О.Чулуунбилэг: Ардчилсан нам үүсгэн байгуулагчдаасаа салах цаг болсон

2020-11-09 0

Ардчилсан намын гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-Энэ сарын 16-нд танай нам Их хурлаа хийхээр товложээ. Их хурлаар намын дүрмээ өөрчилж, намын даргаа томилох асуудлаа тодорхой болгоно гэж ойлгосон. Та намын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлсэн хүний нэг шүү дээ. Намын даргын сунгаан явж байгаа хэвээрээ юү?
-Тун удахгүй АН-ын Их хурал болох гэж байна. Энэ хурлаар намын дүрмийг өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Одоо дүрмийн ажлын хэсэг дээрх саналаар намын даргын сунгааг хийхгүй байхаар тохирч байх шиг байна. Тэгэхээр намын даргын сунгаанд бүртгүүлсэн хүмүүсийн асуудал зогсож байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 16-нд шинэ дүрмээ батлаад үүнийгээ Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүх намын дүрмийг батлах хугацаа арванхоёрдугаар сар хүргэх нь тодорхой. Энэ хүртэл дараагийн намын даргын асуудал хойшилж байгаа гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан намын ойн баяр болдог. Энэ хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэх байх гэсэн таамагтай сууж байна.
-Тэгэхээр намын даргын сунгаанд бүртгүүлсэн 10 хүний санал хүчингүй болж, шинэ хүмүүс нэр дэвшинэ гэсэн үг үү? 
-Тийм. Одоо шинэчлэн батлах дүрмээр Ардчилсан намын даргыг сунгаагаар биш хоёр үе шаттай нэр дэвшүүлнэ. Үндэсний бодлогын хороогоор хүмүүсийн нэрийг оруулж, үүнээсээ олонхын санал авсан хоёр хүнийг намын Их хурал дээр сонгодог байх төсөл боловсруулсан байна лээ. Үүнийгээ Их хурлаар бараг баталчих байх. Тэгэхээр өмнө бүртгүүлсэн хүмүүс хүчингүй л болж байгаа гэсэн үг.
-Одоогийн төсөлд тусгасан намын даргыг сонгох энэ хувилбар нь шударга, шүүлтүүр сайтай шалгуур байж чадах уу. Та ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Миний бодлоор ардчилсан зарчмаасаа ухарч байгаа үзэгдэл гэж харж байна. Бид 2016 оны сонгуульд ялагдчихаад яг энэ замаар явж байгаад болохгүй юм байна гээд намын даргыг сунгаан хийе гэж тохирсон. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээчихээд дахиад намын даргын сунгаан болохгүй нь гээд хуучин дүрэм рүүгээ орох гэж байна. Сонгуульд ялж, ялагдах шалтгаанаа намын даргаас болсон гэх асуудлаа тойрч яриад байгаад гол алдаа нь байгаа юм.
Цаашдаа ийм тулга тойрсон асуудлаа ярьсаар байвал 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээнэ. Ингээд л намын даргын сунгаан байх нь зөв, буруу гэх асуудлаа яриад сууж байх төвшинд байсаар байх нь. Одоо байгаа ажлын хэсэг энэ удаагийн сонгуульд манай нам яагаад ялагдсан бэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэд зүгээр л шинэ даргаа яаж сонгох вэ гэдэг дээр санаа нь зовж байгаа юм.
-Ардчилсан нам яагаад сонгуульд ялагдсан юм бэ. Намын дотоод хагарлаас болсон юм уу?
-Нам сонгуульд ялагдахад ганцхан шалтгаан байдаггүй юм. Маш олон зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад манай нам ялагдал хүлээхэд нөлөө үзүүлсэн хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль. Ийм хуулиар цаашид сонгуулиа зохион байгуулсаар байвал 2024, 2028 онд ч Ардчилсан нам ялахгүй. Сонгуулийн тухай хуулиар том тойргоор сонгуулиа явуулж, хамгийн олон санал авсан хүн нь ялалт байгуулдаг. Тэгэхээр манай улс төрийн нөхцөл байдал МАН болон АН гэсэн хоёр нам дээр хуваагддаг. Энэ сонгуулийн дүрмээр явахаар МАН олонхын санал авч үлдсэн санал нь жижиг намуудад хуваагдсанаар  нэг улс төрийн намд Засгийн эрх мэдлийг өгчихдөг тогтолцоонд шилжчихээд байгаа юм.
2016 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа холимог тогтолцооноос мажоритар тогтолцоонд шилжсэн. Үүнийхээ горыг найман жил амсаж байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол 2024 онд ч ялагдах нь тодорхой. Хоёрдугаарт, Ардчилсан намд үе солигдох процесс огт явахгүй байна. Одоо нам дотор байгаа хагарал нь Ардчилсан намыг үүсгэн байгуулагч нарын хоорондын зөрчил. Анх 1990 оны хувьсгал хийсэн хүмүүс зөрчилдөөд байгаагаас биш дараагийн залгамж болж орж байгаа хүмүүс хоорондын зөрчил гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, намыг үүсгэн байгуулагч гэгдэх Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг үүн дээр нэмээд Ерөнхийлөгч Х.Баттулга, намын хуучин дарга С.Эрдэнэ нарын хоорондын маргаан үргэлжлээд энэ нь намын хэрүүл мэтээр нийгэмд ойлгогдоод байна. Хувь хүмүүсийн хоорондын зөрчил Ардчилсан намыг тамирдуулж байгаа нь үнэн.
Магадгүй энэ зөрчил 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар оргилдоо хүрэх байх. Тэгэхээр энэ үүсгэн байгуулагчид зөрчлөө зогсоох хэрэгтэй. Эсвэл дараа үеийнхнийгээ шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэй болгох ёстой. Шулуухан хэлэхэд Ардчилсан нам үүсгэн байгуулагчдаасаа салах цаг болсон
.
-Нам энэ хэрүүлээсээ салахын тулд юу хийх ёстой юм бэ?
-Ардчилсан нам шинэчлэгдэх хамгийн эхний алхам нь намын шинэ дүрэм. Хамгийн чухал зүйл нь намын даргын сунгаан байсан. Намын даргын сунгаан явахаа больчихлоор Ардчилсан намд фракцын улс төр эргэж ирнэ. Фракцгүй улс төр гэж дэлхийд байхгүй. Гэхдээ фракцын улс төр намын даргыг хэн байх, нам ямар үзэл сурталтай, ямар байр суурьтай байхыг шийддэггүй юм. Манайд гэтэл энэ бүхнийг нь шийдээд байгаад гол учир байна. Намын даргын сунгааг болиод заалнаас сонголт явуулахаар  хэн олон хүнтэй фракц нь ялна шүү дээ. Ахиад л гишүүд нь оролцдоггүй, хэдхэн хүн шийддэг улс төрийн соёл руугаа орж байна.
-УИХ-ын сонгуулийн дараа намын даргын сунгаанаа явуулна гээд хүмүүсээ бүртгэчихсэн. Гэтэл яагаад сунгаанаа явуулахаа болих гээд байна вэ?
-Намын даргын сунгааныг одоогийн Ерөнхийлөгч эсэргүүцээд байгаа юм. Яагаад гэвэл намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа бол нам дотроо сунгаанд оролцох ёстой. Одоогийн Ерөнхийлөгчийг сонгуульд шууд нэр дэвшүүлнэ гэсэн дүрэм байхгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч нам дотроо сунгаанд оролцоод дараагийн сонгуульд оролцох эрхээ авна. Х.Баттулга нам дотроо өрсөлдөхөөр дахиад гарах эсэх нь эргэлзээтэй.
Одоо намын удирдлагын түр орлон гүйцэтгэгчид ихэвчлэн Ерөнхийлөгчийн фракцын хүмүүс учраас асуудлыг хүчээр шийдэх гээд байна. Энэ нь орон нутгийн сонгуулийн үеэр ч харагдлаа шүү дээ. Аливаа зүйлийг хэлэлцэхгүй хүчээр шийдэхээр доор нь байгаа хүмүүс ажиллахаа больчихдог. Үүний үр дүнд МАН л хожиж байна. Энэ чигээрээ явбал 2021 оны сонгуульд Х.Баттулга Ерөнхийлөгч ялагдана. Намын тал хувь нь ажиллахгүй.
Ийм зүйл манай намд өмнө нь болж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Р.Гончигдорж, М.Энхсайхан нар өрсөлдөөд М.Энхсайхан ялж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Гэтэл “Алтан гадас” фракцынхан сонгуульд нь ажиллаагүй. 2021 онд энэ түүх давтагдаж магадгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга бусад гишүүдээ оролцуулахгүй заалны хурлаар бүх асуудлыг шийдэж, өөрийн хүмүүсээ намын даргаар томилчихвол 2021 оны сонгуульд Ардчилсан нам ялагдана.
-Фракцууд нэгдэх хэрэгтэй юм уу?
-Тийм. Ингэхдээ бүх фракцын оролцоог хангах хэрэгтэй. Тэр дундаа шинэ үеийн оролцоог нэмэгдүүлэх ажил дутаад байна. Намын даргын сунгаан болохгүй гэдэг нь одоо эрх барьж байгаа хүмүүсийн дүрмээр явна гэсэн үг. Одоо байгаа хүмүүс нь намын дунд шатны дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон. Манай намын дүрмээр орон сонгуульд ялагдсан бол 14 хоногийн дотор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга нар ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл одоо энэ хүмүүс нь  огцооргүй.
Ингээд арваннэгдүгээр сарын 16-нд болох Их хурлаар өөрийн хүмүүсээр ирцээ бүрдүүлэх тактик хэрэглэж байгаа. Манай нам ямар ч дүрэмгүй болчихоод байгаа л гол зовлон байна. Дүрэм шинэчлэх гэж байгаа юм чинь дүрэмгүй явцгаая гээд л аргацаасан байдалтай байна.
-Тэгэхээр одоогийн удирдлагуудаас өөр сөрөг хүч Ардчилсан намд байхгүй болчихсон юм уу?
-Залуус дуугарна. Гэтэл энэ залуусаа “Энэ чинь Элбэгдоржийнх, Алтанхуягийнх” гээд нэг хүнд хаяглуулчихдаг. Ингээд л бусад нь нөгөөх залуугаа хэн нэгний гар, хөл гэсэн ойлголттой болж хэлж байгаа үг нь хүчгүй болчихдог. 2016-2020 он хүртэл манай нам Засгийн эрх бариагүй. Жирийн гишүүд нь гудамжинд байсан. 2024 он хүртэл ийм байдалтай байхаар болчихлоо. Цаашид ийм байдалтай яваад байвал найман жилийн дараа гэхэд Ардчилсан намд гишүүнгүй болно.
Сая орон нутгийн сонгуулиар манай нам нийслэлд ялагдсан ч найман аймагт  ялалт байгуулсан. Гэхдээ хүмүүс манай намыг УИХ-ын сонгуулиас сайжирч, нэгдэж нийлсэн гэж саналаа өгөөгүй. Намын үзэл санааг дэмждэг, ардчилалд хайртайдаа хүмүүс санал өгсөн юм. Хоёрдугаарт, статистик баримтаас харвал МАН-ын зөрчилтэй хэсэг дээр ялалт байгуулсан байгаа. Архангай, Хөвсгөл, Увс зэрэг аймагт эрх баригч намын гишүүд хоорондын таарамжгүй харилцаанаас л манай нам гарч ирсэн. Харин өөрийнхөөрөө, сайн суурьтай ажилласан ганц аймаг нь Сүхбаатар. Бусад хэсэг нь Ардын намын зодоон дундаас л олонх болж сонгогдлоо.
Ер нь сонгуулийн түүхийг харахад МАН-ын хуваагдал Ардчилсан намыг ялалтад хүргэх гол шалтгаан болдог. Тэрнээс биш манай нам мундаг чадалтай ялалт байгуулчихсан юм байхгүй шүү дээ. 2012 онд МАН хуваагдаж, МАХН-ыг байгуулаад л Ардчилсан нам ялсан.
-Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд Ардчилсан намын хуучин гишүүд намдаа буцаад элсэх талаар яригдаж эхэллээ.  Үүнийг залуу гишүүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Хуучин гишүүд орж ирэх хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гишүүнчлэлийн эрхээ сэргээнэ гэж байна. Н.Алтанхуяг гишүүн ч гэсэн орж ирэх хэрэгтэй. Тэд ширээ тойрч суугаад ярилцаад, ойлголцолд хүрэх шаардлагатай байна. Арчилсан намд үзэл санааны зөрчил бус, хувь хүний хоорондын зөрчил явагдаад байгаад гол учир бий.
-Намын сунгаан зогсчихлоо. Цаашид залуу гишүүдэд ямар боломж байна?
-Улс төрд явж байгаа хүн эцсээ хүртэл явах хэрэгтэй. Миний бодлоор УИХ дахь бүлгийн оролцоо хэрэгтэй байна. Одоогийн гишүүд хүссэн, хүсээгүй лидерүүд болчихлоо. Энэ хүмүүст сул талууд байгаа ч үүнийг нь дэмжиж ажиллах, нягтрах боломж байна гэж харсан.
-Арваннэгдүгээр сарын 16-нд болох Их хурлаар намын дүрэмд ямар өөрчлөлтүүд орох бол. Таны зүгээс дүрмээ яаж боловсруулаасай гэсэн бодолтой байна вэ?
-Цаашид намын гишүүдээ үйл ажиллагаанд бүрэн оролцуулдаг бүтцээ дүрмэндээ хэвээр хадгалж үлдмээр байна. Заалнаас шийддэг, хэдэн фракцын толгойлогч нарын ярилцдаг. Таван хүний улс төр рүү явуулмааргүй байна. Намын даргын сунгаан хийхгүй, Их хурлаар намын даргаа сонгоно гэж байгаа бол нам хамтын шийдвэр гаргадаг баймаар байна. Намын дүрэмд юу тусгах вэ гэхээр намын дарга хувийн үзэл бодлоо илэрхийлдэггүй, намын шийдвэрийг илэрхийлдэг тогтолцоо руу оруулмаар байна.
Өмнө нь намын дарга хувийн үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ нь нийтэд намын үзэл мэтээр ойлгогдог байдал явдаг байсан. Уг нь бол дэлхийн улс орнуудад нам хамтын шийдвэр гаргадаг, үүнийг нь намын дарга илэрхийлэх үүрэгтэй. Үүнийг дүрмэндээ сайн суулгаж, Үндэсний бодлогын хороо хянадаг тогтолцоо руу явмаар байна. Цаашид Үндэсний бодлогын хороо чадвартай, эндээс гаргасан шийдвэрээ намын төлөөлж ярьдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.ergelt.mn

Холбоотой мэдээ

О.Чулуунбилэг: Ардчилсан нам үүсгэн байгуулагчдаасаа салах цаг болсон

Ардчилсан намын гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа. -Энэ сарын 16-нд танай нам

2020-11-09

С.Доржсүрэн: Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон чинь багтдаг

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Сандуйжавын Доржсүрэн гуай өдгөө 82 насыг зооглож байгаа буурай.

2020-09-21

Ч.Нямдаваа: Иргэд самрыг кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой

Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг

2020-09-09