
Баянхонгор сумын 9 дугаар багийн иргэн Ц.Соронзонболд одоогоос 18 орчим жилийн өмнө автоослын улмаас хоёр хөлөө тайруулж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч тэргэнцэрт суужээ. Тэрээр хугацаагүйгээр группт орсон боловч энэ он гараад группын мөнгөнөөс нь түүнийг хасчихжээ.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай зовлонд өртөж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан энэ настан улсаас өгдөг тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлгогоггүй.
Хөгжлийн бэрхшээлтэй, 2 хөлгүй хүнд байтугай бүрэн бүтэнд нь ажил олддоггүй энэ нийгэмд тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогогүй байгаа нь түүний буруу биш.
Төрөөс өгдөг тэтгэмжийн ганц орлогоосоо хасагдсан тэрээр уламжлалт цагаан сараа ч тэмдэглэж чадаагүй бөгөөд эм тангаа ч авч уух мөнгөггүй аргаа барж сууна.
Халамжийн группын мөнгө хариуцдаг мэргэжилтнээс асуухаар эмч нар нь мэднэ, эмч нараас асуухаар халамжийн мэргэжилтэн мэднэ хэмээн 2 сар гаруй түүнийг хэдэн байгууллагын дунд явуулсаар байна. Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг тэрээр эмний мөнгөггүйн улмаас бие нь маш их өвдөж, аргаа барсан энэ настан Баянхонгор аймгийнхаа төв талбай дээр өлсгөлөн зарлахаар шийдсэн байна.