Хүний эрх эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл нь шинэ зууны босгыг давсан Монгол Ардын Намын ирэх зууны гол үзэл баримтлал. Монгол хүн эрхээ эдэлж, авлигагүй төрийн үйлчилгээ хүртэж, эв санааны нэгдлээр нэгдэн амьдрах нь Монгол хүн бүрийн чин хүсэл. Ард түмний хүсэл бол санал, шаардлага гэсэн үг. Тийм ч учраас Монгол Ардын Нам хүн төвтэй Социал Демократ үзэл баримтлалтай нам гэдгээ 30-р Их хурлаараа тодотгон зарласан.
Нам үзэл баримтлалаа тодотгон зарлаад өнгөрөх бус бүх шатанд хэрэгжүүлэх ёстой. Энэ ч утгаар “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг Монгол Улсын өнцөг булан бүрт явуулж байна. Говийн аймгуудын сургалтыг  МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг хариуцан явуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн сургалт өнөөдөр эхэлж байна.
Өмнөговь аймгийн удирдах ажилтны сургалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “улс төрчдийн ёс зүй Монгол Улсад маш доогуур үзүүлэлттэй байна. Тиймээс бид цаашид өөрийнхөө төлөө биш төр, ард түмний төлөө ажилладаг ёс зүйтэй, төр ард түмний эрх ашгийг нэн тэргүүндээ тавьсан, хүний эрхийг хамгаалсан улстөрчийг бэлтгэх ёстой. Монгол Ардын Нам, бид хэн нэг ёс зүйгүй улстөрчийн улс төрд гарах гишгүүр, дамжаа биш. Монгол хүний төлөө, Монгол Улсын төлөө зүтгэдэг. Монгол хүн, Монгол Улсын эрх ашгийн төлөө ажилладаг улстөрчийг бэлтгэнэ. Үүний төлөө бид энэ сургалтыг зохион байгуулж байгаа” гэдгийг тодотгов.
сонин mn
Хүний эрх бол Социал Демократ үзэл баримталын үнэт зүйлийн нэг. Ард түмний санал, сонголтоор төрийн эрх барьж байгаа намын хувьд Монгол Ардын Нам хүний эрхийн асуудлаас тойрч зугатахгүй. Дайран гарч хүний эрх зөрчиж байгаа бүх асуудлыг шийдвэрлэнэ. Социал Демократ үзэл баримтлалыг хөгжлийн загвараа болгосон улс орнуудад өнөөдөр нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны эрс ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөлтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон байдаг. Мөн үүнээс гадна өндөр бүтээмжтэй эдийн засагтай улс болсон байдаг. Өнөөдөр дэлхий дээр хамгийн хүчтэй эдийн засагтай, чинээлэг иргэдтэй гэж тодорхойлогддог 20-хон улс орон байна. Тэдгээр улс орнуудын 15 нь Социал Демократ үзэл баримтлалтай. Монгол Ардын Нам хүний эрхийг дээдэлсэн нам байхын тулд хүн төвтэй энэ үзэл баримтлалаар явахаа тодотгосон.
2016, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд дараалан ялалт байгуулсан Монгол Ардын Нам Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлдээ авлига хээл хахуультай тэмцэх үндсэн хоёр чиглэлийг батлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт, Авлигын эсрэг хууль эрхзүйн багц шинэтгэл хийж, ялын бодлогыг чангатгах.  Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээнд хүний хүчин зүйлийн хамаарлыг бууруулж, цахимжуулах замаар авлига, төрийн хүнд суртлыг халж, ил тод, шуурхай, нээлттэй болгох суурь шинэчлэлийг хийж дуусгана гэсэн зорилт юм.
Хүн хоорондын харьцаанаас авлига хээл хахуулийн эхлэл тавигддаг гэж олон улсын судлаачид үзэж тодорхойлсон байдаг. Төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 12-р сараас нэвтрүүлснээс хойш төрийн 61 байгууллагын 652 үйлчилгээг нэгтгэж, давхардсан тоогоор нийт 10 сая гаруй иргэн төрийн үйлчилгээ авчээ. Үүнээс 1.9 сая хэрэглэгч буюу насанд хүрсэн нийт хүний 86 хувь нь энэ системийг идэвхитэй ашигладаг болсон байна. 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувь бууруулан, хүний хүчин зүйлийг багасгана.
сонин mn
“Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй” энэ нь Монгол Ардын Намын дүрэмд орж байгаа хүчтэй бөгөөд том өөрчлөлт юм. Мөн авлигын хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүн Монгол Ардын Намын удирдах албан тушаалд сонгогдох эрх эдлэхгүй, Монгол Ардын Намаас шат, шатны сонгуульд нэр дэвших эрх эдлэхгүй болсон юм.
Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-ыг тунхаглан, намын мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Тиймээс “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд орон даяар буюу 21 аймаг, сумдад зохион байгуулж байна. Социал демокат үзэл баримтлалыг таниулж, нэг аймагт хоёр өдөр зохион байгуулагдаж буй сургалтаар намын 30 дахь Их хурлын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлнэ.