
Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Үүнээс халдварт өвчний мэдээллийг тоймлон хүргэе.
2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278 тохиолдлоор буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан байна.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин), тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%), трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%), гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-иар нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны тавдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1391 болж, өмнөх сараас 222 (13.8%), амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 405 болж, 36 (8.2%), цусаар дамжих халдварын тохиолдол 26 болж, 16 (38.1%)-иар тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин 220 болж, 79 (56.0%)-иар нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.