“Аэро Монголиа” компанид хэн хариуцлага тооцох вэ?

2020-01-15 0

Улаангом – Улаанбаатарын чиглэлд “Аэро Монголиа” болон “Хүннү эйр” компаниуд нислэг үйлдэж байна. “Аэро Монголиа” компанийн хувьд нислэгийн цагийн хуваариа байнга шахуу л өөрчилж, иргэдийг хохироож, бухимдуулдаг гэдгийг олон баримтаар энд нотлож болно. Хамгийн ойрын жишээ гэвэл энэ сарын 10-ны өглөө Улаанбаатараас -Увс руу нисэх онгоцны тийзтэй Ц.Дэлгэрмаа гэгч эмэгтэй таван минут хоцорч очоод нисч амжаагүй байна. Гэтэл тус компанийн төлөөлөгчийн зүгээс зорчигч хоцорсон бол ямар ч нөхөн олговор, буцаалт олгохгүй, та онгоцоор нисэх бол дахиад шинээр тийз авна гэсэн хариултыг өгсөн байна. Уг нь бол тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 3-нд тус компанийн онгоцоор Улаанбаатарт очжээ. Увсад байх хугацаандаа буюу 14 хоногийн өмнө тэрбээр хоёр талын тийзээ захиалсан бөгөөд тухайн тийз дээр Улаанбаатараас – Увс руу буцах цаг нь 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн 16.00 цагаас нисэхээр товлосон байжээ. Гэтэл энэ сарын 9-ний орой тухайн компанийн ажилтан гэнэтхэн утасдаж, нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдсөн, өглөөний 6.30- 7.30-ын хооронд бүртгэл явагдаж, 8.00 цагт онгоц хөөрнө гэж мэдэгдсэн байна. Тэрбээр өвчтэй, зургаан сартай хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхээр Увсаас зорьж очсон бөгөөд өглөө 8 цаг 5 минутад нисэх дээр очиход бүртгэл аль хэдийнэ хааж, онгоц ниссэн байжээ.

“Би Аэро Монголиа компанийн онгоцоор гурав дахь удаагаа үйлчлүүлэх гэж байсан. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр Увсаас ирсэн. Тухайн үед тус компанийн онгоц 9.30-д Улаангомоос хөөрнө гэж байсан боловч 2 цаг гаруй хүлээлгээд 11.50-д ниссэн. Улаанбаатарт 12.00 цагт буух хуваарьтай байсан онгоц 14.00 цаг өнгөрч буугаад тухайн өдөр би хүүхдээ эмчид үзүүлж чадахгүй хохирсон. Надтай хамт Увсаас гурван жирэмсэн эмэгтэй, нэг хүнд өвчтөн ирсэн бөгөөд тэд бас хоёр цаг хүлээлгэлээ гэж гомдоллож байсан. Ямар ч байсан тухайн өдөртөө амжиж эмнэлэгт үзүүлж чадалгүй хохирсон байх.

Үүнээс гадна өнгөрсөн зун хүүхэд маань нэг сартай нялх байхад Улаанбаатарт үзүүлчихээд Увс руу нисэхдээ Аэрогийн онгоцыг бас цаг гаруй хүлээж байж ниссэн. Өнөөдөр хоцорч оччихоод компанийн ажилтнаас тийзийнхээ мөнгөний тал хувийг буцааж авах боломжтой юу, хөнгөлөлттэй үнээр нисэх боломж юу байна гэж асуухад ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Бас та Увс аймагтаа тийз бичүүлсэн байна. Тэндхийн ажилтан н.Саруултай холбогдож мэдээлэл аваарай гээд утасны дугаарыг нь өгсөн. Саруултай нь холбогдоход хоцорсон бол одоо ямар ч нэмэргүй гэж хэлсэн. Энэ сарын 13-нд Улаанбаатараас -Увс руу нисэх 210 мянган төгрөгийн үнэтэй тийз байна гэнэ, түүнийг хотын төв рүү ороод захиалъя, хадгалаад өгөөч, нялх хүүхэдтэй явна гэхэд Саруул мөнгөө төлж байж л авна шүү дээ гээд хөдөлж өгөөгүй. Арга буюу дахиад такси барьж хотын төв орон 210 мянгаар Увс руу нисэх тийз захиаллаа. “Аэро Монголиа” компани иргэдийг энэчлэн маш их хохироож байна, бас ажилчид нь үнэхээр сэтгэлгүй, хүнд сурталтай юм. Би үнэхээр гомдолтой байна” хэмээн Ц.Дэлгэрмаа утсаар холбогдож мэдээлэл өглөө.

Улаанбаатараас – Улаангом чиглэлд өдөр бүр 11.00, 15.00 цагаас автобус зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд онгоцоор ихэвчлэн албан ажилтай, эсвэл өвчтэй зовлонтой хүмүүс, өндөр настнууд үйлчлүүлдэг. Гэтэл хот хооронд нислэг үйлдэж байгаа компаниуд нислэгийн цагаа дуртай үедээ өөрчилж иргэдийг энэ мэтээр байнга хохироосоор байгаа юм. Нисэх цагаасаа хоцорч очсон иргэний буруу байгаа л даа. Гэхдээ л тийзний үнийг буцааж өгөлгүй, 100 хувь аваад үлддэг гэхээр авиа компаниуд арай л даварч байгаа биз. Энэ мэтээр иргэдийг хохироогоод байгаа компаниудад хэн хариуцлага тооцдог вэ? Иргэд 5-10 минутаар хоцорч очоод л хохироод байх уу? Эсвэл өвчтэй зовлонтой хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй онгоц нисэхийг тэвчээртэйгээр хүлээх ёстой юу? “Аэро Монголиа” компани ашгаа бодоод нислэгийн цагаа дуртай үедээ өөрчилж болдог, харин үйлчлүүлэгчид нь үг дуугүй түүнийг дагаж, эдийн засгаараа, цаашлаад цаг заваараа хохирсоор байх уу?

Ц.Дэлгэрмааг Увсаас хоёр талын тийзээ бичүүлж байхад Улаанбаатараас – Увс руу 1-р сарын 10-ны өдрийн 16.00 цагаас ниснэ гэсэн цагийн хуваарь гэнэтхэн өглөөний 8.00 цаг болж өөрчлөгдсөн нь “Аэро Монголиа” компаний л ашиг орлоготой холбоотой. Өвчтэй зовлонтой нялх үрээ тэвэрсэн эх хүн үүр шөнийн харанхуйгаар такси бариад хотын төвөөс хаа байсан нисэх руу очиход онгоц нь аль хэдийн хөөрчихсөн байдаг. Хэрвээ анхнаасаа товлосон цагтаа буюу тухайн өдрийн 16.00 цаг өнгөрч онгоц ниссэн бол тэрбээр яагаад ч хоцрохгүй шүү дээ. Гэтэл зорчигчдоос асуухгүйгээр авиа компани өөрсдийн дураар цагаа урагшаа татчихаад хоцорсон хүмүүсийг дахиж тийз аваад нисвэл нис, ямар ч хөнгөлөлт, буцаан олголт байхгүй гэж байгаа нь арай дэндүү даварч байна. Дээхэн үед МИАТ-ын онгоцноос зорчигч хоцрохоор тасалбарын үнийн 5 хувиар торгуулаад, үлдсэн 95 хувиа буцаан авах боломжтой байсан гэдэг. Гэтэл “Аэро Монголиа” компанид энэхүү дүрэм журам огт хэрэгждэггүй бололтой. Ер нь өнгөрсөн хугацаанд тус компанийн онгоцноос хэчнээн зорчигч хоцорч ийнхүү эдийн засгаараа хохирсон бол? Хот хооронд онгоцны хоёр талын тийз хөнгөлттэй үнээр бичүүллээ гэхэд дор хаяж 400 мянган төгрөг, цагтаа амжиж очилгүй хоцроод дахиж тийз захихаар 210 мянган төгрөг, энэ хооронд хотын төв рүү 3 удаа ирж очихын таксины мөнгө нэг талдаа дор хаяж 30 мянга гээд бодохоор 180 мянга, нийтдээ 800 орчим мянган төгрөг зарцуулж байж Ц.Дэлгэрмаа энэ удаад нисч байна. Өвчтэй зовлонтой хүүхдээ үзүүлээд явж байгаа жирийн нэг эмэгтэй зөвхөн унааны зардалд ийм их мөнгө зарцуулчихаад ямар мөнгөөрөө хүүхдээ эмчлүүлэх юм бэ? Монголчуудын цалин хэд билээ, бас хүн бүр л зээлтэй амьдрах гэж ядаж байна. Гэтэл “Аэро Монголиа” компани нэмж дээрэмдээд л. Үнэндээ дээрэм гэхээс өөр хэлэх үг ердөө ч олдохгүй байна.

Тус компани энэчлэн ашиг орлогоо нэгдүгээрт тавьж, ажил үйлчилгээндээ хойрго хандсаар байх уу? Хариултыг хаанаас эрэх вэ?

Эх сурвалж: Увсын өнгө сонин

Холбоотой мэдээ

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08

Архангай:Ойрын хавьтлын найман иргэн очсон учир гарах хөдөлгөөнийг хаалаа

 Covid-19 вирусын өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн

2021-02-08