Монголчууд эх орондоо лизингээр аялах үйлчилгээ бий болно

2020-06-04 0

Дотоодын эдийн засагт 607 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг аялал жуулчлалын салбар цар тахалтай холбоотойгоор зогсонги байдалд ороод байгаа. Тиймээс энэ салбар дотоодын аялагчдыг тойглохоос өөр аргагүй болов.

Дотоодын аялал жуулчлалын салбарт энэ жил хэрэгжүүлэх шинэ бодлого, үйлчилгээний талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Олон улсын аялал жуулчлал ойрын хугацаанд сэргэх үгүй нь тодорхойгүй байна. Тиймээс дотооддоо аялагчдыг татах нь чухал. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ. Мөн шинээр нэвтрүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Covid-19 вирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч үүнээс үүдэлтэйгээр нөхцөл байдал дэлхий дахинаа эрс хүндэрч, эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт туйлын хүнд тусч байна.

Дээрх хүчин зүйлтэй холбоотойгоор, Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, үйлчилгээний бусад байгууллагуудын үйл ажиллагаа доголдож “0” зогсолтод ороод байгааг бүгд харж байна. Мөн цаашид хэрхэх нь тодорхойгүй, хэзээ хэвийн байдалд орж сэргэхийг таахын аргагүй байна. Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа ажил олгогчид үүсээд байгаа гамшгийг хохирол багатай даван туулахын тулд дотоодын аяллыг хөгжүүлэх, дотоодын аялагчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, аялагчдад лизингээр аялах хүртэл үйлчилгээг үзүүлэхээр дор бүрнээ хичээн ажиллаж байна.

-Гэр бүлээрээ аялахаас гадна ажлынхантайгаа, найзуудтайгаа аялалд явах нь бий. Аялал жуулчлалын компаниуд нь төлбөрийг лизингээр төлөх боломж бүрдүүлж байгаа гэж та дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд ихэнхдээ гэр бүл найз нөхдөөрөө аялдаг. Сүүлийн үед дотоодын аялагчдын дунд хийсэн судалгаанаас харахад 96 хувь нь хувиараа, үлдсэн дөрвөн хувь нь аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага, аяллын клубээр аялахаар гарсан байна. Энэ нь Монголчуудын хувьд мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагаар дотооддоо үйлчлүүлэх соёл хэвшээгүй байгааг харуулж байна Нөгөө талаас яагаад, ямар зорилгоор эдгээр үйлчилгээг авах нь тодорхойгүй,  зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл цөөхөн байгаатай холбоотой байж болох юм. Магадгүй бид аялал жуулчлал гэхээр зөвхөн гадаадаас оруулж ирэхэд илүү анхаараад дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлээгүй орхисонтой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Аялал жуулчлалын компаниуд нь төлбөрийг лизингээр төлөх боломж бүрдүүлж байгаа ч энэ нь хир хүртээмжтэй мөн үр дүнтэй байхыг сайн хэлж мэдэхгүй байна. Харин гадаад орон руу монголчуудаа аялуулах аяллын лизингийн үйлчилгээ нэвтрээд нэлээд удаж байна. Энэ үйлчилгээг үзүүлдэг манай компаниуд байдаг. Энэ талаарх мэдээллийг https://joinme.mn/ харж болно.

-Дотоодын иргэд нь аялал жуулчлалын газрыг сонгон үйлчлүүлдэггүйн шалтгаан нь жуулчны газруудын үнэ харьцангуй өндөр байдагтай холбоотой байх. Тиймээс дотоодын аялагчдад зориулан үнийг уян хатан байлгах боломж бий юу?  

-Энэ салбарт үнийн уян хатан байдлыг баримтлан ажиллах чиглэл өгсний дагуу зарим аймгуудын жуулчны баазууд үнээ 40 хүртэлх хувиар бууруулаад байгаа. Иймд ашигтай ажиллана гэсэн ойлголт энэ жилийн хувьд байхгүй.

-Урьд нь дотоодын аялал жуулчлал нь энэ салбарын хэдэн хувийг эзэлдэг байсан бэ. Нөхцөл байдалтай уялдсан бодлого хэрэгжүүлснээр өмнөх аялагчдын тоог хадгалж үлдэж чадах уу?

-Үндэсний статистикийн хорооны мэдээлсний дагуу 2018 онд гадаад улс руу жуулчлах зорилгоор 131 мянга 500 монголчууд зорчжээ. Эдгээр хүмүүс энэ жил гадагш аялах боломж хязгаарлагдмал байгаа тул дотооддоо аялах болов уу гэсэн таамаг байна. Дээр хэлсэнчлэн монголчуудын хувьд мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагаар дотооддоо үйлчлүүлэх соёл хэвшээгүй, сураагүй гэх юм уу даа. Аялал жуулчлалын байгууллагууд тэр дундаа тур оператор комданиуд энэ жил буюу 2020 онд дотоодын аялал жуулчлалаас орлого олох боломж маш хомс, бараг л байхгүй гэж хэлэхэд болно.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жирийн амралт сувиллын газруудын ачаалал нэмэгдэж орлого өсөх магадлалтай ч жуулчны баазуудын хувьд энэ нь мөн баталгаатай орлогын эх үүсвэр болно гэхэд хэцүү. Энэ жилийн хувьд Covid-19 ийн нөхцөлөөс үүдэн жуулчны баазууд ердийн хүчин чадлынхаа 30 хүртэлх хувиар үйлчлүүлэгчдийг хүлээн авах зөвлөмж гарсан.

Энэ салбарт нь 1300 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Жуулчны бааз, тур, оператор компаниуд зэрэг шууд байдлаар 40-50 мянган ажлын байр бий болдог. Үүнээс гадна улирлын чанартай 118 мянган ажлын байр идэвхждэг салбар.

-Жуулчны баазууд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг журмын дагуу явуулж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ?

-Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай тогтоол гарсан. Гэхдээ өмнөх байдлаар ажиллахгүй. Халдваргүйжүүлэлт, ариутгал, аюулгүй байдлын горим, дүрмүүдийг баримтлах юм. БОАЖЯ-аас жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудад хүргүүлсэн. Тэгэхээр энэхүү горимыг дагаж, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна.

Холбоотой мэдээ

Б.Отгонсүх: Нийслэлд ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын ор

2020-08-05

Н.Удаанжаргал: Төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна

Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах и

2020-08-03

Д.Мөрөн: Манайхан гадаадын иргэдийг мөнгөтэй гэж хууртаж, мөнгөө алдах, залилуулах хэрэг олон гарч байна

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа. -Коронавирус дэлхий нийтээр тархсан э

2020-06-09