
Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, тоймыг танилцууллаа.
АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлсэн 3,334 өвчтөнийг хамруулан судасны бүлэнт тохиолдол нас баралтад хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Судасны бүлэн, уушгины бүлэн, бөглөгөр, гүний вений бүлэн, харвалт, зүрхний шигдээс үүссэн болон үүсээгүй нас барсан өвчтөнүүдийг харьцуулж үзэхэд, бүлэн үүссэн өвчтөнүүдийн нас баралт бүлэн үүсээгүй өвчтөнүүдийнхээс хоёр дахин өндөр байсныг тогтоожээ. Судасны бүлэн үүсэх нь коронавирусийн улмаас нас барах эрсдлийг 1.8 дахин нэмэгдүүлж байна хэмээн эрдэмтэд дүгнэсэн байна.
Франц улсын Фассери эмнэлэгт салхин цэцэгтэй төстэй уутанцартай улаан тууралт биеэр нь гарсан өвчтөнүүд хандсан байна. Шинжилгээгээр салхин цэцэг бус коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Энэхүү тууралт нь загатнаагүй ба 10-22 хоногийн дотор сорвигүй эдгэрчээ. Судлаачид коронавирус арьсаар халдварлах боломжтой эсэх талаар цаашид дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж үзэж байна.
Бразилийн Сау-Пауло мужид цар тахлын улмаас тогтоосон хөл хорио хүрээлэн байгаа орчин, агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судлахад, өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад азотын исэл 77.3 хувь, азоштын давхар исэл 54.3 хувь, угаарын хий 64.8 хувь хүртэл буурсан байна. Түүнчлэн агаарын бохирдол багассантай холбоотойгоор озоны давхарга 30 хувиар зузаарсныг эрдэмтэд мэдээлжээ.
Энэтхэг улсын судлаачид тус улсын хамгийн урт нуур болох Бембенад нууранд цар тахлын улмаас өөрчлөлт гарсан эсэхэд судалгаа хийсэн байна. Судалгаагаар тус нуурын усны бохирдлын хэмжээ хөл хорио тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад 16-34 хувиар буурсныг тогтоожээ.
Цар тахлын улмаас зарим төрлийн эмчийн үзлэгийг цахим хэлбэрээр явуулж байна. Франц улсад цахимаар эмчид үзүүлсэн 125 хүний дунд сэтгэл ханамжийн судалгаа явуулахад 87 хувь нь авсан үйлчилгээндээ, 76 хувь нь видео дуудлагын дуугаралт, 66 хувь нь видео дүрсний чанарт сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.
Дотоодод хийгдэж байгаа судалгаануудаас танилцуулахад,
Монголд илэрсэн SARS, COVID хоёрын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпитемологийн онцлогийг тогтоон онош, тандалт, сэргийлэлтийн манай орны түвшинд тохирсон арга аргачлал бүхий зөвлөмж гаргах судалгааны ажлыг академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Нямдаваа ахлан явагдаж байна.
SARS, COVID хоёрын голомтлосон халдварын гномын судалгааг хийх төсөл дээр ХӨСҮТ, АШУҮИС хамтран ажиллаж байгаа.
Манай улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдварын эмнэл зүйн судалгаа эхэлсэн.
ДЭМБ-ын санхүүжилттэй төслийн хүрээнд манай улс шинэ коронавируст халдварын эхний тохиолдлууд болон хавьтлуудыг судлах судалгааг эхлүүлсэн.
Коронавиурст халдварын хүн амын насны бүлэгт суурилсан тархвар зүйн судалгааг ДЭМБ-ын судалгааны багтай хамтран хийж байна.