АТГ: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудыг баривчиллаа

2019-09-10 0

Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв.

АТГ-ААС ЗӨВЛӨМЖ ӨГСӨӨР БАЙХАД АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ГАРСААР БАЙНА

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн ч үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Энэ мэтчилэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөөр байтал гэмт, хэрэг зөрчил гарсаар байгаа нь байгууллага, албан тушаалтнуудын нэг нэгэндээ найр тавьсан, буруутай этгээдийг хаацайлсан, дотоод хяналтыг сулруулсан, өөрсдийгөө өмөөрсөн шударга бус байдлаас шалтгаалж байна.

ЗАРИМ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААСАН Ч АТГ-Т ИРҮҮЛЭХГҮЙ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын зүгээс улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байна.

Зарим тодорхой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлж байгаа. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны наймдугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Гэтэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гарч 8-9 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл манай Мөрдөн шалгах хэлтэст ирүүлээгүй байна. Гэтэл энэ нь Авлигатай тэмцэх газар хэргийг зориуд удааж байгаа мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээх нөхцөл болж байна.

Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны наймдугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.

Э.БАТ-ҮҮЛ, Б.ЧУЛУУДАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХҮРГҮҮЛСЭН

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байна. Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна.

Мөн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч дээр дурдсанчлан удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн зарим хэргүүд ч энэ мэтээр хэрэгсэхгүй болох магадлалтай. Мөрдөгч нарын хийсэн ажил ямар ч үр дүнгүй болж байна. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй.

НОСК-ТОЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-НОСК-той холбоотой мэдээлэл өгөөч. НОСК-ын ажилтнуудад зургаан сая ам. долларын хахууль өгсөн гэх мэдээлэл бодитой юу?

-НОСК-той холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна.

-НОСК дээр албан тушаалаа ашиглаж залилан мэхэлсэн талаар тодруулахгүй юу?

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тодорхой этгээдийг нэр зааж яллагдагчаар татсан асуудал одоогоор тогтоогдоогүй шалгаж байна.

-17 шүүгчтэй холбоотойгоор С.Төмөрбат шүүгч хилээр гарсан гэх мэдээлэл бий?

-Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад тухайн шүүгчийн халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцөл байдал тогтоогдсон. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхтэй зэрэгцээд шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбат нь ОХУ-аас дамжаад АНУ-руу явсан гэх мэдээлэл ирсэн. Бид холбогдох журмын дагуу эргүүлж авчрахаар ажиллаж байна.

-Ерөнхий сайд нарын хэрэг шүүхэд шилжсэн үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Энэ хэргийн цар хүрээ учраас хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байгаа. Дуусмагц нь шүүхэд шилжүүлнэ.

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхтэй холбоотой асуудал АТГ-д шалгагдаж байгаа юм байна?

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна.

-Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг өчигдөр шөнө баривчилсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хэргийн тодорхой үйлдлийг ярих боломж байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдах албан тушаалын гурван хүнийг сэжигтнээр баривчилсан. Өнөөдрөөс цагдан хорих эсэхийг прокурор шүүхийн байгууллагаар дамжуулан ярина.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан уу?

-Д.Жигжиднямаатай холбоотой 20 орчим үйлдлийг шалгаж байна. Тогтоогдсон үйлдлээр нь шүүхэд шилжүүлнэ.

-ЖДҮХС-тай холбоотой хэрэг ямар шатанд яваа вэ?

-ЖДҮХС-тай холбоотой асуудлаар ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нарын 13 хүнд холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бусад хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

 

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25

“Хэнийг ч орхигдуулахгүй” төсөл 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгоно

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхэлсэн цар тахлын нө

2021-02-17

ХӨСҮТ-ийн эмч ажилчдын илүү цагийн цалинг Даваа гарагт олгоно

Коронавируст халдварын өндөр эрсдэлтэй голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнууд илүү цагийн хөлс

2021-02-17