Д.Нямхүү: Бид оношилж чадах ч эмчлэхэд төвөгтэй учраас тэмцэх, хичээх хэрэгтэй

2020-02-27 0

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.

СУДЛААЧИД ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ИРЛЭЭ ГЭДГИЙГ НОТОЛГООТОЙ ЯРЬЖ БАЙНА 

ЭМЯ-ны  Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн өмнө бид мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 5 тив, 42 орныг хамарч шинэ төрлийн коронавирус тархаад байна. БНСУ, Итали, Иран зэрэг оронд халдвар эрчтэй тархсаар байгаа. Ялангуяа БНСУ-ын Дэгү хотод өвчин голомтлон гарсаар байна.  Энэ өвчнийг бид бүгдээрээ хамтран сэргийлж байж л давж гарна. ДЭМБ-аас дэлхийг хамарсан цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж мэдэгдсэн. Олон эрдэмтэн судлаачид цар тахлын өмнөх үед хүрлээ гэдгийг тодорхой нотолгоотой ярьж байна. Тиймээс иргэд амны хаалтаа зөв хэрэглэж сурах хэрэгтэй.

COVID 19 ДЭЛХИЙН 42 УЛСАД ТАРХААД БАЙНА

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 27-ны 09.00 цагийн байдлаар БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 78497 хүн өвчлөөд байна.  Өчигдөр Хятадаас гадуур гарсан шинэ тохиолдлын тоо Хятад гарсан шинэ тохиолдлын тооноос давж гарсан байна.  Өчигдөр Хятадад 52, өнөөдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 28-аас хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байгаа. 29 нас баралтын 26 нь Хубэй мужид, үлдсэн гурав нь Бээжин зэрэг газруудад бүртгэгдлээ.  БНХАУ-аас гадна, Бразил, Грек, Румын, Пакистан зэрэг улсад шинээр халдвар бүртгэгдсэн. Нийтдээ дэлхийн 42 улсад энэ өвчин гараад байна. Covid-19 өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад эрчимжиж эхэллээ. Италид тохиолдлын тоо 400-д хүрч, 12 хүн нас барсан.  Өмнөд Солонгост өчигдөр 334 тохиолдлоор нэмэгдэж, 1595 тохиолдол болж, 13 хүн нас барсан байна. Өмнөд Солонгост нэгдүгээр сарын 20-ны өдөр анх батлагдсан тохиолдол мэдээлэгдсэнээс хойш энэ хамгийн өндөр тоо болж байгаа. Шинэ тохиолдлын 307 нь Дэгү хотод бүртгэгдсэн. Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. ДЭМБ, Европын өвчин судлалын төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авахаар өчигдөр Ром хотод очсон байна.  Иранд 139 тохиолдол бүртгэгдэж,  дор хаяж 19 хүн нас барсан. Ираны Ерөнхийлөгч шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ямар нэгэн хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаа талаараа мэдэгдсэн” гэж мэдээллээ.

ХАЛДВАР АВАХГҮЙГЭЭР ӨНГӨРӨХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙГААГ САНУУЛЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өчигдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болж, тодорхой шийдвэрүүд гарсан. Нэмэлтээр яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халваргүйжүүлэх бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.  Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гадаад орнуудаас авчрахад учирч байгаа болон учирч болох аливаа саад бэрхшээлийг арилгаж, яаралтай оруулж ирэх шийдвэрийг гаргасан.  Түүнээс гадна, аймгуудын Засаг дарга нарт тусгаарлах байрыг бий болгох, боомтоор орж ирж байгаа иргэдийг тусгаарлаж, хяналт тавихыг үүрэг болгосон. Солонгос, Япон, Итали зэрэг орноос буцаж эх орондоо ирж байгаа улсын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлээд 14 хоног тусгаарлан, ажиглалтад авах шийдвэр гарсан. Одоогоор Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантын сувилалд 17, “Асрал Мед” эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Мөн  Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор аймагт тодорхой тооны иргэдийг тусгаарлаж, ажиглалтад байлгаж байгаа. Өнөөдөр бас гадаадаас онгоц ирж байна. Турк, Тайландын нислэгүүд орж ирж байгаа. Энэ нислэгээр ирж байгаа, голомтод байсан, тусгаарлах шаардлагатай иргэдийг ажиглалтад оруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эмнэлэг, өрөөг бэлэн болгосон.  Сөүлээс Эрхүү рүү дамжиж ниссэн иргэдийн мэдээлэл ирсэн. Тиймээс Алтанбулагт болон Сэлэнгэ аймагт тусгаарлах өрөөнүүдийг бэлтгэж, бэлэн байдалд ажиллаж байна. Төр засгаас маш олон арга хэмжээг авч байгаа.  ДЭМБ-ын дарга халдвар авахгүйгээр өнгөрөх боломж маш ихээр хумигдаж байна. Тиймээс иргэд нь төр засагтайгаа маш сайн хамтарч ажиллаж, сэргийлэхгүй л бол хожимдоно шүү.  Эрүүл мэндийн байгууллагын болон хуулийн байгууллагын ажилчдыг хэл амаар доромжлох, заналхийлэх үйлдэл гаргавал хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг хэлье.  Вирусийн эсрэг вакцин одоогоор гараагүй байна. АНУ, Солонгосын эрдэмтэд хамтраад вирусийн эсрэг эмчилгээ гаргахаар ажиллаж байгаа. БНХАУ, Израйлийн эрдэмтэд ч бас ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарсан” гэж мэдээллээ.

БИД ОНОШИЛЖ ЧАДНА, ГЭВЧ ЭМЧЛЭХЭД МАШ ТӨВӨГТЭЙ УЧРААС ВИРУСЫГ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ, ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тусгаарлагдсан Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын 1, Орхон, Баян-Өлгий аймгийн тус бүр 1, нийт 5 хүний шинжилгээний хариу гарсан. Корона вирус илрээгүй.  БНСУ руу яваад буцаж ирсэн 51 хүнээс мөн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 6,  “Асралт мед” эмнэлэгт 37, Улаанбаатар хотод гэрт нь 8 хүнийг тусгаарласан байсан. Эдгээр 51 хүний шинжилгээ сөрөг гарлаа.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол 2, Налайх дүүрэг, Орхон аймагт тус бүр 1, нийт 4 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Ерөнхийлөгч, төр засгийнхан цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан.  Төрийн гурван өндөрлөг өөрийн биеэр уриалга гаргаж, дахин дахин уриалснаар сар шинийн өдрүүдээр амар тайван өнгөрлөө.  Гэхдээ сар шинийн баяр дуусаагүй байна. Цаашид ч гэсэн айл хэсэхгүй байж, дэг журмаа барих хэрэгтэй.   Энэ вирус манайд ороод ирлээ гэхэд бид оношлож чадна. Гэвч оношиллоо гэхэд эмчлэхэд маш төвөгтэй.  Тиймээс Монголд энэ вирусийг оруулж ирэхгүй байхын төлөө тэмцэх, хичээх хэрэгтэй байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

С.Энхболд: Коронавирус тусаад эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр  Эрүүл мэндийн сайд С.Энхболд корона

2021-07-26

Нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх ажлууд эхэллээ

Коронавирусний эсрэг халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчний тархалт цаашид гарах

2021-07-22

А.Дашням: 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НО

2021-04-11