Сурвалжлага: Иргэд түүхий нүүрснээс татгалзахад БЭЛЭН үү?

2019-09-06 0

Монгол Улсын Засгийн газрын “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг үе шаттайгаар хориглож, боловсруулсан түлш гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гарган ажиллаж байна. Тодруулбал, энэ өвлөөс  эхлэн гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшийг хэрэглэнэ. Олон жил хэрэглэж дадсан түүхий нүүрсийг иргэд хэрэглээнээс халахад бэлэн үү? Бид энэ талаар иргэдээс болон холбогдох албанаас тодруулан мэдээлэл бэлтгэлээ.

ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Ц.Аюуш /ХУД-ийн иргэн/: Утаа униар ихтэй ч гэсэн олон жил хэрэглээд сурчихсан болохоор энэ өвөл яахаа мэдэхгүй л сууж байна. Тэр шинэ түлшийг улс амьтан ярих нь утаа, үнэртэй л гэх юм. Манайх хэрэглэж үзээгүй л байна. Засаг төр мэдээжийн хэрэг сайн, хэрэгтэй тустай гэсэн юмаа л хэрэглүүлэх гэж байгаа байлгүй гэж бодож сууна. Ямартай ч хүйт орохоос өмнө тэр шинэ түлшийг авч хэрэглэж түлж сурахгүй бол өвөл баларна биз дээ.

З.Сарантуяа /ЧД-ийн иргэн/: Зун хэд хоног бороо ороод нүүрс авах гэтэл түлшний цэг шуудайг нь 6000 төгрөг гэнэ. Яагаад ийм байгаа юм гэтэл “нууцаар зарж байгаа, одоо ийм нүүрс олдохгүй шүү” гэсэн. Тэрхэн үедээ ч юм бодсонгүй. Одоо харин жаахан сэрүү ороод ирсэн “айж” байна шүү. Шинэ сайжруулсан түлшний барааг нь ч хараагүй л байна. Үнэхээр түлдэг нүүрс маань олдохоо больсон юмбол авч түлэхгүй гээд яахав.

Ж.Алтанхуяг: /СХД-ийн иргэн/: Манайх шинэ түлшийг түлж үзээгүй л байна. Шуудайлаад тээвэрлээд яваа харагдах юм. Бэлтгэл ажил сайн хийгдэж байх шиг байна. Миний бодлоор бол өмнө жил өвөл дуусахаас арай өмнө бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн бол өдийд бүгд бэлтгэлтэй, мэдлэгтэй сууж байх байлаа. Картаар олгох юм гэсэн. Өнөө мөдгүй л авч базаана даа. Утаа гардаггүй түлш гэж яриад байгаа юм. Тийм юм гэж хаана ч байхгүй ш тээ. Чухам хор хөнөөл нь бага гэвэл оновчтой байх.

Х.Булган /БЗД-ийн иргэн/: Хэрэглэж үзсэн, боломжийн юм билээ. Болохгүй гээд яахав. Тэртэй тэргүй хэрэглэдэг нүүрсийг маань хориглочихож байгаа юм чинь. Айлууд бүгд эртнээс хэрэглээд түлж сурах хэрэгтэй. Ид хүйтэн эхлэхээс өмнө болох болохгүйгээ үзээд мэдчихвэл бас нэг өөр хэрэг шүү дээ.

Дүүрэг бүрээс төлөөлөл болгон иргэдийн сэтгэгдлийг авсны дараа “Таван  толгой түлш”  ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Даваабаатараас дараах тодруулгыг авлаа.

Г.Даваабаатар: Гурван тонн сайжруулсан түлш авах эрхтэй картыг иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоно

– Өнөөдрийн байдлаар танай үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна?

– Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 200.000 орчим тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Нийслэлд галалгааны улиралд 600 мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай гэсэн тооцоо бий. Тиймээс сайжруулсан түлшний гол түүхий эд болох миддлингийг 800 мянган гаруй тонныг нөөцөлсөн. Үйлдвэрлэлийн горим 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа учир түлшний нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй.

– Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ямар ажлууд хийгдэж байна?

-Үйлдвэрлэсэн түлшээ гэр хорооллын 220000 айл өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Иргэдийн зүгээс “Танай түлшийг худалдан борлуулъя. Гэрээт цэгээр ажиллъя” гэсэн хүсэлт олноор ирж хамтарч ажиллах гэрээ байгуулж байна. Гэхдээ тодорхой нөхцөл шаардлагатай. Манай байгууллагын зүгээс тавьж байгаа шаардлагыг хангаж чадвал гэрээт цэг байгуулан ажиллах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн гэрээ хийгээд байгаагаас 91 цэгт түлш худалдаалж байна. Үлдсэн цэгүүд гэрээгээ хийгээд түлшээ цэг дээрээ буулгуулаад явж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сервис төвийг байгуулан галлагаа, зуухтай холбоотой иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу айл өрхүүдэд очиж заавар зөвлөгөө өгч байна.

– Иргэдэд сайжруулсан түлшийг таниулах, сурталчлах талаар ямар ажил хийж байна вэ?

– Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд таниулах ажлууд хийгдэж байна. Гарын авлага, тараах материал, сурвалжлага, реклам, шторк зэргийг явуулж байна. Утаатай тэмцэх нь зөвхөн Засгийн газар, Тавантолгойт түлш ХХК-ийн ажил биш бүх нийтийн ажил учир хэвлэл мэдээллийнхэн маань бидний ажлыг маш их дэмжиж байгаа.

-Хэдхэн хоногийн дараагаас нийслэлчүүд өвлийн түлшээ базаан бэлтгэж эхэлнэ. Хэрэглээний болон худалдан авалтын талаар мэдээлэл өгөөч?

– Иргэд маань сайжруулсан түлшээ худалдан авахдаа картыг хэрэглээндээ ашиглана. Энэ картыг айл өрхүүдэд харьяа хороотой нь хамтран үнэ төлбөргүй олгоно. Нэг карт нь 3 тонн түлшний эрхтэй байх юм. Гэхдээ иргэн нэг дор 3 тонн түлш худалдан авна гэсэн үг биш. Гэрээт борлуулагчийн тусгай аппликейшнд картаа уншуулж худалдан авалтаа хийж, үндсэн эрхээсээ хасуулах байдлаар явах юм. Утааны эсрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч төдийлэн үр дүнгээ өгөөгүй. Түүний нэг нь зуухны төсөл байсныг мэдэж байгаа байх. Ямар ч хяналтгүй байснаас зуухнууд нь бүгд орон нутагт зарагдсан байдаг. Тиймээс түлшний хэрэглээг хянахын тулд карт олгож байгаа юм. Карт тарааснаас хэн нэгэн бөөнөөр нь авч үнэ өсгөж дамлахгүй, борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй.

-Борлуулах цэгүүд, үнэ ханш, давуу тал, хэрэглээнд анхаарах зүйлс гэх мэт мэдээллийг өгөөч?

-Шахмал түлш нь  нүүрсэнд агуулагдах химийн хорт бодис багатай бүтээгдэхүүн юм. Аль ч төрлийн зууханд таарахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй. Иргэн та жилдээ зургаан тонн нүүрс түлдэг байсан бол гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олон улсад хэрэглэж байгаа юм. Үнийн хувьд 1 тонн 150.000 төгрөг, 25 кг нь 3750 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрнэ. Үнэ өсөх болов уу гэсэн айдас байхгүй. Иргэдийн хувьд мэдээж зуухаа янзлах, яндангаа хөөлөхөөс эхлээд хувийн бэлтгэлээ хангах нь чухал.

– Иргэдийн санал сэтгэгдлийг авахад ихэнх нь яаж түлдэг юм бол, энэ өвөл тэрийг нь хэрэглэж чадахгүй даарах болов уу,  ямар ч юм байдгийн барааг нь  ч хараагүй л явна гэх мэтээр мэдээлэл маш дутуу байх шиг санагдлаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Түлшний норм стандартыг тогтоох гэж маш олон удаагийн туршилт судалгаа хийсэн. Галалгааны хувьд ч олон туршилт хийсэн. ШУТИС-ийн дэргэдэх Зуухны лабораторийн эрдэмтдийн зөвлөж байгаагаар түлшийг зууханд галлахдаа дээрээс нь асаахыг зөвлөж байгаа. Ингэж зөв галлаж чадвал иргэн та агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж байгаа хувь нэмэр юм. Бид дулааны улиралд цөөн цэгээр борлуулалт хийсэн. Тиймээс иргэдийн зүгээс олдохгүй байна гэх гомдол гаргаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо борлуулалтын цэгүүд маш олноор байгуулагдана. Түлш борлуулахыг хүссэн хүн бүртээ хамтарч ажиллахаар болсон болохоор борлуулалтын цэгүүд олноор байгуулагдана. Түлшний нийлүүлэлт тасрахгүй гэдгийг хэлье.

Хүргэлтийн үйлчилгээ гэж бий юу? Нэг өрх нэг тонныг худалдан аваад хүргүүлье гэвэл…?

-Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс дундын агуулах, гэрээт цэгүүд рүү л түлшээ тээвэрлэн хүргэж ажиллаж байна. Цэгээс худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд компанийн зүгээс хүргэх үйлчилгээ үзүүлэхгүй. Харин гэрээт цэгтэйгээ тохиролцож хүргүүлэх боломжтой. Өмнө нь ч гэсэн түүхий нүүрсийг хол ойроос шалтгаалаад 10-20 мянган төгрөгөөр хүргэж өгдөг байсан.

Карт олголттой холбогдуулан асуухад, орон сууцны айлууд өвөл зуслан руугаа явдаг. Ганц нэг шуудайгаар аваачиж түлье гэхэд картгүйгээр олгох уу?

-Зуслангийн бүсэд амьдардаг айлууд зусландаа түлш хэрэглэх бол картыг Тавантолгой түлш ХХК-д хүсэлт гарган авах боломжтой.

Зуны үргэлжилсэн бороотой өдрүүдэд түүхий нүүрсийг нууцаар зарж борлуулж байна гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?  

-Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэлд худалдан борлуулахыг хориглосон. Энэ тогтоолын хэрэгжилтэд НМХГ, Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн удаагийн тохиолдол гарсныг НМХГ илрүүлэн арга хэмжээ авсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хяналт тавих үүргийг чиглэлийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж ажиллаж байгаа.

-Танд баярлалаа.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Байршил сайтай газар байрладаг байх /төв зам дагуу, том оврын ачааны машин орж гарахад саадгүй, гудамж талбай өргөн/
  2. Борлуулагч өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн газар /ураг төрөл/ хашаатай байна.
  3. Түлш хадгалах агуулах нь гаднаас ус нэвтрэхгүй хөрснөөс чийг авахгүй байх
  4. Түлш тээвэрлэх 2.5 тонноос доошгүй даацтай тээврийн хэрэгсэлтэй бол давуу тал болно
  5. Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэвш, хучлага, татлага, гал, уснаас хамгаалах болон эд хэрэгслийг бэлтгэсэн байх
  6. Барьцаа 2.0 сая төгрөгийг Тавантолгой түлш ХХК-ийн дансанд байршуулсан байх.

Гэрээ байгуулсан иргэн түлшийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд худалдан борлуулж орлогын 10 хувиар цалинжина.

 

Холбоотой мэдээ

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөг

2020-12-30