Н.Цэрэнбат: “Эрдэнэс Оюу толгой” илүү чадавхжсан

2022-11-18 0

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод буй Н.Цэрэнбаттай  Оюу толгойн хэлэлцээ хэрхэн үргэлжилж буй, “Туркоиз Хилл Ресурсес” компани 100 хувь “Рио Тинто” группийнх болбол нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар ярилцлаа.  Тэрбээр уг компанийн 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал юм.

ИЛҮҮ ХУВЬ ЭЗЭМШИХ ХЭРЭЭР “РИО ТИНТО” ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

-“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өөрөө Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн боллоо. Ингэснээр Монголын талыг төлөөлдөг гишүүдийн нөлөөлөлд өөрчлөлт орох уу?

-“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ийн түүний оронд миний бие ажиллахаар болоод байна.Та бүхний мэдэж буйчлан, “Оюу толгой” төслөөс монголчуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл бүхий ажлын хэсэг Засгийн газраас байгуулагдан ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Үргэлжлүүлэн ажилласаар байна.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ нь гурав, зургаагийн харьцаатай. Гурав нь Монголын Засгийн газрыг, гурав нь “Туркоиз Хилл Ресурсес” компанийг, үлдсэн гурав нь “Рио Тинто” группийг төлөөлдөг. Харин цаашид санхүүжилт болон бусад зарчмын асуудалд ТУЗ олонхын биш 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг болъё гэсэн байр суурийг манай тал баримталж байна.

-Өдгөө “Рио Тинто” групп “Туркоиз Хилл Ресурсес” компанийг 100 хувь эзэмшихээр хэлцэл хийж байна. Хэрэв хэлцэл хийгдвэл, ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь дан “Рио Тинто”-г төлөөлдөг болох эсэх нь анхаарал татаж байгаа?

-Хэрэв энэ хэлцэл хийгдвэл дүрэм ёсоор “Туркоиз Хилл Ресурсес”-ийн эрхийг “Рио Тинто” хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно. Харин ямар хэлбэрээр хэрэгжүүлэх нь худалдан авагч талын буюу “Рио Тинто” группийн асуудал.

Бидний хувьд хэлцэл хийгдсэн нөхцөлд болж өгвөл ТУЗ-д хараат бус гурван гишүүн оруулж ирье гэдэг санал тавьсан. Хэдий “Рио Тинто” группийн асуудал боловч “Оюу толгой” ХХК-д хамтран хувьцаа эзэмшиж буйн хувьд мэдээллийн ил тод байдлыг хангах ёстой гэсэн байр суурьтай байна. Харин хэлцэл яаж шийдвэрлэгдэх нь “Туркоиз Хилл Ресурсес”-ийн хувьцаа эзэмшигчдээс 100 хувь хамаарна.

-“Туркоиз Хилл Ресурсес”-ийг худалдан авах санал ил мэдээлэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ тал дээр Монголын талаас ямар нэг байр суурь илэрхийлэх болов уу гэсэн хүлээлт байлаа?

-“Оюу толгой” бол хамтын бизнес. Бизнесийн ирээдүйг харж, Монголын тал дундын байр суурь баримталж буй. Угтаа манай Засгийн ч  мөн адил “Туркоиз Хилл Ресурсес”-ийн тодорхой хувийг худалдан авах санал тавих боломжтой. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж, ийм бололцоо алга л даа.

Нөгөө талаар, манай Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг өр хэлбэрээр эзэмшдэг байсан. Энэ өрийг буюу 2.3 тэрбум ам.долларыг хэлэлцээний хүрээнд тэглэсэн нь томоохон шийдвэрлэх явдал. Өөрөөр хэлбэл төслөөс эзэмшдэг Монгол талын 34 хувь бүрэн баталгаажсан. Иймд “Рио Тинто” групп “Туркоиз Хилл Ресурсес”-ийг худалдаж авах нь ч манай хувь эзэмшил баталгаажсаны нэг илэрхийлэл болох юм.

-Гэхдээ төсөлд тавих хөндлөнгийн хяналт сулрах уу. Өмнө нь “Туркоиз Хилл Ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид байр сууриа илэрхийлсээр ирсэн нь хэлэлцээнд эерэг нөлөөтэй байв уу гэж хардаг?

-Хамгийн гол зарчим бол, энэ төсөл аль болох хурдан ашгаа олж эхлэх ёстой.

Харин төслийг хурдацтай урагшлуулах, ноогдол ашиг хүртэж эхлэх хугацааг наашлуулах  чиглэлд илүү хөрөнгө оруулж, илүү хувь эзэмшиж буйгаараа “Рио Тинто” өндөр үүрэг хариуцлага хүлээнэ. Иймд хөрөнгө оруулагч талыг урьд өмнөхөөс илүү бүтээмжтэй, ямар нэг алдаа эрсдэл гаргахаас сэргийлсэн менежмент хэрэгжүүлнэ гэж итгэж байгаа.

-ТУЗ-д хараат бус гишүүд оруулах санал тавьсан талаар илүү тодруулахгүй юу?

-Хэрэв хараат бус статустай гурван гишүүн оруулж ирвэл “Оюу толгой” төслийн ирээдүйд хэрэгтэй гэсэн байр суурьтай байна л даа. Болж өгвөл энэ хараат бус гишүүдэд Монголын талаас хүн оруулахаар шахаж байна. ТУЗ-өөс төслийн багт зөв чиглэл өгөхийн тулд өөр уул уурхайн томоохон төсөлд удирдах түвшний ажил хийж, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс хяналт тавьж ажиллах нь чухал.

ХЭЛЭЛЦЭЭНИЙ ХҮРЭЭНД ТОХИРСОН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

-“Оюу толгой” ХХК-ийн гуравдугаар улирлын тайланг харахад Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал дахин 0.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байсан. Энэ зардлын “хэтрэлт” дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Цар тахал гэдэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, хэд хэдэн чиглэлийн зардал нэмэгдсэн. Наад зах нь эрүүл мэндийн хамгаалалтын зардал байна. Мөн цар тахлын үед ажилласан хүмүүсийн тусгаарлалтын зардлыг дурдаж болно. Дээрээс нь ложистикийн асуудлыг дагасан нэмэгдэл өртгүүд ч бий. Түүнчлэн шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн хүрээнд уурхайн ажилчид 14, 14 хоногийн ээлжтэй болсон. Энэ ч зардал нэмэгдэхэд нөлөөлсөн.

-Тэгэхээр энэ нэмэгдэл зардалд Монголын тал маргахгүй гэсэн үг үү?

-“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн санхүү, хяналт шинжилгээ, геологийн баг дахин нухацтай авч үзнэ.

-Оюу толгойн хэлэлцээ хэд хэдэн том үр дүнд хүрсний дараа нам жим болчихлоо. Эхэнд тохирсон ажлууд хэр явцтай байгаа талаар тодруулмаар байна. Хоёр тал ойлголцолд хүрсэн ч ажил хэрэг болж эхлээгүй байгаа зүйлс бий юу?

-Эхний ээлжинд, Монголын талд үүссэн өрийг тэглэх асуудал байсан, шийдэгдсэн. Хоёрдугаарт татварын маргаан. Гуравдугаарт лиценз шилжүүлэх. Дөрөвт нь Дубайн гэрээг цуцалсантай холбоотой шийдвэрлэх асуудлууд бий.

Дуусгаж амжаагүй байгаа асуудлууд байгаа болохоос аль нэг тал нь шийдвэрлэхээс цааргалсан, татгалзсан зүйлгүй. Талуудын зөрчилдөж буй саналуудыг нэгтгэх, хууль дүрмийн түвшиндээ туулах процессуудад хугацаа орж байна.

-Хамгийн удаашралтай байгаа нь?

-Арбитрын шүүх дээрх татварын маргаан. Манай тал Татварын хуулиа, хөрөнгө оруулагч тал 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээ барьж, маргадаг.

-Сүүлд манай талаас Арбитрын маргааныг хойшлуулах санал гаргасан. Ер Арбитрын шүүх дээр өрнөж буй үйл явцыг тодруулж өгөхгүй юу?

-Татварын асуудлаар таван зүйл заалт бүхий маргаан Арбитрын шүүх дээр явж байгаа. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш бий болсон хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийн хүрээн дэх татвар, хураамжийг “Оюу толгой” ХХК төлөхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, 2009 оны гэрээнд туссан агуулгаарх татваруудыг л төлнө гэж маргадаг. Харин манай Татварын ерөнхий газар өнөөдөр мөрдөгдөж буй хуулийнхаа хүрээнд тавьсан актаа хангуулна гэсэн байр суурь илэрхийлдэг.

-Манайх маргааныг хойшлуулсан нь энэ тал дээр хөрөнгө оруулагч талын “найраа”-нд ороод буй хэлбэр биш үү?

-Бид том төсөл ажлын байр бий болгож, тогтвортой татвар төлдгийг “Оюу толгой” төслөөс харлаа. Манай улсад ийм хариуцлагатай, жишиг төсөл гарын таван хуруунд ч багтахгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байж л бид санхүүгийн хүндрэлээс гарна.

Иймд татварын агуулгаар бий болсон энэ маргаан бусад төслүүдэд бүү үүсээсэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сонгуулийн өмнө, хойно сөхөж тавьдаг биш, нэг мөр цэгцэлье гэсэн үзэл санаагаар ажиллаж байгаа. Зөвхөн “Оюу толгой”-н биш бусад гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлөх, эс нөлөөлөх зүйл заалтуудаа сайтар авч үзэж буй гэсэн үг.

-“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн засаглал сул, санхүүжилт муутай, төслийн хүрээнд улсаа төлөөлөх чадавх муу гэгдэж байсан. Та гүйцэтгэх удирдлагаар томилогдсоноор энэ байдал хэр сайжирсан бэ?

-2021 оны аравдугаар сар хүртэл манай компани “Эрдэнэс Монгол” ХХК-иас санхүүждэг байсан. Харин Оюу толгойн ТУЗ-ийн тогтоол гарснаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийг чадавхжуулах, төсөлд тавих хяналтыг сайжруулах үүднээс жил бүр 5 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг батлуулж чадсан. Үүнийг дагаад геологи, уул уурхай, санхүү, хяналт шинжилгээний хэлтсийн ажилтнуудаа бид хөрөнгө оруулагч талтай эн тэнцүү ажиллуулах үүднээс сургалт, семинаруудад идэвхтэй хамруулах боломжтой болсон.

Таны асуултад “Эрс сайжирсан” гэж хариулна, нүүр бардам. Ажилчдаа чадавхжуулж буйгаас гадна хөрөнгө оруулагч талын хариуцсан албан тушаалтнуудтай шууд холбогдож, мэдээллийг ойлголтын зөрүүгүй, нээлттэй авдаг болсон.

-Ташрамд асуухад, ТУЗ-өөс Н.Багабандийг чөлөөлөх асуудал яригдаад намждаг. Тэр ТУЗ-ийн гишүүний үүргээ ямар хүрээнд хэрэгжүүлдэг юм бэ?

-Миний бие өмнө нь ТУЗ-ийн гишүүн биш ч “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд хуралдааны тэмдэглэлүүдтэй танилцаж ирсэн. Унших нь ээ, Ханбогд сумыг хот болгох, Өмнөговь аймгийг хөгжүүлэх зэрэгт гишүүний үүргээ биелүүлдэг, энэ чиглэлд бодлогын чиглэл, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь баримталдаг юм билээ.

“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ИЛҮҮ ЧАДАВХЖСАН

-Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, үргэлжилж буй. Харин одоо өмнөх шиг хөрөнгө оруулагч талыг идэвхийлэн шахах амбиц хэр бий вэ?

-Одоо хэлэлцээний хүрээ гэрээний үг үсэг, зүйл заалтын хэмжээнд очиж, задарсан. Нарийн, деталь асуудлууд руу ороод байна. Иймд олон нийтийн сонирхол татахуйц яриа хэлэлцээ болохгүй байгаа болов уу.

-Гүний усны менежментийн асуудлыг яаж үргэлжлүүлэн хөндөх вэ. Одоогоор энэ чиглэлийг тодорхойгүй нэг өгүүлбэрээр “түгжээд” орхисон байгаа?

-Оюу толгойн ус дахин ашиглалт 87 хувьтай байгаа. Мөн гэрээний хүрээнд тооцоолсноос бага ус ашиглаж байгаа. Төлбөрийн хувьд маргаан бий.

Усны төлбөр, хураамжийг Засгийн газраас тогтоох боломжтой. Энэ хүрээнд “Оюу толгой”-н ус ашигласны төлбөрийг нэмье гэхээр нийт иргэдийн төлөх төлбөр ч давхар нэмэгдчих гээд байдаг талтай.

“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрт ашигладаг усны тариф 995 мөнгө. Харин ундны усанд нь төлбөр авдаггүй. Мөн, орон нутгийн бусад компаниуд ус түгээсний зардалд литр тутамдаа 2 төгрөг төлж байгаа. Харин “Оюу толгой” энэ чиглэлд төлбөр төлдөггүй зэрэг нь илүү хямд тарифаар ус ашигладаг гэсэн үг.

Ирэх онд бүх худгаа тоолууржуул гэдэг шаардлага тавьж байна. Улмаар бодит хэмжээс, тооцооллуудад үндэслэн энэ асуудлыг ярьж эхэлнэ.

-2015 онд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Харин “Оюу толгой” ХХК татварын маргааны адил 2009 оны хууль, тогтоомжийн хүрээнд л усны төлбөр төлдөг?

-Тийм. Энэ нь Татварын ерөнхий газрын “Оюу толгой” ХХК-д тавьсан актад багтсан байдаг.

-“Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч компаниудын санхүүжилт бага байгаа талаар шүүмжилж буй. Үүнд ямар нэг бодлогын байр суурь баримталж байгаа юу?

-Энэ асуудлын гогцоо нь, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай” хуульд бий. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК монгол компаниудтай гэрээ байгуулбал санхүүжилтээ төгрөгөөр өгдөг. Харин гадаадын компанитай ам.доллараар.

Ингэхээр монгол компаниуд санхүүжилтээ төгрөгөөр аваад, шаардлагатай худалдан авалт, зарцуулалтаа ам.доллар луу хөрвүүлж хийхээр маш их алдагдал хүлээж байна. Хэрэв ам.доллараар санхүүждэг болчихвол ханшийн алдагдлаас болж хохирдог энэ асуудал шийдэгдэнэ. Тиймд энэ хуульд өөрчлөлт оруулах ерөнхий зорилттой ажиллаж байна.

-Хамгийн сүүлд Дубайн гэрээ тойрсон асуудалд шинэ мэдээлэл авъя. Гэрээг цуцалсны дараа хууль эрх зүйн ямар шинэ нөхцөлүүд үүсээд байгаа вэ?

-Засгийн газраас чиглэл өгсний дагуу наймдугаар сард “Эрдэнэс Оюу толгой” ХХК-иас “Дубайн гэрээг цуцална уу” гэсэн агуулгаар хөрөнгө оруулагч тал руу мэдэгдэл хүргүүлсэн. Есдүгээр сард тэд хүлээн авснаа хариу мэдэгдсэн.

Одоо Дубайн гэрээ ийн цуцлагдсанаар үүсэх үр дагавруудыг Засгийн газрын ажлын хэсэг авч үзэж байна, яриа хэлэлцээ үргэлжилж байна. Тодруулбал, Дубайн гэрээний хүрээн дэх зарим ажлууд хийгдэж дууссан. Харин эхэлсэн ч дуусаагүй ажлууд бий. Эдгээрийг хэрхэх зэрэгт ойлголцлоо нэгтгэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: www.eguur.mn 

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30

Дөрөвдүгээр сарын 29-нөөс бороо орох ч, ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэл

2024-04-27

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18