
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тэргүүтэй холбогдох албаныхан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцав. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн 40 төвийг байгуулж гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх аж. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно хэмээн танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” хэмээлээ.
0 cэтгэгдэлтэй