
Домогт Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган Ц.Сарантуяатай уулзаж ярилцлаа. “Лус аргаддаг удган” үйлээрээ алдаршсан тэрбээр сүсэгтэн олныг зөв арга замд хандуулсан зөвлөгөө яриагаараа ч бас танигдсан нэгэн. Арга дом зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн үзмэрч удган Ц.Сарантуяагийн ярианд анхаарлаа хандуулна уу.
-Гарч байгаа өнгө болоод ард иргэд юуг анхаарах талаар та ерөнхий мэдээлэл өгөөч?
-2023 оны туулай жил нь хар усан туулай бол тогтвортой байдлыг өөртөө шингээнэ гэсэн утга төгөлдөр үг. Энэ нь ард иргэд бидэнд гэр бүлийн үнэт зүйлс, амар амгалангийн билэгдэл юм. Иймээс 2023 онд улс эх орон болон бидэнд ихэнх зөрчил намдаж төгсгөл болно. Энэ нь нийгэмд төдийгүй ард түмэнд бидний амьдралд ч хамаатай. Хүмүүс илүү их нээлттэй болж бие биедээ анхаарал тавьж, бусдынхаа амьдралын зовлон шаналалд нь илүү анхаарч тусалж дэмжинэ. 2023 он бол өөрийгөө төгс болгож ухамсарлаж явах оюуны өсөлтийн жил болно. Хар туулай нь олон хүнд таатай болон гэнэтийн бэлэг барина. Усан туулайн ачаар хүмүүс өөрсдийн бүтээлч нөөц хүчээ нээн олж олон асуудлыг шийдэж чадна.
-Туулай жилд онцгойлон анхаарах жилтнүүд гэвэл?
-Онцгой засал хийлгэх жилтэй болон засалтай хүмүүс гэвэл 1927, 1939, 1951, 1975, 1987, 1999, 2011, 2023 оны туулай жилтнүүд жил орсны засалтай. Тахиа жилтнүүд нь дүнсэр буюу их харш жилтэй учирна. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэй хүмүүс нь суудлын өнцгийн засал хийлгэх, нашиддүрсэмийн засалтай. Хулгана, бар, луу, морь, бич, хонь, нохой, гахай жилтнүүд жилийн нашиддүрсэмийн засал хийлгэнэ. Онцгой анхаарах жилтнүүд гэвэл ийм байна. Үүнээс гадна мэнгэний засалтай хүмүүс ч эднээс дутуугүй анхаарах хэрэгтэй.
-Тухайлбал?
-Биеийн мэнгэ нь голлосон 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005, 2014, 2023 онд төрсөн 4 ногоон мэнгэтнүүд засалтай. Эрхтэн мэнгэ нь голлосон хүмүүс 1925, 1940, 1943, 1958, 1961, 1976, 1979, 1994, 1997, 2012, 2015 оныхон, хийморийн мэнгэ голлосон хүмүүс 1926, 1939, 1944, 1957, 1962, 1975, 1980, 1993, 1998, 2011, 2016 оныхон, амин мэнгэ нь голлосон 1929, 1936, 1947, 1954, 1965, 1972, 1983, 1990, 2001, 2008, 2019 онд төрсөн хүмүүс жанаггагдаг уншуулж амин золиг гаргуулан манал насны тоогоор уншуулна. Бусад жилүүдийн хувьд жишээ нь могой, морь жилтнүүд шороо, төмөр, огторгуй суудалд суусан байвал нашиддүрсэмийн засал хийлгэнэ. Бич тахиа жилтэн огторгуй ус уул суудалд суусан байвал нашиддүрсэмийн засалтай.
-Ард иргэд юуг анхаарвал зохилтой вэ?
-Туулай жил нь нялхаст буюу ард иргэдэд хатуу, эдийн засгийн хувьд хямарч болно. Энэ жилд хууль цааз нь чангарах төлөвтэй юм билээ. Шударга байвал ард түмэн болон эх орон минь хөгжихөд саадгүй. Хулгай дээрэм элбэгших, үймээн самуун хямрал тэмцэл гарах жил байна. Бид бүгдийг сайхнаар төсөөлж, бид сайн сайхныг хэлж ерөөж явах учиртай ч жилийн засалаа л хийлгэх нь бидний амьдралд маш чухал.
-Байгаль дэлхий, цаг агаарын тухайд ямархуу жил ирж байна вэ?
-Цаг агаарын тухайд намар цагт өвчин зовлон дэлгэрэхээс болгоомжил, Өвс ногоо, үр тариа нь ихэд дэлгэрнэ. Хур бороо нь цагтаа бууна. Энэ жил хур тунадас жилийн эх ба тэргүүн дунд саруудад үүл их, мөндөр, цас хур бороо нь элбэг байна. Зун, намрын улиралд салхи шуурга их хийгээд нам дор газар ган болох нигууртай. Мөн хүнд сайн, малд муу жил. Бод мал өсөх, бог малд нь тааруу жил. Галын аюулаас болгоомжил, газар лусаа, галаа сайн тахиул. Ингэж аргадахгүй бол галын хүч арвижин гарах тул энэ нь ард иргэд бидэнд сайн биш хоосрох нигууртай. Иймд галын аюулаас болгоомжил.
-Өвгөд буурал, идэр, нялхаст хэр жил бол. Жилийн заслаа хийлгчихвэл ажрахгүй ээ гэж та хэллээ?
Жилийн засалаа хийлгэх нь хувь хүний сэтгэл, итгэл юм. Энэ жил нялхаст ширүүн гэсэн учраас нялх нярайн өвчин эндэгдэлээс сэргийлэх хэрэгтэй. Зүгээр нэг ширүүн гэсэн үг биш, хүүхдүүдэд маш анхаарлаа тавих жил ирлээ. Эцэг эхчүүд хүүхдийн насыг бататгахын тулд нялхсын судар ном маш сайн уншуулах хэрэгтэй. Сар бүр Бүжинлхам, Сосорбарамын буу, Бумчин, Дарь эхийн мандал шива, Загдзүсэм гээд хүүхдэд ээлтэй заслын номууд уншуулж байвал айх хэрэггүй. Цаашилбал, өвгөд, хөгшдөд ээлтэй залууст ширүүн байгаа. Дахин хэлэхэд жил гарлаа гээд бүх юм өөр болно гэсэн үг биш. Урьд өмнөх жилийн үр дагавар үргэлжилнэ гэсэн үг. За ингээд өөрсдийн амьдрал эрүүл мэнд ажил төрөл бүгдийн сайн сайхан байлгаж туулай жилдээ хүн болон эд юмс малын гарзгүй байхыг хичээж жилийн заслаа хүн бүр өөрийн зүрх сэтгэлээсээ шамдаж хийлгээрэй гэж ард түмэндээ 17 дугаар жарны үзэсгэлэн бологч хэмээх харагчин усан туулай жилийн амар амгаланг айлтгая. Туулай жилийн хар нохойны буюу огторгуйн хар ам нь жилийнх нь зүүн зүг, сарынх нь зүүн, өдрийнх нь баруун хойд зүгт байгаа учир анхаарч хөдөө орон нутаг болон 4 зүг найман зовхист гарахдаа сайн харж, анхаарч байгаарай.
-Жилийн засалд сүсэгтэн олон янз бүрээр, өөр өөрийнхөөрөө хандаж ирсэн. Хамгийн гол утга учир, ач холбогдол нь юу вэ?
-12 жил эзлэн оршдог монгол түмэнд жилийн засал гэдэг чухал зүйл юм. Над дээр олон хүн ирдэг. Дийлэнх нь ажил төрөл бүтэхгүй, амьдрал нэг л өөдлөхгүй юм гээд болох болохгүй асуудал ярьж ирдэг. Тэгээд, за энэ жил засалаа хийлгэсэн үү гэхээр “үгүй ээ, ерөөсөө амжихгүй юм” гэдэг байхгүй юу. Өөрсдийнхөө хэнэггүй, зохион байгуулалтгүй байдлаас болоод бүтэн жилийг даагаад явах засалаа хийлгэдэггүй нь манайхны том алдаа. Засал хийлгэхгүй юмбол энэ олон гандан хийд байгаад гэгээ гэрэл нь бидэнд үзэгдэхгүй шүү дээ. Жил жилийн, нас насны, суудал суудлын засал өөр өөр байна. Тэгэхээр жилдээ ганцхан удаа засалаа хийлгэсэн байхад амьдрал тэгшрээд, ажил үйлс бүтээд эхэлдэг. Цаг бусын осол гай түтгэрээс хамгаалагдаад явдаг. Дээрээс нь энэ ертөнцийг сахьсан сахиусууд болох Гомбо, Намсрай, Лхам, Жамсран бурхан гэж бий бөгөөд шинийн 8, 10, 15, 25, 29, 30 өдрүүдэд зул өргөхөд бүх зүйл тэгширч дэлгэрч амьдардаг учиртай. Нөгөө талаас заавал заслын утга учир бүхнийг мэдэж байх албагүй. Олон зууны турш шүтэж дээдэлж ирсэн энэ шашныг өвлөөд үргэлжлүүлээд яваа төлөөлөгч нартаа л өөрийгөө даатгачих.
-Жилийн заслыг шинийн 15-нд багтааж хийлгэх ёстой гэсэн нийтлэг ойлголт байна. Амжихгүй явсаар байгаад шинийн 15 өнгөрчихөөр итгэл үнэмшилгүй ч болдог юмуу орхичихдог…?
-Сар бүрийн шинийн 8, 10, 15, 25, 29, 30-ны өдрүүдэд Гомбо, Баян намсрай, Лхам, Жамсран гэсэн дөрвөн бурхан дэлхийг эзэлж байдаг. Засал номоо заавал шинийн 15-ны дотор гэлтгүй энэ өдрүүдэд дэлхий эзэнтэй өдрүүдэд хийлгэж болно. Тэгэхээр заавал сар шинийн 15 гэлтгүй сар бүрийн сайн өдрүүдийн аль нэгэнд, 365 хоногтоо амжаад л сайхан сүсэг бишрэлтэй, өөртөө итгэлтэй байдлаар засал номоо хийлгэж сурах хэрэгтэй. Биетэй биегүй хэдэн төгрөгний араас хөөцөлдөөд явж байгаа зав чөлөө муутай хүмүүсийг шинийн 15-ны дотор амжиж засалаа хийлгэ гэж “айлгах” хэрэггүй санагддаг.
-Гэрийн эзэн мөрөө гаргачихвал бусад нь хамаагүй, эсвэл аав ээж нь засалаа хийлгэчихсэн байхад болоод явчихна гэдэг. Энэ талаар?
-Манайх нэг хэсэг шашинаа нууж шүтдэг нийгэмд амьдарсан. Ардчилалаас хойш хорих нуух зүйл байхгүй ч учраа олохгүй хэсэг бужигнасан. Одоо бол аав нь мөрөө гаргахад бусад нь сайхан болно гэсэн ойлголттой байж болохгүй. Дөнгөж өнөөдөр төрсөн хүүхдийг цаг тооны бичгээс сөхөөд харахад мэнгэ нь голлосон байна.
-Таныг лусын удган гэдэг нь ямар учиртай вэ?
-Нэг талаас лусыг хүссэн бүхэн аргадаж зөөлрүүлж чаддаггүй. Нөгөө талаас хүмүүс өөрийн мэдэлгүй газар лусаа хилэгнүүлж хорлолд өртөж явдаг. Лус гэдэг хий үзэгдэл биш биет амьтан. Долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын 20-ны хооронд бүх ургамал газар лусаас эрч хүчээ авч шимээ бүрэн тээдэг. Үүнийг бид тасдана, гэмтээнэ, усыг бохирдуулна. Гэтэл энэ бүхнийг чинь газар лусын эзэд мэддэг юм. Ажил амьдрал нь нэг л болж өгөхгүй, үргэлж муу юм бодоод, цаанаасаа л нэг хазайчихсан олон хүнд би энэ бурууг нь ойлгуулж зассаар ирсэн. Лус тахина гэдэг лусын 81 чанар, лусад 81 бэлэг өргөх үйл юм. Лусыг аргадна гэдэг уйгагүй нарийн жаягтай “ажил” юм.
-Лусыг хилэглүүлснээ бид хэрхэн мэдэх вэ?
– Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол арьсны өвчин. Элдэв загатнаа, төрөл бүрийн яр шарх гардаг. Их догшин лус хүний амь насанд шууд хүрэх тохиолдол ч бий. Ард түмэн лусын адын хорлолоор мэдлэг нь дутмаг учраас энэ бүхнийг анзаардаггүй. Лус савдагтаа харьцахдаа ч тэр мэддэг хэрнээ мэддэггүй юмшиг загнадаг. Бид өдөр болгон гэрээсээ элдэв хог, ялзарсан өмхийрсөн хоол ундны хаягдал, хир буртаг гаргаж хаядаг. Эдгээрийг хэдий чинээ их гаргана тэр чинээгээр лус догширч хүн хорлогдож байдаг. Хамгийн гол нь би энэ удаагийн яриагаар юу хэлэхийг зорьсон бэ гэхээр хүмүүс минь лус савдаг, байгаль дэлхийтай харьцахдаа ухаан зарцуулаач ээ. Нус цэр, шүлс ялгадас гээд энэ олон нүх сүвнээс гарч буй ялгадсаар хооллодог лус хүртэл байдаг. Тийм учраас мэдэх мэдэхгүй хавдар, арьсны өвчин шинжлэх ухаан талаас нь ярихад нян, бактериуд үржиж бий болж байна. Дээр үед намайг хүүхэд байхад хөгшчүүл нударга дотороо жижигхэн шил хийчихсэн үүндээ хамар амнаас гарч буй ялгадсаа хийгээд дараа нь булж хаядаг байсан. Хүн бүр нусны алчуур гэж жижигхэн алчууртай явдаг байсан. Монголчууд энэ мэтээр эрт дээр үеэсээ байгаль дэлхийг шүтэж дээдэлж хүндэлж харьцдаг хүмүүжил ухамсартай байсан юм. Харин энэ бүхэн сүүл сүүлдээ алдагдаж өнөөдөр хүмүүс өдөр тутам хийдэг буруу үйлдлээрээ өөрийн хувь тавиланг ээдрүүлж, элдэв өвчин, барцадад ээрэгдэн амьдарч байна.
-Энэ бүхнээс ангижрахын тулд яах ёстой вэ?
– Буянтай, дээдийн ном уншлага уншдаг, сахьсан сахиус, шүтсэн тэнгэртэй зөв сэтгэл, зөв зан үйлтэй хүн дээр сайхан бүхэн хурж, саар бүхэн тойрч явдаг жамтай. Өглөө босохоосоо эхлээд үдэш амрах хүртлээ зөв сайхан амьдарч явахад ерөөлтэй тавилан өөрөө тэгшрээд ирнэ. Зөв байна гэдэгт нус, шүлсээ гудамжинд ил задгай хаяхгүй байх, цэвэр нямбай ариг гамтай байж аль болох бага хог хаягдал гаргаж үүнийгээ зөв хаяж устгаж байхаас эхэлнэ. Зөв сайн хооллож, зөв сэтгэж, зөвийг ярьж, зөв амарч зөв сүсэглэж явах учиртай. Бидний өвөг дээдсээсээ уламжилж ирсэн нэг сайхан зан заншил бол хөх тэнгэр, газар дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж амьдрал ахуй үр хүүхэд хувь тавилангаа даатгадаг. Энэ мэт сайхан уламжлал зан заншилаа ерөөс хаяж гээж болохгүй. Нөгөө талаас эдийн шуналд автаж газараа ухаж лусыг догшруулж байна. Үүний хариуг лус ган гачиг, гандуу гарц муутай өвс ургамал, үер, зуд, аянга, мөндөр гэх мэт байгалийн аюулт үзэгдлээр хилэгнэж үйлийг нь хүн болон мал эдэлж байна. Лус савдагийг аргадаж хур бороо оруулах зан үйл хийхэд лус бидэнд тусладаг. Ууртай догшин лусад зориулж балин, лүд засал гүрмийг зөв хийх нь чухал байдаг. Өөрийгөө хамгаалах сахиусгүй хэн нэгнийг хамгийн түрүүнд хорлодог. Энэ замбуулингийн дөрвөн зүг найман зовхис дээш доошоо арван зүгт лусууд жил сар даган байршиж байдаг учир лусын идэвхжих унтах цаг гэж байдаг. Лусууд өвлийн сүүл сард унтана. Тэр үед лусын хорлол гарахгүй гэсэн ном бий. Бусад цагт бол байнга идэвхтэй оршиж байдаг гэдгийг ойлгож авах нь зүйтэй болов уу.
-Бусдаар бид өдөр тутамдаа юуг мөрдөж, сүсэлж явах учиртай вэ?
-Би байнга л хэлдэг. Жаахан цаг зав гаргаад хүүхэд, залуус, хөгшидгүй жилийн заслаа хийлгэчих. Үнэхээр сэтгэлзүйд чинь өөрчлөлт байгаад байвал эсгий хайчлаад хаалганыхаа зүүн талынхаа хатавчинд хийчих. Муу юм танай руу орохгүй. Эсвэл бор давсыг гэр байшингаа тойруулаад дөрвөн буланд нь асгачих. Иймэрхүү энгийн заслууд нэг хэсэгтээ л гадны хэл ам, хэрүүл тэмцлийг хааж чаддаг. Хүн чинь сэтгэлээрээ сүсэг бишрэлээрээ амьдардаг амьтан. Тийм учраас ядаж л энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй. Хүмүүст хараал хариулах, хараалаас хамгаалах жирийн энгийн аргуудаас хэлж, зааж өгмөөр санагддаг. Сэтгэл санаа тавгүй, бусдын зүгээс ирэх маргаан, үг үйлдэлд оюун ухаан автаад эвгүйрхээд байвал сүү буцалгаад л уучих. Сарын сайн өдрүүдэд зул хүжээ өргөчхөж бай. Ингээд л явахад хүний амьдрал дүүрэн жаргалтай, бүрэн бүтэн, амар амгалан байдаг даа.
Та бүхэн зурхайч, удган Ц.Сарантуяатай 99913643 дугаарын утсаар холбогдох боломжтой.