгт зарцуулагддаг.
«Манай Монголд Уралын политехникийн дээд сургууль, Уралын Холбооны Их Сургуулийг төгссөн олон хүн байгаа бөгөөд одоо олон төгсөгч улсдаа удирдах албан тушаал хашиж байна. Бид одоо нэг их сургууль болсон эдгээр их дээд сургуулиудад суралцсандаа бахархаж, оюутан насаа Орост өнгөрөөсөнд талархаж байна. Бид монгол оюутнуудыг УрФУ-д суралцуулахыг хичээж, тус их сургуулийг бүх талаар дэмжих болно» гэлээ.