
“Моханик” хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын экпериментал дуу авиан бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй “577 RECS” лэйблээс дэлхий даяар экспериментал хөгжимчдийн “Walk My Way” төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төсөлд зургаан тивийн 32 үндэстний 49 уран бүтээлч багтаж, цуврал таван альбом гаргах гэнэ.
Залуу уран бүтээлч Ц.Даваажаргалын “Ахин оршихуй” цомогт багтсан “Empty, but it doesn’t mean nothing…” дуу авиан бүтээл 2021 оны нэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийх эхний цомогт багтсан гэдгийг дуулгалаа.
Түүний “Ахин оршихуй” дижитал цомгийг Лондонд төвтэй “Chinabot” хөгжмийн платформ энэ оны гуравдугаар сард өөрийн сайтдаа байршуулж байсан удаатай. Уг цомогт түүний сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан бөгөөд дэлхийн нэртэй хөгжмийн сэтгүүлүүд цомгийг нь бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой бүтээл хэмээн тодотгож байна.