Б.Эрхсаран: ЗЭМТ жилдээ 4000 гаруй бэлгийн цөөнх эрчүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг

2020-12-01 0

Жил бүрийн арванхоёрдугаар сарын нэгэн. Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Бид энэ өдрийг тохиолдуулан ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэй Үндэсний болон Азийн 8 оронд хэрэгжүүлж буй иөслийн үндсэн хүлээн авагч ЭМЯ болон Австралийн ДОХ-ын байгууллагуудын холбооны салбар хүлээн авагч байгууллага болох “Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж ажилтантай ярилцлаа. “Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын хяналт, үнэлгээний ажилтан Б.Эрхсарантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-“ЗЭМТ” ЖИЛДЭЭ 4000 ГАРУЙ БЭЛГИЙН ЦӨӨНХ ЭРЧҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ-

-Бид хоёр бараг л жилийн өмнө ярилцахаар тохирсон ч цар тахлын нөхцөл байдал уулзалтыг хойшлуулсаар өдийг хүрлээ. Та бүхний ажлаас яриагаа эхэлье?

-Өө, тэгээд өнөөдөр ч гэсэн ялгаагүй цар тахлын нөхцөл байдал улам л хүндэрч байна. Бүх нийтийн бэлэн байдлын энэ үед манай байгууллага нэг хоёроороо ээлжлэх журмаар ажлаа явуулж байна. Миний хувьд 2012 онд анх “Залуус эрүүл мэнд төв”-д хүрч очих ажилтанаар ажлын гараагаа эхэлж байсан. 8-н жил залуучуудын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Одоо бол хяналт шинжилгээ үнэлгээний ажил хийдэг.

-Хэдэн настай энэ байгууллагад анх орж ирж байв?

-Насаа бодуулмааргүй байнаа. /инээв/

-За ойлголоо. Ажлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

– Манай байгууллага нь бэлгийн цөөнх хүмүүсийг ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, оношилж зуучилж, дэмжлэг үзүүлэх, нийгмийн ялгаварлан гадуурхалтыг бууруулж, ХДХВ-ийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад чиглэн ажилладаг. Тодруулбал, ХДХВ/ДОХ-ын эрсдэлт бүлгийн хүн ам болох бэлгийн цөөнх эрэгтэйчүүдэд бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл шинжилгээнд зуучлах, өвчлөл илэрсэн тохиолдолд эмчилгээ үйлчилгээнд хамруулах, цаашлаад нийгмийн харилцаанд оролцоход туслах зэрэг олон талт цогц үйл ажиллагаа явуулдаг.

-Энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлээд явуулахад давуу болон дутагдалтай тал нь юу байдаг вэ?

-Сайн талаас нь эхлээд харья. Энэ аюулт өвчнөөс асар олон хүнийг хамгаалаад,  хэрэгтэй мэдээлэл өгч эрсдэлт зан үйлээс сэргийлж байгаа нь давуу тал. Бараг амжилт гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр дутагдалтай гэхээсээ илүүтэй эрсдэлтэй нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн юмшиг харагддаг  ч  ялгаварлан гадуурхалт байсаар л байна. Хэдий хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөөд нийгмийн харилцаанд орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг хүсч байгаа ч массаас ирэх тэр хандлага нуугдмал айдастай байдалд оруулж байгаа нь бидний ажилд их саад болдог.

-Тэгэхээр энэ саадыг давахын тулд танайхаас хариу ямар арга хэмжээ авдаг вэ?  

-Нөлөөллийн ажлууд тогтмол хийдэг. Нийт хүн амд чиглэсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт сурталчилгаа, нийгмийн ажилтан болон анагаахын оюутнууд, хэвлэл мэдээлэл, цагдаагийн байгууллагуудад зөв мэдээ мэдээллийг өгөх тал дээр түлхүү ажилладаг.

-Үр дүн?

– Жил жилдээ ажлаа дүгнээд харахад нөхцөл байдал дээрдээд л байгаа, уг нь. Манайх жилдээ 4000 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. ХДХВ/ДОХ-ын илрүүлэлт бол жил бүр харилцан адилгүй л байна.

-Хүмүүст яг юуг ойлгуулмаар санагддаг вэ?

– Би нэг л үг хэлдэг. Ийм хүмүүсийг битгий ялгаварлан гадуурхаач ээ. Энэ бол яг л солгой гартай хүнтэй адилхан. Бид нар солгой хүнийг асуугаад шалаад гайхаад үзэн ядаад байдаггүй биз дээ.  Төрөлхийн л зүйл учраас нийгмээрээ үүнийг онцлон авч үзэж бүү ялгаварлан гадуурхаач, тэр хүмүүс та нарт гай болоогүй зүгээр л өнгөрөөчих.

-Олдмол ондооших гэж ярьдаг шүү дээ. Гэтэл та солгой  гартай адилтгалаа?

-Хүн болгон ингэж асуудаг. Олдмол гэж байдаг уу? Байдаггүй юм. Хүн өөрийн энэ байдлаа хүлээн зөвшөөрөх, сэтгэл зүйгээ бэлдэхэд асар их хугацаа ордог. Зарим нь 35 настайдаа өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч бүрэн илэрхийлээд эхлэхээр олдмол гэж  хардаг.  Гэвч уучлаарай, хэн ч зүгээр хүсээд ийм болчихдоггүй юм шүү. Зүгээр эрчүүд олноороо байгаа эсрэг хүйсийн хүн байхгүй газар бэлгийн дур хүслээ хангахын тулд ижил хүйстэй хүнтэйгээ харилцаанд ордог. Энэ нь хэсэгхэн хугацааны асуудал бөгөөд үүнийг бэлгийн чиг хандлага бус зан үйл гэж нэрлэдэг.

-ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРЫГ АМНЫ САЛСТААС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР ТЕСТ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛНЭ-

-“Залуус эрүүл мэнд төв”  Монголдоо ХДХВ/ДОХ-ын халдварыг амны салстаас оношилдог оношлуур үйлчилгээндээ нэвтрүүлэх гэж байгаа. Энэ талаар тодорхой товч мэдээлэл өгөөч?

– Манайх үйл ажиллагаандаа хоёр шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн цаг хугацаанаас хойшилж байна. Нэгдүгээрт, ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээг өөртөө хийх Oraquick тестийг Монголд нэвтрүүлж байна. Хувь хүн тест оношлуурыг аваад зааврын дагуу ашиглаж амныхаа салстаас шинжилгээгээ авч улмаар хариугаа авах боломжтой. Тухайн хүн эмнэлэгт очихоос санаа нь зовдог бол энэ их тохиромжтой. Мөн зорилтот хүн амад зориулж Prep эмийг туршилтын байдлаар оруулж ирэх гэж байна. ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлдэг эм байгаа.

-Танай байгууллагын онцлог юу вэ? Зорилтот бүлгийн хүмүүс ажилладаг. Энэ ямар учиртай вэ?

– Ер нь бол хэн ч ажиллаж болно. Хамгийн гол нь хүрч очих ажилтнууд маань өөрсдөө энэ бүлгийн хүн байвал хүрч очих үйлчилгээ илүү  дөхөм байдаг учраас зорилтот бүлгийн хүн амаас сонгодог. Бусад хэсэгт бол хэн ч орж болно. Яг одоогийн байдлаар манай ажилтнуудын 60-65  хувь нь зорилтот бүлгийн хүмүүс байна. Манайх хэвтээ  удирдлагатай..

-Өнөөдөр дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Энэ өдөр танай байгууллагын хувьд бас онцгой өдөр байх..?

Манай байгууллага жил бүрийн энэ өдөр нийт хүн амруу чиглэсэн болон зорилтот олон нийтрүү чиглэсэн үйл ажиллагаа явлуудаг. Өнгөрсөн жилийн хувьд Монголд ХДХВ, ДОХ-ын түүхэн зэмналыг харуулсан “будаггүй түүх” нэртэй үзэсгэлэнг Монголд анх удаа гаргасан. Энэ жилийн хувьд ЭМЯ, ХӨСҮТ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, АШУҮИС зэрэгтэй хамтран 4-н үйл ажиллагаа хийхийн зэрэгцээ нийт хүн амруу чиглэсэн болон зорилтот бүлгийн хүн амруу ажлуудыг төлөвлөсөн байсан. Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр мэдээ мэдээллийг хүргэх зарим нэг үйл ажиллагааг хойшлуулах зэрэгт хүрч байна.

– Бэлгийн цөөнх хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар бид түлхүү ярилцаж байна. Үүнээс өөр тулгамдсан асуудал гэвэл?

– Хүний эрхийн зөрчлийн асуудал тулгамдаж байна.  Эрүүгийн хуулийн 14.1-т Хүнийг үндэс угсаа, хэл_ арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй хэмээн зааж өгсөн байдаг. Харин хуулиа мэдэх таниулах, хэрэглээ болгох нь дутагдалтай.

-БМ СОЁЛ СУДЛААЧ БАГШ, УРЛАГ СУДЛАЛЫН МАГИСТР, ЖҮЖИГЧИН МЭРГЭЖИЛТЭЙ-

-Сараа гэж хэн бэ?

-Намайг Эрхсаран гэдэг. Нэрийг маань эмээ өгсөн. Хүмүүстэй  танилцахаар Сэрчмаагийн “Эрх саран” дуутай холбоотой нэр үү гэдэг. Би тэр дуунаас хамаагүй өмнө төрсөн. За тэгээд   урлагийн  гурван мэргэжлээр төгссөн ч энд сайн дурын ажилтнаар ороод, ажилдаа  илүү дурлаж гүнзгийрээд энэ салбарт орсон хүн. Гэр бүлийнхээ хүнтэй хамт амьдардаг.

-Урлагийн гурван мэргэжил эзэмшчихээд гээд гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгардаг уу?

-Энэ салбар руу орсон нь аав ээжийн минь хүсэлтэй холбоотой байж магадгүй. Аав, ээж хоёр намайг анагаахад оруулна гээд химийн сонгонд явуулдаг байсан. Тэгсэн ч би сонирхолгүй учраас урлагийн сургуульд ороод төгсөөд дахиж үргэлжлүүлж сураад явж байхдаа яагаад ч юм аав ээжийнхээ хүслийг биелүүлсэн ч гэх үү хальтраад л орчихсон. Манай гэр бүл намайг үргэлж дэмждэг хүсэл сонирхлыг ойлгодог болохоор ямар нэг асуудал үүсээгүй. Манай ээж цэцэрлгийн тогооч,  аав маань цэргийн хүн. Гэр бүлийн хүн маань эрүүл мэндийн сэтгэлзүйн салбарт ажилладаг.

-Сараагийн хүүхэд насыг эргээд дурсахад..?

-Миний хүүхэд нас эмээтэйгээ өнгөрөн. Аав цэргийн хүн болохоор гэртээ бараг л байхгүй, ээж цэцэрлэгийн тогооч өглөө эрт гараад бүр орой ирнэ. Болохгүй бүтэхгүй бүх юм надаас гардаг сахилгагүй хүүхэд байсан. Аав, ээж, эмээ  гурав минь сургууль дээр мөн ч их дуудагдсан даа. Ёстой үзэж тардаг хүүхэд байлаа.

-Эмээ дээрээ өссөн хүүхэд сайн хүн бол төлөвшдөг гэдэг. Эмээгээсээ авсан хамгийн үнэт зүйл нь юу вэ?

-Эмээ маань бурхан болоод  удаж байна. Би юунд ч илүү шунадаггүй. Яг одоо  байгаадаа сэтгэл хангалуун  явдаг. Шинэ гарсан утас авах гээд л зээл тавин барин зүтгэхгүй ч гэдэг юм уу. Энэ бүхэн эмээгийн хүмүүжил байх аа. Эмээ маань хаана ч байсан цэвэрхэн байгаад сурчих, байгаа хувцсаа цэвэрхэн арчлаад өмсчих, байгаа материалаараа амттай хоол хийж идээд сурчих илүү зүйлд шунах чамд сэтгэлийн зовлон л нэмнэ гэж их ярьдаг хүн байсан

-Эмээтэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамж?

-Эмээ намайг байнга дагуулж явдаг байсан. Гэтэл нэг өдөр том хүүгийндээ очиж хонох гээд явахдаа намайг орхиод явчихсан. Тэгээд би араас нь автобусанд сууж төөрөөд хоёр өдөр цагдаагийн газар хонож бил ээ. Тухайн үед ээжийнхээ утасны дугаарыг байтугай гэрийнхээ хаягийг ч хэлж мэдэхгүй жоохон байсан. Гэрийнхэн маань яааж ч намайг олсын. Одоо санахнээ 3,4-р хорооллын цагдаагийн хэлтэс дээр байснаа санадгийн.  Тэр цагаас хойш эмээ намайг өөрөөсөө огт салгаагүй.

-Сараагийн мөрөөдөл юу байв?

-Дуучин болох. 6 настайдаа Ариунаагийн “Утасны дугаар” гээд том хүний үгтэй дууг дуулдаг байлаа. Гэрт ирсэн хүн болгонд шалны модоо тэвэрж дуулаад л хэдэн төгрөг авчихдаг байлаа. Эрт халтуур хийсэн хүн байгаан шүү. /Инээв/ Тэр мөрөөдөл тэгээд талын мөрөөдөл болсон доо.

– Нээрээ урлагийн гурван мэргэжил эзэмшсэн гэсэн. Тэр тухайгаа яриач? Мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Би соёл судлаач багш, урлаг судлалын магистр, жүжигчин мэргэжилтэй. Ажлын тухайд маш олон ажил хийсэн. Анх төгсөөд бүжгийн сургуульд багш, тэгээд бааранд зөөгчөөс эхлээд зохион байгуулагч, улмаар ХААИС-д цагийн багш, ЕБС-д нийгмийн ажилтан, яаманд мэргэжилтэн хүртэл хийж үзлээ. Хамгийн тогтвор суурьшилтай ажилласан нь энэ байгууллага маань. Ямар ч ажил эрхлэхэд байгууллага хамт олны уур амьсгал гэдэг юу юунаас чухал зүйл байдаг. Тэр утгаараа би энэ хамт олонд таалагдсан учраас эндээ удаж байна.

-Би танаас онож асуугаагүй,  харин та бусдад хүргэмээр хэлмээр зүйл байж магадгүй?

-Хүн хүнээрээ байх шиг, байгаадаа сэтгэл хангалуун байх шиг сайхан юм үгүй. Шунал хүсэл тачаал бүхнээ огоороод тайван амьдрах сайхан. Хүн бүрт асуудал бэрхшээл байдаг ч боломж гарц заавал байдаг. Орохыг хүссэн хаалгаа нэг удаа тогшоод үз, хоёр дахь удаагаа тогшоод үз онгойхгүй байж болно. Гэвч хэзээ нэгэн цагт заавал онгойдог гэдэгт би итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25