“Говийн зэрэглээ” киноны цагаан байшинг аялал жуулчлалын төв болгоно

2020-11-15 0

Дундговь аймгийн Хулд суманд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, орон нутгийн иргэдийн дэмжлэг оролцоотой “Говийн зэрэглээ” төсөл хэрэгжиж байна.

40 жилийн өмнө бүтээсэн “Говийн зэрэглээ” киноны зураг авалтыг Хулд суманд хийсэн бөгөөд киноны нэг хэсэг болох Холбооны намхан цагаан байшин одоо ч тус суманд байдаг.

Тиймээс монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн энэхүү кино, киноны зураг авалтын нэг хэсэг болсон байшинд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд холбооны байшинг яг кино дэлгэцэнд үлдсэн байдлаар нь засаж, кафе болгон тохижуулах, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн болон чанартай, амтат кофегоор үйлчлэх, жуулчдын замд 50 км тутамд эко бие засах газар, хог ангилан цуглуулах хайрцаг бүхий түр амрах зогсоол байгуулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Мөн орон нутгийн иргэд, малчдыг чадавхжуулж, хамтын ажиллагааг нь дэмжих чиглэлээр малчдын сургалт мэдээллийн төвийг тохижуулан тоног төхөөрөмжөөр хангах, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх 30-50 өрхийн 200 хүртэл малчинд сургалт зохион байгуулах, тэдэнд хүнсний зориулалтын сав суулга ашигладаг болоход нь туслах, сумын малчид иргэдийг хамарсан “Хадгаламж зээлийн хоршоо” болон малчны загвар хоршоо үүсгэн байгуулж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ.

“Говийн зэрэглээ” төслийн нэг хэсэг болсон анхны байшингуудын нэг энэхүү жижиг байшинг анх Монгол Улсын онц холбоочин, Хулд сумын холбооны салбарыг үүсгэн байгуулсан Л.Шар тэргүүтэй ахмадууд 1966 онд барьж, нутагтаа “Говийн зэрэглээгийн” хэмээн нэршсэн аж.

Одоогийн байдлаар байшинг засах ажлыг Л.Шарын хүү Ганбат, түүний хүү Будгарав нар аавынхаа болон өвөөгийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн  нутгийнхаа иргэдийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байгааг төслийн багийнхан онцолсон юм.

Холбоотой мэдээ

Хотоос гарах, орох иргэдийг зохицуулах түр журам

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах

2020-11-26

Долоон дүүргийн 22 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга

2020-11-26

Эрээн хотынхон монголчуудад 178 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлана

ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошууны уугуул Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж буй Цэ

2020-11-24