Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр ирэх сард ашиглалтад орно

2020-08-17 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1,356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35%-аар өссөн дүнтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн явц, хэмжээ, түлшний нөөцийн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө.

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тонн сайжруулсан түлшийг тус тус нөөцлөөд байна. ЧД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1,000 тонн багтаамжтай таван агуулах барьж ашиглалтанд оруулжээ. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж буй. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна.

Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах 5 хорооны 17,187 айл өрх болон түр оршин суугаа айл өрхүүдэд үлдсэн угаар мэдрэгч төхөөрөмжийг хуваарийн дагуу тараахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар 2020 оны наймдугаар сарын 15-наас 2020 оны есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах”  нэг сарын аян зарлаж, хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага нарт үүрэг болгосон юм.

Нэг сарын аянаар Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах гэр, байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг хангуулах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, засвар үйлчилгээ хийх, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулж ажиллахаар болжээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аянг дүүрэг бүрт хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалт

2020-09-25

НМХГ: 27 барилга байгууламжийг буулгах шаардлагатай гэж үзлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудад 208 сая гаруй төгрөгийн торгууль ногдуу

2020-09-25

Өргөөгийн замыг 10 хоног хаана

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс

2020-09-21