
БСШУСЯ/202001209 дугаартай Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадал бүхий барилгын нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт улайм цайм луйврын ажил болсон учраас тендерт оролцсон компаниуд холбогдох газруудад гомдол саналаа мэдүүлжээ.
Нэр бүхий гурван компани Сангийн яам болон шүүхэд хандсан байна. Эхний байдлаар барилгын компаниудын гомдлын дагуу Сангийн яам шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэхийг Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар мэдэгдэж. Мэдэгдэх бичиг 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрөөр тэмдэглэгдсэн байна. Гэвч Хэнтий аймгийн ЗДТГ тавдугаар сарын 28-ны өдөр хууль бусаар эцсийн үр дүнд гэрээ байгуулах эрх олгосон “Монкон констаркшн” ХХК-тай гэрээ байгуулжээ.
Энэ бүхэн хэрхэн эхлэв?
Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах нээлттэй тендер 2020 оны 03 дугаар сарын 13-нд зарлагдаж нийт найман компани материалаа ирүүлсэн байна. Тендерийн үнэлгээний хорооны эхний хоёр хурлаар гишүүдийн 83.3, 66.6 хувийн саналаар “Содон номин констракшн” ХХК шалгарсан юм байна.
Гэвч энэ сонголт аймгийн засаг даргад таалагдаагүй учраас гарын үсэг зураагүй учраас үнэлгээний хорооны дарга буюу Хэнтий аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун Сангийн яаманд хүсэлт илгээж 14 хоногоор сунгуулсан байна. Ингээд гурав дахь хурлаар 66.6 хувийн саналаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Монкон констракшн” ХХК-ийг шалгаруулж шийдвэрийг засаг дарга таалж сонгон шалгаруулалтын ажил дуусгавар болжээ.
Тендерийг будлиантуулж ашиг сонирхлын зөрчил орсныг мэдсэн компаниуд эхлээд Сангийн яаманд хандаж. Сангийн яам хянаж үзээд тухайн шалгаруулалтыг түдгэлзүүлэхийг чиглэл болгосон ч Хэнтий аймгийн ЗДТГ-аас “Монкон констракшн” ХХК-тай гэрээ байгуулчихсан учраас сангийн яам хоёр дахь албан бичгээрээ хуулийн дагуу шүүхэд гомдлоо гаргана уу гэсэн хариу өгсөн байна.
Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр долдугаар сарын 16-нд эхний хэлэлцүүлэг хийж гомдол гаргасан гурван компаниудын нэхэмжлэл үндэслэлтэй байна. Тийм учраас энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай захирамж гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл ялсан гэх компани ажлаа зогсоохгүй явуулсаар л байна.
Будлиантай тендерийн эргэн тойрон
Тендерт оролцсон компаниудаас хууль бус шийдвэртэй өнөөдөр гурван компани тэмцэж байна. Энд “Содон номин констракшн” ХХК, “Айникс инженеринг” ХХК болон “Хар чонот” ХХК юм.
Ялсан гэх “Монкон констракшн” ХХК-ийн материал тэнцсэнгүй гэсэн хариу авсан компаниудын материалуудыг харьцуулан харахад луйвар орсон гэдэг нь хэнд ч тодорхойг барилгын компаниуд хэлж байна.
Нөгөө талаас энд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компани тендерийг авсан. “Монкон констракшн” ХХК 13 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь харин нэхэмжлэгч компаниудын үнийн санал тус компаниас 1.5- 1.7 тэрбум төгрөгөөр бага байна.
Сангийн яам зогсоож чадаагүй, захиргааны хэргийн анхын шатны шүүхийн шийдвэр нөлөөлж бараагүй “Монкон констракшн” ХХК хууль бус шийдвэрээр авсан ажлаа үргэлжлүүлсээр байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр сонгон шалгаруулах гурав дахь хурлын өмнө үнэлгийний хорооны дарга Г.Хэрлэнчулуун гишүүддээ шахалт үзүүлж, энэ бол дээрээс өгсөн чиглэлтэй ажил, энэ чиглэлээр хийхгүй бол ажилгүй болгон гэж сүрдүүлсэн гэх. Мөн тэр чиглэл дундаа ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дурьдаж айлгасан аж.
Үнэхээр хууль бус үйлдэл хийсэн ЖДҮ-чид, тендерчид, концессчидтой хатуу тэмцэж устгана гэдэг У.Хүрэлсүх сайд, шударга ёс, эрх тэгш байдлын тухай лоозогнодог Л.Оюун-Эрдэнэ нар аймгийн сургуулийн барилгын тендерт хуруу хумсаа дүрэв үү, эсвэл аймгийн ЗДТГ-ын албан тушаалтнууд томчуудынхаа нэрийг барьж дур зоргоор аашлав уу гэдгийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хурлын шийдвэр хэлж өгөх нь тодорхой боллоо.
Шүүх хурлын эцсийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.