
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн архаг хууч өвчтэй гээд сонгож авсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Нэмээд 22 хүний шинжилгээг хийгдэж байна. Энэ сарын 19-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр буюу энэ сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэсэн сайхан мэдээ байна.
Халдвар аваад буй 10 хүний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой. Хоёр хүнд хүний байдал байдал сайжирч, тогтворжиж байна.
Франц иргэний уушигийг нарийн үзсэн. Ингээд эмч маань Франц иргэнд “Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна. Сайжирч байна. Эмчилгээ таарч байна” гэж хэлсэн байна. Эмчийн араас Франц иргэн “Би инээж байна. Танд ч бас инээж бэлэглэе” гэж мессеж бичсэн байна лээ. Франц иргэнийг дор хаяж 10 хоног эмнэлэгт эмчилж, хянах болно” гэв.
Д.Нарангэрэл: Ажиглалтаас гарсан иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлана
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 191 оронд бүртгэгдээд байна. Өвчлөлөөрөө Итали, Испани, АНУ нэлээн дээгүүр байна. ДЭМБ болон бусад орны нөхцөл байдлаас шалтгаалж, өгч буй зөвлөмж өөрчлөгдөж байна. Өнөөдрөөс хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж байгаа тул хоёроос дээш хүн 1.5 метрийн зайтай харьцах хэрэгтэй. Мөн хөл хорионы дэглэмийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. МУ-ын Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Энэхүү хуралд ЭМЯ хоёр асуудлыг оруулсан. Ажиглалтад байгаа хүмүүс гараад 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй гэх саналыг оруулсан. Ингээд ЭМ-ийн сайд заавар гаргасан.
Нэгдүгээрт, коронавирусийн халдварын улмаас эмчлэгдээд гарсан иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй. Гэхдээ тус иргэнд гурван удаа шинжилгээ хийгээд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана.
Хоёрдугаарт, эмнэлэг болон тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног өөрсдийгөө ажиглана. Тэгээд утсандаа апплейкшн суурилуулаад интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана.
Гуравдугаарт, иргэн өөрийн халуунаа өдөрт 2 удаа хэмжинэ. Улмаар холбогдох албаны хүмүүст зайлшгүй мэдээлэх үүрэгтэй.
Хэрвээ утсаа унтрааж, интернэтэд холбогдохгүй бол Зөрчлийн хууль, Эрүүл мэндийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхад хуулийн байгууллага хяналт тавина гэсэн ЗГ-ын тогтоол гарсан.
Мөн гурав, дөрөвдүгээр сард хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний асуудлыг дөрөвдүгээр сарын 15-н хүртэл хийхээр болсон” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлах байранд байна. Эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн өвчтөнүүдийг эмчлэх, ариутгах гээд 286 хүн 14 хоног гэр орондоо очихгүй тусгаарлагдаад ажиллаж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээндээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна” гэв