
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр эцэслэн баталжээ.
Цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчилно. Ёсчилсон хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ. Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хууль, тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ. Дээрх бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд хүн бүхэн хичээн ажиллаж байна.
Үүний дараа Засгийн газар хуралдаж тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх, хэрхэн нэмэх талаар тогтоол батална. Тогтоолын дагуу бид тооцооллоо гаргаж, банкнуудад өгнө. Банкнууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна. Маргааш өглөө шууд иргэдийн дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ.
Ахмад, буурлууд маань өглөө эрт банк руу явах вий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ” гэлээ.