“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.
Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлоход, 2022 оны хоёрдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.40%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өсчээ. Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажил хоёрдугаар улиралд дуусч, ажил амжилттай урагшилснаар 2028-2036 оны хооронд нэг жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлох болно. Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар нийт 54 хүдэр буулгуурыг Панель 0 түвшинд тэсэлсэн бөгөөд тэдгээрийн 18 энэ улиралд тэсэлсэн юм. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй.
Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр байна (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөгдсөн байсан). Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлээд явж байна.